Categories
мэдээ нийгэм

Цас, шаварт суухаас болгоомжлоорой

Иргэн бүр дор бүрнээ анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулжээ.

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малчид малын бэлчээрлэлтэд анхаарах;

-Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах;

-Дулааралттай холбоотойгоор зарим голуудын ус эргээсээ хальж байгаа тул тээврийн хэрэгслийн жолооч гарам, гарц, гүүртэй газраар тээвэрлэлт хийх, цас, ус, шаварт саатахаас болгоомжлох;

-Нойтон цас ахиухан хэмжээгээр орсон тохиолдолд цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд сэрүүсч, ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх болзошгүй. Гол, мөрөнд халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, үзэгдэл нэмэгдэж, голын мөсний зузаан 10-45 см нимгэрч, зузаарлын эрчим буурсаар байна. Иймд малчид, ард иргэдийг малаа хол бэлчээхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхаарууллаа.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар, маргааш зарим газраар, дөрөвдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *