Монгол
Шүүхийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх болон сургалтын чиглэлээр олон жил хамтран ажиллаж байгаад Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт талархал илэрхийлээд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай хуулиар шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн зохицуулсныг товч танилцуулав.
АНУ-ын Мужийн шүүхийн үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Майкл Бингер шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр санал солилцож байгаад талархал илэрхийлж, цахим шүүх, шүүгчийн сургалтын талаар онцлон ярилаа.
Цахим шүүхийн үйлчилгээг хөгжүүлэх, шүүгчдийн сургалт зохион байгуулах, судалгаа хийх арга зүйн чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллахаар талууд санал нэгдэв. Улмаар Монгол Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Мужийн шүүхийн үндэсний төв хамтран шүүгчдийг сургах, туршлага солилцох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Уулзалтад Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан М.Номинцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.