Categories
мэдээ улс-төр

Цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх санал гаргажээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар бүлгийн гишүүд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн саналаа нэгтгэжээ. УИХ дахь МАН-ын бүлэг ирэх оны төсвийн төслийг тооцоо судалгаа, үндэслэл муутай, цалин тэтгэврийг нэмэхэд зориулж 500 тэрбум төгрөг төсөвлөсөн ч хэдэн хувиар нэмэгдэх нь тодорхойгүй байна гэж дүгнэжээ.

Тус намын бүлгээс ирэх оны төсвөөс 150 тэрбум төгрөгийн зардал буурах санал оруулахаар болсон байна. Ингэхдээ хүүхэд бүрт сар бүр олгодог 20 мянган төгрөгийг 30 мянга болгон зорилтот бүлэгт олгох, цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмжийг нэмэх санал тусгажээ. Харин Засгийн газрын тусгай сангийн зардлыг бууруулж, 135 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Засгийн газрын 15 тусгай санд нийтдээ 2,5 их наяд төвлөрдөг бөгөөд төсөвт зарцуулсан задаргаагаа тайлагнадаггүй байна. Дотоод томилолтын зардлыг 2012 оныхтой дүйцүүлэн барьсанаар найман тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэнэ.

Эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагынхаас бусад төрийн албаны шатахууны зардлыг 20 хувиар бууруулах саналыг тус намын бүлэг гаргажээ. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг хэвээр тусгаад, харин зарцуулалтыг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй гэж үзжээ. Мөн төрийн захиргааны албаны орон тоог 10 хувиар бууруулвал 11 тэрбум төгрөг төсвөөс хэмнэх болно гэж тооцоолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *