Усархаг борооны өмнөх хүчтэй салхины улмаас энэ сарын 28-ны орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурч аянга цахиж, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Эрдэнэт-Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унасан билээ. Мөн Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгууд цахилгаангүй болж, 20 гаруй айлын гэр, хашаа нурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогджээ.
Томилогдсон ажлын хэсэг 24 цагийн турш ажиллаж, одоогоор зургаан тулгуур шонг суурилуулсан аж. Улаанбаатар хотоос зориулалтын машин механизмаар бетон тулгууруудыг тээвэрлэж, гэмтэл гарсан газруудад хүргэсэн ажээ.
Энэхүү цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг тулгуур бетон шон 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй байдаг юм байна. Шонг 32 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суулгаж байгаа учраас засварын ажилд багагүй цаг орж байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.