500 шахам мянган шувуутай “Баян шувуу” шувууны аж ахуй Төв аймгийн
Баянчандмань суманд өнөөдөр нээлтээ хийлээ. 300 гаруй мянган өндөглөгч,
100 гаруй мянган дэгдээхэйтэй, цагт 60 мянган ширхэг өндөг ангилж савлах
хүчин чадалтайгаар эхний ээлжинд ашиглалтад орж байгаа энэ цогцолборыг
үндэсний НВЦ компани өөрийн хөрөнгөөрөө хоёрхон жилийн дотор барьж
босгожээ.Ерөнхий сайд Н.Алтанхуяг цогцолборын
нээлтэд оролцохдоо “1953 онд Монгол Улс анх удаа 30 мянган өндөглөгч
тахиатай аж ахуй нээж, түүнээс хойшхи 50 жилийн хугацаанд нийтдээ 350
мянган өндөглөгч тахиатай болжээ. Харин өнөөдөр манай улсын хагас зуун
жилийн түүхэнд бүтээснээс илүү хүчин чадалтай орчин үеийн том
цогцолборыг үндэсний компани богино хугацаанд босгож байна. Монголчууд
жилд 100 сая ширхэг өндөг хэрэглэдэг бол энэ үйлдвэр бүрэн хүчин
чадлаараа ажиллаж эхлэхэд дотооддоо 200 сая ширхэгийг үйлдвэрлэж, хоёр
дахин илүүг хэрэглэх боломжтой болно. Энэ том бүтээн байгуулалтыг дагаж
хамгийн орчин үеийн технологи, ноу хау орж ирж, үйлдвэрлэлийн өртөг
зардлыг бууруулахаас гадна гадаадаас өндөг авдаг байсан 20 сая
ам.долларыг эх орондоо үлдээнэ. Ийм жишгээр Монголдоо бүтээх санаа,
төсөл бүрийг Шинэчлэлийн Засгийн газар дэмжих болно” гэлээ.
Өндөгний импортыг 90%, өндөгний
үйлдвэрлэлийн өртгийг 30% хүртэл бууруулах, энэ хэрээрээ улсын эдийн
засагт жинтэй нөлөө үзүүлэх энэ цогцолборыг барьж босгоход төр бодлогын
дэмжлэг үзүүлж, НВЦ компани нийт 55 тэрбум төгрөгийн хөрөнгөө зарцуулж
байна. Тус аж ахуй нээгдсэнээр орон нутгийн 200 хүн ажлын байраар
хангагджээ.
“Баян шувуу” аж ахуй ойрын 4 жилд 1 сая
толгой өндөглөгч шувуутай, жилд 200 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин
чадалтай том үйлдвэр болж, 2018 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана.
2015 онд мax боловсруулах үйлдвэр, шингэн өндөгний цех, 2016 онд
тэжээлийн болон биогазын үйлдвэр, 2017-2018 онуудад нэмж тус бүр 300
мянган өндөглөгч, 100 мянган дэгдээхэйн байрыг тоног төхөөрөмжийн хамт
барьснаар Европын томоохон аж ахуйнуудтай эн зэрэгцэхүйц техник
технологи, хүчин чадалтай томоохон цогцолбор болно.
Хог хаягдлаа дахин боловсруулж бүрэн
ашиглах энэ цогцолбор экологид ээлтэй үйлдвэрлэлийн жишгийг Монголд
тогтооно. Шувууны аж ахуйгаас гардаг гол хаягдал сангасаар түлш
үйлдвэрлэж, хэрэглээний эрчим хүчээ хангаад, үлдсэн хэсгээр хөдөө аж
ахуйд өргөн ашиглагдах сайн чанарын бордоо үйлдвэрлэнэ. Энэ мэт олон
сайн жишиг нэвтрүүлэх үйлдвэрийн хүрд нийслэлээс 75 км зайд, дэд бүтэц
сайн хөгжсөн бүсэд өнөөдрөөс эргэж эхэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.