Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу Цар тахлын хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нд дуусгавар болж буй.
Үүнтэй холбогдуулан тус хуулийг 2021 он дуустал сунгахаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан өргөн барьсан. Эл хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн нь 88.2 хувийн саналаар дэмжлээ. Улмаар УИХ-ын чуулганд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулахаар тогтлоо.
Энэ үеэр зарим гишүүд хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байв. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ хууль дотор сунгачихмаар нэг л зүйл байгаа. Өвчин зовлонтой хүмүүстээ ямар тусламж үзүүлэх вэ, хүний нөөцийг яаж шавхах вэ. Бусад нь чоно борооноор болчихоод байна. Төрийн бүх албанд төрийн албаны шалгалтгүй бүтэн жил хүн томилсон. Дахиад зургаан сар сунгах гэж байна. Дэмжихгүй. Коронавирусээр дамжуулж шалгалтгүй томилгоо хийсэн нь болсон гэж бодож байгаа.
Хоёрдугаарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нэг их наяд төгрөг Засгийн газар зарцуулчихсан. Төлж чадахгүй байгаа. Одоо Эрүүл мэндийн даатгалын сан руу орохыг зөвшөөрч болохгүй. Ийм тохиолдол дэлхийд ганцхан болсон. Гитлерийн үеийн Герман. Түүнээс хойш Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулахыг бүр хориглосон. Монголчууд өөр өвчин тусахгүй юм уу. Бүх хөрөнгөө ковид руу шахах уу. Төр захиран зарцуулах хөрөнгө биш. Иргэд хадгалуулж байгаа мөнгө шүү дээ. Ямар ч өвчин зовлон тохиож болно. Бүгдийг нь ковидод зарцуулна гэдгийг иргэд зөвшөөрч байгаа юм уу. Иргэдээс асуухгүй юм уу. Засгийн газар ийм хуулиас давсан журам гаргаж болох юм уу. Зөвшөөрөхгүй” гэлээ