Categories
мэдээ нийгэм

Цасанд боогдсон иргэдийг аварчээ

Ус цаг уурын хүрээлэнгээс маргааш цас орж, явган шуурга шуурна гэж мэдээлж байна. Ер нь ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарахыг анхааруулсаар байгаа. Орон нутагт цас ихтэй байгаагаас зарим аймагт зам даваа боогдож, иргэд цасанд суух нь их байгаа аж. Тиймээс ОБЕГ-аас жолооч нарыг замд гарахдаа цаг агаарын талаар мэдээлэлтэй байхыг сануулсаар байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Увс, Төв аймагт иргэд цасанд боогдсон тухай хэд хэдэн дуудлага онцгой байдлын газар ирсэн байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн “Хадаасан” гэдэг газар том, жижиг 10 гаруй автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг энэ сарын 15-ны 22:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 7 автомашин, 90 хүнийг цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй 8 машиныг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэж ирсэн байна.

Мөн Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг “Зостын хөтөл” гэдэг газар микро автобус цасанд боогдсон тухай дуудлага энэ сарын 16-ны өдрийн 11:20 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, жолооч М, Ц /48 настай, эмэгтэй/, Т /53 настай, эрэгтэй/ нарыг цасанд боогдсон байсныг татан гаргажээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Хатуугийн даваа” гэдэг газар “Ланд крузер-100” загварын автомашин цасанд боогдсон тухай дуудлага мөн өдрийн 20:35 цагт иржээ. Дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /37 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, И /1 нас 5 сартай, охин/ нарыг цаснаас татан гаргаж, аймгийн төвд авчирсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *