Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2, 3-р хэлтэс, Гачуурт тосгоны дэд хэсгийн алба хаагчдад ирэх дөрвөн жилд “Аюулгүй хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаараа танилцуулж, санал бодлоо солилцлоо. Мөн цагдаагийн хэлтсүүдэд тулгамдсан асуудлыг сонсч, шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганболд “Манай хэлтэс 2015 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэг дэх 1, 2-р хэлтсийн ачааллыг бууруулах зорилгоор байгуулагдсан. Дүүргийнхээ зүүн талын хороодыг хариуцан ажилладаг. Энэ хэсэгт хулгайн хэрэг зонхилон үйлдэгддэг. Эргүүлийн машины хүрэлцээ муу байдаг” гэлээ. Мөн Гачуурт тосгоны цагдаагийн дэд хэсэг нь 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 5-65 км-т дуудлаганд явдаг. Ихэвчлэн орон байрны болон малын хулгайн хэрэг гардаг. Алба хаагчдын хүрэлцээ муугаас 24 цагаар эргүүл хийж ажиллах бололцоо муу. Ихэвчлэн зуслангийн зориулалттай байр, сууц байдаг учраас иргэд улирлын чанартай ирдэг. Байшиндаа ирсэн хойноо л хулгай орсныг мэдэж дуудлага ирүүлдэг учраас хэргийн халуун мөрөөр мөрдөхөд хүндрэл учирдаг гэдгийг дуулгасан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цаашид бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд ажиллаж, “Аюулгүй хот” хөтөлбөрөө танилцуулах юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.