Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цасаар шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Энэ сарын 24-ний өдөр баруун аймгийн нутгаар, 25-ны өдөр ихэнх нутгаар, 26-ны өдөр зүүн аймгийн нутгаар цас орж, салхи 16-18 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, эрс хүйтрэх аж. Тодруулбал, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 25-28-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;
-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.
Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *