Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэлгэрээд нэлээд удлаа. Нөхцөл байдал амаргүй л байна. Өдийг хүртэл тасралтгүй тэмдэглэж ирсэн, биднийхээр бол зуны хамгийн том баяр болох наадмаа үзэгчгүй тэмдэглэхээр болж байна. Гадаадад гацсан хэдэн монголчуудын асуудал өдөр бүр интернэт орчинд түгэж байна. Дэлхийн энд тэнд хүмүүс олноороо үхэж үрэгдэж байгаа сэтгэл сэртхийм мэдээллүүд, нүд халтирам зургууд явсаар л. Зарим орны төр засгийн тэргүүнүүд ч халдвар авч, илтгэл тавьж, индэрт зогсохдоо бие нь муудаж, энэ хорвоог орхиж байна. Одоогоор эдгээх эм, вакцин гараагүй.
Ажлын байргүй болж байгаа сая сая хүн дэлхийд өдөр ирэх бүр нэмэгдсээр. Энэ бүхнийг зохицуулах гэж улс орнууд чадлынхаа хэрээр хичээж байна. Ажилгүйдэл амьжиргаанд нь шууд нөлөөллөө. Манай улс ч ялгаагүй ээ. Жижиг бизнес эрхлэгчид зээлдээ дарлуулж, дампууран, үгээ барж сууна. Дөнгөн данган дампуурчихгүй яваа нэг хэсэг нь байна. Цаашлаад гадаад, дотоод худалдаа наймаа улам хумигдана. Товчхон хэлэхэд эдийн засаг хямарна. Дэлхийд ковидын үеийн эдийн засаг гэдэг цоо шинэ ойлголт бий боллоо. Яг энэ үед У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаж байна. Өөрийнх нь хэлснээр элгээр нь хэвтсэн эдийн засагтай улс орныг өөрөөсөө хүлээж авсан юм шиг билээ. Энэнээс цаашилбал юу болох вэ.
Гэтэл У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулахдаа дэндүү цамаархлаа гэх үү, тансаглалаа. Засгийн газар байгуулагдахын өмнө Хөгжлийн яам, Эдийн засгийн яам байгуулагдах яриа гарч эхэлсэн. Ерөнхийлөгч ч бас Хөгжлийн яам байгуулах саналаа хүргүүлсэн. Угтаа энэ нь эдийн засгийн нөхцөл хүнд үед хэрэгтэй байсан юм. Хүмүүсийн амьдрал цар тахлаас шалтгаална, иймээс Хөгжлийн яам нь хэрэгтэй гэхээр У.Хүрэлсүх бүлх залгисан юм шиг дуугүй болчихно. Тэрийгээ бас ард түмний нэр барьж тайлбарлаад байгаа юмаа. Ард түмэн бидний тогтвортой бай гэсэн, яам нэмж болохгүй гэсэн, бичиг цаас, яам шилжүүлэх гээд бөөн зардал гээд сэлэмдээд эхэлсэн. Тэгсэн мөртлөө Соёлын яам байгууллаа. Бас нэрийг нь барих дуртай ард түмний өмнөөс энэ яамыг байгуулахгүй бол болохгүй гэх нь холгүй юм ярилаа. Нөгөө хөрөнгө мөнгө үрэхгүй, ард түмэн тогтвортой бай гэлээ гэж хэлээд байсан нь ч хаачив. Соёлын яам байгуулахаар хөрөнгө мөнгө үрэгддэггүй болж таарав уу. Тахлын үед Соёлын яам байгуулж байгаа нь цагаа олоогүй асуудал байлаа. Гэтэл У.Хүрэлсүх Монголын соёл урлагийг өнөөдрийг хүртэл орхигдуулж ирсэн, кино урлаг, музей театрууд алга боллоо гэх юм. Хэн музейн барилга, театрын барилга нураагаад байгаа билээ дээ. Хүчитгэх аргаар сэргээчих боломжтой юман дээр заавал нураана гэж хүч түрээд, иргэдийнхээ үгийг ч сонсолгүй У.Хүрэлсүхийн Засгийн газар л нураасан шүү дээ. Тэгчихээд Төв номын сангийн хуучин суурины бяцхан зайд барилга барихаар болчихоод байгааг юу гэж тайлбарлах юм бол доо. Бас болоогүй ээ, “Улс оронд хамгийн чухал нэг зүйл нь оюун санааны тусгаар тогтнол, оюун санааны аюулгүй байдал байгаа юм. Энэ орхигдсон учраас соёлын яам байгуулж, эх орноороо бахархдаг, үүх түүхээрээ бахархдаг иргэдтэй байя. Соёлын яам мөнхөд байгаасай гэж боддог” гэж Ерөнхий сайд хэллээ. Ирээдүйд яах, яаж хөгжих тухайгаа биш өнгөрснөөрөө бахархаж ханахгүй байгаа улс бол Монгол шүү дээ. Гэтэл нөгөө сүрхий Ерөнхий сайд чинь хөгжил дэвшил, эдийн засгийн асуудлаас илүүтэй соёл урлагийг ингэж л нэн тэргүүнд тавиад эхэллээ.
Хүн орох оронтой, идэх хоолтой, өмсөх хувцастай байж дараа нь соёл ярьдаг. Хоолгүй хүн хоосон хашгираад яах ч билээ дээ. Хоосон хүн тэр соёлыг нь ямар идэх биш. Монголын соёл урлаг, интертайнмэнт ихэдсэн үү гэхээс багадаагүй. Хөгжөөгүй салбар болоод л дэлхийн соёл урлагийн хамаг тэмцээнд шагналт байруудад ороод явах вэ дээ. Орой бүр хэдэн телевиз нь соёл урлагийн шоу тоглолтоор залхааж байхад цар тахлын үед соёл яриад байдаг нь ямар учиртай юм бэ. Майдар хотыг барьж, Хэнтийд хэдэн шавар хөшөө байгуулах гэж л энэ яамыг тусгайлан байгуулаа биз гэж иргэд хардаж эхэлсэн байна лээ. Тийм бол Херо интертайнмэнт л эдийн засгийн хямралд өртөхгүй, байнгын ажилтай байх нь. Эсвэл соёл урлагаар хүмүүжүүлэх нэрээр үзэл сурталд ингэж мөнгө цацаж, дөрвөн жил намаа магтан дуулахаар шийдэв үү. Яахав, таныг Ахмадын золбоо хамтлагт гитар барин энд тэндхийн шоунд дуулж, хуурдаж явахыг бол бишгүй л харж байлаа. Хоббигоосоо болоод ийм яам байгуулаад байна уу ч гэж хардаж байна. Яваандаа энэ бүхэн чинь өөрсдийн чинь нэрийг л хугална. Ард түмэн тэнэг биш. Хараад мэднэ. Нэр хугарахаар яс хугар гэдэг үг байдагсан даа.
Ковидын үеийн Соёлын яам бидний татварын мөнгө болох төсвөөс мөнгө урсгана уу гэхээс өөрөөр өнөөдөртөө хэрэг болох юм алга. Ядаж байхад салбарынхан нь Соёлын сайдаар томилогдсон хүнээ соёлын хулгайч гээд хүлээж авахгүйгээ илэрхийлж, баримт хавсаргасан эсэргүүцлийн бичиг Ерөнхий сайдад илгээчихлээ. Мордохын хазгай гээч нь энэ болов уу.
Соёлын яамных нь эрхлэх асуудалд соёл урлагийг хөгжүүлэх асуудал, түүх соёлын өвийг хамгаалах, сэргийлэх, салбарын үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа багтсан гэхээр бүр ойлгохоо байлаа. Ажлын байр гэж яривал хамгийн их ажлын байр тэдэнд л байгаа шүү. Жаахан дуулдаг хуурддаг авьяас байвал тэгээд л алдар нэр, хөрөнгө мөнгө аандаа цугларч байдаг биз дээ. Шагнал урамшуулал авдгийг нь эс тооцвол төрөөс нэг их хамааралгүй хөгжчихдөг газар. Хөгжлийн, инновацийн яам байгуулах саналыг сонсохыг хүсэхгүй байсан Ерөнхий сайд цар тахлын үед Соёлын яамыг ийнхүү байгууллаа.
Д.ХҮСЛЭН