Categories
мэдээ нийгэм

Цасанд боогдсон иргэдийг аврахаар ажиллаж байна

ОБЕГ-аас өчигдрийн шуурхай албаны мэдээг нэгтгэн гаргаад байна. Үүнд:

Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Цагаан-Эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашин шатахуун дуусч, Богосын даваанд цасанд боогдсон гэсэн дуудлага өчигдөр 11:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлага авсан даруйдаа тус аймгийн Цэцэг сум дахь “МОН-ЭНКО” ХХК-ийн 10 хүн, 2 автомашин, Мөст сумаас 7 хүн, 2 автомашин, нийт 4 автомашинтайгаар өнөөдөр 06:00 цагаас эхлэн тус газрыг чиглэн ажиллагаагаа эхлүүлсэн байна. Цасанд боогдсон иргэд айлуудын зуслангийн хашаа саравчинд 2 гэр барьж хонож байгаа тухай мэдэгджээ.

Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Жаргалантын-Аманд цасанд боогдсоны улмаас иргэд явж чадахгүй байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 15:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 0123 дугаар ангийн 2 албан хаагч, тус аймгийн Булган суман дахь Онцгой байдлын хэлтсийн 1 албан хаагч, Газ-66 загварын автомашинтай ажиллаж тухайн багийн 36 иргэнийг тээвэрлэн Жаргалантын-Амны Доод, Дээд нарийн гэдэг газарт өчигдөр 12:30 цагт гэр, гэрт нь хүргэж буулгасан байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо 57 дугаар уклоны ашигладаггүй уурхайн аманд 1 иргэн унаж агааргүйдсэн байна гаргаж өгөөч гэсэн дуудлага өчигдөр 09:25 цагт ирж, ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Ажиллагааны дүнд иргэн С /38 настай, эрэгтэй/-г 39 метр гүн, 45 градусын налуу аманд унасан байсныг гарган авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *