Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж 2013 оноос хойш “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж улмаар 24000 гаруй оюутан залуучуудыг цагийн ажилд зуучилсан байна. Цагийн ажилд зуучлагдсан залуучууд нэг цагийн 1000-5000₮, өдрийн 10.000-30.000 төгрөгний цалинтай ажиллаж нийтдээ 412 сая төгрөгний цалин урамшуулал авжээ. Эдгээр тоон үзүүлэлтүүд нь Монгол улсад цагийн ажлын системийг хөгжүүлэх, оюутан залуучуудыг түр ажлын байраар хангах зорилготой “Цагийн ажил” төслийн үр дүн тодорхой амжилттай байгааг харуулж байгаа юм.
Харин энэ удаад “Цагийн ажил” төлсийн хүрээнд гадаад улс орнуудад цагийн хөдөлмөр эрхэлж байсан туршлагатай залуусын ажлын туршлага, тухайн улс орнуудын цагийн ажлын систем, давуу талууд, манай оронд цагийн ажлын систем одоо ямар түвшинд хөгжиж байгаа цаашид энэхүү системийг боловсронгуй болгоход анхаарах зэрэг асуудлаар санал солилцох зорилгоор “ЦАГИЙН АЖИЛ – МОНГОЛД” хэлэлцүүлэгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, Ажил олгогч байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл мөн гадаадын их дээд сургуульд суралцах хугацаандаа цагийн ажил идэвхтэй хийж байсан, тухайн улсын хөдөлмөр зуучлалын системийг тодорхой түвшинд мэддэг залуучууд оролцох юм.
Хэлэлцүүлэг: 2016.10.27-ны ПҮРЭВ гарагт 16:00-18:00 цагт Монголын Залуучуудын Холбооны 209 тоотод болно.