Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн домогт хурандаа, гавьяат хуульч Пүрэвдоржийн Лувсандорж

Зуун жилийн түүхтэй Монголын цагдаад 50 гаруй жил нэр төртэй ажиллаж, далан насны даваан дээр хэдийнэ гарсан ч төрийн буулганаас салаагүй яваа домогт хурандаагийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Эл эрхэм бол тэртээ жаран найман онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсад цагдан сэргийлэхийн хуульчдыг бэлтгэх анхны дээд боловсролыг эзэмшсэн анхдагчдын нэгэн Монгол Улсын гавьяат хуульч Пүрэвдоржийн Лувсандорж. Далаад оны эхээр гурван сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлсэн тэрээр гурван аймгийн цагдаагийн байгууллагыг 23 жил удирдаж, энгийн сонсогчоос энгэртээ гавьяатын тэмдэгтэй алдартан, дэслэгчээс хурандаа болтлоо дэвшсэн чухамхүү Монголын цагдаагийн он цагийн гэрч болж, Лу хурандаа хэмээн олноо нэршиж хүндлэгдэн иржээ. Буурал хурандаагийн унасан газар угаасан ус нь хуучин Сайн ноён хан аймгийн Хан хөгшин уулын хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг. Бага бүдүүн нэртэй ч их том хайрхны ар шилд төрсөн гэдэг. “Тавин оны гуравдугаар сарын 1-нд төрсөн гэж пастортаа анх авсан. Намын баяраар төржээ гэж зарим нь намайгаа дамшигладаг, намын хүн болох гэсэндээ ч биш, тэгж л таарсан юм. Гэхдээ нарийн яривал би чинь үхэр жилтэй дөчин есөн оны хүн. Ирэх онд 73-ны жил орох гэж байгаа ийм өвгөн” гэж инээд алдангаа төрсөн өдрийнхөө төөрөг зургаас сонирхуулсан. “Аав минь гаднаас нь харахад ширүүн дориун төрхтэй ч дотор хүн нь өрөвч нинжин. Эр хүний нулимс дотогшоогоо гэж ярьдаг. Харин эсрэгээрээ нулимс ойрхонтой хүн. Багаасаа өнчрөл зовлон үзсэн нь өр нимгэн, өрөвч зөөлөн, сайхан сэтгэлтэй болгосон болов уу. Сайхан сэтгэлийнхээ ачаар би өдий зэрэгтэй явна аа гэж өөрөө ч ярих дуртай” хэмээх үг охидынх нь амнаас ундраад байдаг нь учиртай. Төрсөн эцэг эх нь багад нь өнгөрч, мөн нэг сайхан ахаа алдаж ёстой өөрийнх нь хэлснээр “Үнсэнд хаягдсан шалз” шиг амьтныг Довдонгийн Пүрэвдорж, Зөөлөнгийн Балжинням гэх ачлалт хоёр бурхан өргөн авч үрээ болгож цаглашгүй их хайр халамжаа өгч өсгөжээ. “Би аавыгаа уул болоод ургачихсан, ээжийгээ ус болоод урсчихсан” гэж хурандаа нэгэнтээ хэлсэн. Тиймдээ ч Хан хөгшиний салбар уулс Жимстийн цэнхэр нурууг хараад аавыгаа, Тээлийн голын мяралзсан тунгалаг долгисыг хараад ачит ээжийгээ гэж боддог хэмээн өр зүрхнээсээ нулимстай хэлдэг байлгүй. Аав ээж маань үр намайгаа харж байгаа гэдэгт огтоос эргэлзэлгүйгээр амьдралын нугачаанд нуруу алдалгүй, шулуун шударга, бусдын төлөө гэх халуун сэтгэлээр дүүрэн явдаг нь ийм л учиртай байх нь.Жаран найман онд арваа төгсөөд тухайн үеийн Цэргийн ерөнхий дээд сургуулийн дэргэд цагдан сэргийлэхийн хуульчдыг дотооддоо бэлтгэх анхны ангийг дүүргэсэн гэдгээрээ бахархдаг юм билээ. Ингээд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайдын тушаалаар өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн цагдан сэргийлэх ангид төлөөлөгчөөр томилогдож, мэргэжлийн дээд сургуулийн ромбо гялалзуулсан сүрхий амьтан толгой дээгүүр очоод сэргийлэхийнхээ даргад тас хөөгдөн гурван сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр “нутаг заагдсан” түүхтэй.

Лу хурандаа тэр тухайгаа ярих дуртай. Арга ч үгүй биз, гурван суманд тэлэгдсэн ганц төлөөлөгч байна гэдэг амаргүй. Тэнд л ёстой нэг хат сууж чилийсэн дөрвөн жилийг ардаа орхисон байна. Тэр гурван сум нь баргийн хүн алхуулдаггүй Өвөрхангайн зүүн талын Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл гэсэн лужир гурван сум. Ганц хэсгийн төлөөлөгчид хань болох цагдаа гэж байхгүй, унах унаа гэж байхгүй, өртөөний нормын мориор ажлаа амжуулна. Тэр бүс нутаг бол Булган, Төв, Дундговь, Архангай, Өвөрхангай гээд олон аймгийн нутаг дэвсгэрийн торгон зааг дээр байдаг, малын хулгай нүүрлэсэн амаргүй газар. “Хэсгийн төлөөлөгч гэдгээ бүдүүн тоймоор хэлбэл хулгайч нарыг хариуцсан хүн. Сэргийлэхийн бүх ажлыг ганцаар хийнэ. Дээрээс нь Аюулаас хамгаалах байгууллагын хоёр том чиглэл болох сэхээтний төөрөгдөл, мөн обьектын аюулгүй байдал, гадны нөлөөгөөр галдан шатаах гээд амаргүй давааны аман дээр сууж байгаа юм. Тэр үед хэсгийн төлөөлөгчийг хүний муу үздэг хүн гээд өөдтэй хүлээж авахгүй. Айлд ороход халуун цай хийгээд өгөх хүн ховор байлаа. Түргэний эмч, ялангуяа жолооч нартай найз болно. Есөнзүйлд Д.Норовжанцан гэж гавьяат өгчихмөөр мундаг эмч байсан сан. Жолооч нь Лхасүрэн гэж сайхан хүн, одоо ч сэрүүн тунгалаг байгаа гэнэ лээ. Лхасүрэн гуайдаа дуудлагаар хөдөө явбал намайг аваад явдаг юм шүү гэж захина. Эмчилгээ тэжээлийн 53 гэж машин байлаа, түүний жолоочтой бас найз болоод авна. Үхэр тэргээр хүртэл явж л байсан. Ингэж дөрвөн жилийг авсан. Тэр хугацаанд хоёр удаа аварга болж байлаа. Энэ ажил манай үеийнхнээр шувтарсан. Надаас хойш сум суманд хэсгийн төлөөлөгчтэй, давхар цагдаатай болоод бэхэжчихсэн. Гурван сумын хэсгийн төлөөлөгч хийсэн хүн Монголын цагдаад өнөөдөр ховор байх. Тэгэхээр би гэдэг хүн яалт ч үгүй он цагийн гэрч болжээ” хэмээн өгүүлэв. Далан зургаан онд эрүүгийн ахлах болоод аймагтаа ирж наян дөрвөн он хүртэл манаргажээ. Мэдээж аварга болоод мандалгүй хаачихав. Цаг өнгөрөх тусам дарга нарт “За энэ нөхөр ч гарцаа байхгүй аймгийн сэргийлэхийн дарга мөн дөө” гэх бодол төрөх нь дамжиггүй. Хоёр жил болоод л яамны шалгалт гэж мундаг даваатай нүүр тулна, аттестатчилал явагдана. Үндсэндээ хоёр жил болоод хүнээ дүгнэдэг тийм л хатуу зарчимтай цаг байсан.

“Сайдын шалгалт, аттестатчилал гэдгийг өнөөдөр ярьдаг хүн байхгүй болж. Нөхөр Лувсандоржийг ажилдаа дүүрэн тэнцэж байна гэж үзээд эрүүгийн ахлах болгосон. Дараагийн хоёр жилийн шалгалтаар дүүрэн тэнцвэл сэргийлэхийн даргын нөөцөд авна. Дэвшүүлнэ гээгүй, нөөцөд авна. Дараа нь сэргийлэхийн даргад дэвшүүлнэ. Ийм л ном журмаар явдаг байлаа” гэж яриан дундаа тодотгосон юм.Тэр алтан дүрмийн дагуу мань хүн 1984 онд Дорноговийн цагдаагийн даргаар томилогджээ. Тэгэхдээ юм гэдэг сонин, өнөөдөр Монголын төрийн амьд домог болсон Лувсангомбо генерал өөрийнхөө аймгийн цагдаагийн даргаар Өвөрхангайн хүүг томилсон нь бас л сонин хувь тавилан харагддаг.Лувсангомбо генерал НАХЯ-ны сайд байхдаа Өвөрхангайд намын бүгд хурал, чуулган удирдахаар очсон байна. Улс төрийн товчооны гишүүн, яамны сайд ирэхийг сонсоод аймаг даяараа хөдлөх нь мэдээж. Хэлтсийн дарга Ц.Жамбалсүрэн “Сайдыг ирэхэд чи рапорт өгч угтаж ав гэв. Лу хурандаа 33-тай ёстой нэг жавхалзсан амьтан сайдын өмнө хийморь сэргэтэл рапортаа өгч таараа. Харин сайд “Энэ хошууч яалт ч үгүй нэг сэргийлэхийн дарга байна даа” гэж дуу алдсан гэдэг. Үүнийг хэзээ хойно Лу хурандаад Ганбат гэж сайдын нарийн бичиг хэлсэн юм билээ. Лувсангомбо сайдыг явснаас хойш долоо хоногийн дараа НАХЯ-ны боловсон хүчний газрын дарга хурандаа Цэрэннадмид ирж Лувсандоржтой уулзжээ. НАХЯ-ны тэр том хурандаа өөртэй нь уулзах гэж ирэхэд айсан гэнэ. “За баларлаа, нэг нь л намайг матчихаж. Би ч буруу зөрүү юм хийгээгүй дээ, уул нь” гэж боджээ. Гэтэл байдал өөрөөр эргэв гэнэ, арга хэмжээ авахуулах биш, дэвшүүлэх маягтай болоод явчихлаа гэнэ. НАХЯ-ны тэр хурандаа бүтэн долоо хоног уулзсан байдаг. Ингэж Дорноговь аймгийн цагдаагийн даргаар томилогджээ.

“Дорноговьд очоод та ч манаргаж өгөө байлгүй” гэж хурандаагаас үг өдлөө. “Юуных нь манаргах. Пактлаад, намын “Үнэн” сонинд хүртэл бичүүлээд юм юм болсон. Би бол дотроо болоод байна л гэж бодоод байдаг. Юу болох, доогуур бүх юм задарчихсаныг нөхөр Лувсандорж гуай мэддэггүй. Шоронд хүн боож үхлээ л гэнэ. Хууль бус ан, хүчин, зодоон цохион гарахгүй хэрэг гэж байхгүй. Зүүнбаянгийн дивизэд байсан танхай нөхдүүд шорон дамжина. Тэр үеийн цэргийн ангийн офицер гэдэг чинь ар өврийн хаалгаар шорон дамжчихсан архагууд байдаг. Тэд нар шоронд байхдаа шоронгоо нүхэлж айлд очоод ирдэг байсныг мэддэггүй байж. Бас дээрээс нь манай албан хаагч надаас өмнө нэг нөхрийг хүн амины хэрэгт хилсээр тулгаж шоронд хийжээ. Худлаа мэдүүлэг зохиогоод, прокурор нь хянаад шүүх нь таслаад хэрэг хийгээгүй хүнийг явуулчихаж. Тэр нөхрийн хэрэг миний үе дээр задарч байгаа юм. Мөн сэргийлэхийн дэргэд байх дэлгүүрээс надаас бусад нь бараг мөнгө зээлдэг, архи зээлээр авдаг, амин хувийн холбоотой. Энэ бүгдээс болоод жигтэйхэн дуутай шуутай очсон амьтан чинь хоёр жил зургаан сарын дараа мултардаг юм байна. Ингэж Дорноговиос хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд хэдэн нялх нойтон хүүхдээ, муу шар авгайгаа дагуулаад Өвөрхангай руу буцаж байлаа” гэв. Дорноговьд байснаа луугар хурандаа нэг их задалж ярьсангүй. Хэрвээ тэрхүү хоёр жил, зургаан сарыг задлаад үзвэл зохиол шиг юм бичигдэж таарна. Ер нь ч тэгээд Лу хурандаагийн он жилүүд кино зохиол шиг санагдах нь бий. Мань эр Дорноговьд үнэндээ нэртэй цолтой, олонд хүндлэл хүлээгдсэн байсан нь түүнийг ажлаа өгөх үед хотын захиргаа, намын хороонд очсон 10 шахам өргөх бичигнээс уншигддаг. Хутагтын нутгийн учир мэдэх хүмүүс “Энэ залуу даргын асуудлыг ултай суурьтай авч үзнэ үү. Ц.Энэбиш, Г.Чимиддорж нарын шуурганд хамт орчихлоо” гэсэн бичиг олноороо ирсэн гэдэг.

“Нутагтаа буцаж очоод би нэг жаахан шар хөдөлсөн шүү” гэж тэрээр шазууртай хэлж байна. Ингэх ч гэж дээ хэмээн өөрийгөө зэмлээд, өөртөө дахин ташуур өгч ажлыг маналзуулжээ.Түүнийх нь үр дүн ч гарч 1988 онд ерөнхий газрын аварга, дараа жил нь ажил мэргэжлийн аварга болоод ерэн онд дэд даргаасаа буцаад дарга болсон байна. Харин ингэж манан татуулж явах үед өнчин өрөөсөн намайг өргөж авч хүний дайтай болгосон ачит эцэг минь өнгөрчихдөг юм гэж хоолой цахиртуулан хэлнэ билээ. Аав нь өнгөрөхийнхөө өмнө хүүдээ харцаараа, зүрхэнд нь хэлэх үгээ хэлснийг тэрээр үргэлжид боддог. Өөрөө ч мөн нүдээрээ үгээ хэлж хүүгийн ёсоор хариу барьсан байдаг. Аавдаа өчсөн зүрхний тангараг бол оногдсон ажлаа хэнээс дутахгүй хийж, нэр цэвэр, мөр бүтэн, шулуун шударга явна гэсэн ийм л тангараг. Тэр уг тангарагтаа хүрсэн нэгэн. Ерэн онд Өвөрхангайн цагдаагийн дарга болоод гурван жил ажиллаж байтал ерөнхий газрын тэргүүн дэд дарга байсан Н.Гаравсүрэн “Дундговийн Бумнанжид наашаа шилжинэ гээд байгаа. Чи тэнд очих уу, чамд тийм эр зориг байна уу” гэжээ. Түүний хэлснийг хөгшинтэйгөө зөвлөлдөөд Дундговь руу мордсон байна. 1993-2006 он хүртэл 13 жил Дундговь аймгийн цагдаагийн газрын даргаар ажилласан түүх ингэж эхэлдэг. Тэрээр нийтдээ гурван аймгийн цагдаагийн даргын хариуцлагатай, амаргүй албыг 23 жил хашсан аварга эр. “Монголын цагдаад 50 гаруй жилийн нүүрийг үзэхдээ цагдаагаас нэг өдөр байтугай нэг минут тасарсангүй. Бууж ч үзлээ, мандаж ч үзлээ. Өвөрхангай, Дорноговь, Дундговь аймгуудын цагдаагийн газрын үүдийг нь ч манасан, өрхийг нь ч татсан, хойморт нь ч заларсан, хатавчинд нь ч хэвтсэн ийм хүн байгаа юм” гээд сэтгэл нэн тааламжтай инээж сууна. Энэ зуурт бид хоёрын ярианд цагдаагийн нэртэй хурандаа нарын нэг, өдгөө төв аппаратынхаа олон генерал, хурандаа нарын арми ахмадын холбоог удирдаж буй Билгээ хурандаа орж ирж “Аймгийн цагдаагийн даргаар тавигдана гэдэг асар хүнд байсан. Нөөцөд орчихсон байна, тэгээд аймгийн захиргаа, намын хорооны зөвшөөрлийг авна. Дараа нь ЦЕГ-ын зөвлөлөөр ороод батлагдаж байж дарга болно. Өнөөдөр бол дуртай хүнээ тавьдаг, хэдэн ч удаа дарга солигдож, тухайн орон нутгийн ард түмний аюулгүй байдлыг бус хувь хүний улс төр, амин хувийн асуудал, нэр хүндийг чухалчлах болсон” гэж шулуун шударга хэлээд авав.

Хурандаагийнх зургаан охинтой. Тэрээр нэг удаа “Дандаа бүсгүй хүүхдүүдтэй болохоор ч тэр үү, манай гэр бүл тэр чигээрээ аядуу зөөлөн ертөнц” гэж хэлсэн. Охид нь бүгд “Оюун”-тай. Оюунгэрэл, Оюунмандах, Оюунбилэг, Оюунтунгалаг, Оюунтуяа гээд бүгд сайхан ижий нар, гэр бүл үр хүүхэдтэйгээ тус тусдаа сайн сайхан амьдарч явна. Харин бага охин Цэцэгдэмбэрэл нь элэгний өнөө айхавтар өвчнөөр бурхан болж ижий аав, хайрт эгч нарынхаа элгийг эмтэлжээ. “Болохгүй юм гэдэг болдоггүй л байдаг юм билээ” гэж гэрийн эзэн хүчирхэг сайхан хурандаа хоолой нь зангирч хэлсэн. Оюунтуяа, Оюунтунгалаг нар аавынхаа зам мөрийг залгамжилж цагдаагийн албанд зүтгэсэн байна. Оюунтуяа нь цагдаагийн дэд хурандаа, үндсэндээ хурандаа аавын хурандаа охин. Гэр бүлийнх нь хүн М.Батсайхан мөн хилийн цэргийн хурандаа, ийм л нэг хурандаагийн үүдтэй айл аж. Цэцэг шиг охидын элбэрэлт ижий, Лу хурандаагийн насны хань Цоодолын Пүрэвдагва. “Есдүгээр ангид байхдаа би долдугаар ангийнхаа шанз тоглодог, жигтэйхэн гоё хар нүдтэй охинд татагдсан юм. 1967 оноос хойш гээд бодохоор 53 жил хамтдаа явна. Би ер нь Пүрвээгийнхээ хүчинд л өдий зэрэгт хүрсэн” гэж гэрийн эзэн хэлсэн нь аргагүй л үнэндээ гэх бодлыг төрүүлж билээ. Пүрвээ эгч “Нас залуу байхад ханийгаа ажил төрлөө сайн хийг, амжилт гаргаг гэж бодоод гэр орны ажилд оролцуулдаггүй байв. Харин одоо бол өвгөнөө гар хөлийн үзүүрт зарж сууна. Амьдралын шаардлага ч гарах юм даа, хүүхдүүд бүгд гараад явчихлаа. Өвгөн маань гал тогооны ажилд сүрхий, бид хоёрыг ханилахад манай хадам аав “нэг гэрийн эр эм хоёрт чиний миний ажил гэж байдаггүй. Аль түрүүлж гэртээ ирсэн нь хоол ундаа хийдэг байх ёстой” гэж хэлж билээ. Одоо бол аавын хэлснээр л болж байна” хэмээн жаргалтай гэгч өгүүлж байна. Гэрийн эзэгтэй Өвөрхангайн Тарагтынх, ээжийнх нь төрсөн ах дүү нар нь улс, аймгийн цолтой бөхчүүд байж. Улсын начин Навааны Пансан, аймгийн заан Навааны Цоодол гээд. “Манайх хүүгүй, харин зээ нараас хэдэн сайхан харцуул байна. Тэднээс бөх төрнө” гэж битүүхэн горьддогоо хурандаа нуугаагүй.

“Дундговь намайг гавьяат болгох гэж долоон удаа тодорхойлсон” гэж яриан дундаа хэлсэн. 2012 онд Чингис хааныхаа төрсөн өдрийг анх удаа тэмдэглэсэн “Монгол бахархлын өдөр”-өөр хуулийн байгууллага дотроос ганц гавьяат хуульч төрсөн нь Лу хурандаа. Бас л бэлгэшээлтэй сайхан санагдав. Гавьяатаас улбаалаад бид хоёрын яриа Дундговь тийшээ хазайлаа. Эр дунд насны хавхгар сайхан эр хүмүүний амьдралын мөчлөг нэг үеийг Дундговьд үджээ. “Лу даргыг байхад наадмын зохион байгуулалт дэг журамтай, ёс төртэй гэдгийг мэдрүүлсэн хийморь сэргэмээр болдог сон” гэж тэр нутгийнхан хэлдэг. “Ер нь аймгийн цагдаагийн дарга жаахан эрхэмсэг байх ёстой юм. Ихэмсэг биш, эрхэмсэг. Энэ нь өөрөө төр эрхэмсэг оршихуйн утга учир нь юм” гэв. Ямар агуу дуулдсан гэж санана.Ер нь цагдаагийн дарга хүн нийтийг хамарсан айдас түгшүүрт явдал, онц ноцтой хэрэг, гэнэтийн аюул энэ бүгдэд өөрийн биеэр очиж, торгон ирэн дээр нь зогсож байх ёстой гэж тасхийтэл хэлсэн. Тэгээд Пүрэв генералаа жишээ болгосон юм.“Пүрэв даргыг байхад ерээд онд Жаргалант, Зүүнхараагийн дуулиан, шоронгоос, онцгойгоос оргосон хэргүүд гээд юу болов, тэр бүгдийг мэргэжлийн хувьд удирдсан. Пүрэв даргын үед Монголын цагдаа нэг цагдаа шиг байж үү дээ гэж боддог юм. Цагдааг байтугай Монголыг аваад явах хүн. Ажлын хувь заяа чинь сайн хамт олон байхаас гадна удирдаж байгаа хүндээ байдаг юм шүү. Ухаантай хүн чинь хэлж байгаа үгнээсээ мэдрэгддэг, үгнээс нь ухаан цацраад байдаг. Тийм хүний ажил хүн хийгээд өгчихсөн юм шиг аяндаа бүтдэг” гээд “Цагдаагийн дарга гэдэг бол ажил хийхийн утга болохоос хүн зарахын утга биш” гэсэн юм. Үг бүхэн нь ингэж философитой, зүгээр л афоризм. Яагаад ингэж аливааг углуургаар нь бодож ярьдаг байна даа гэтэл ном бүтээл, хувь хүнийх нь дотоод ертөнц гэдэг том юм байна. “Хан хөгшиний хараацай” гэж өөрийнхөө амьдралын тухай туульсын ном бичжээ. Цагдаа хүний амьдрал юм шиг боловч цаана нь Монголын нийгэм, цаг үеийн шуурга, хорвоогийн хар цагаан дэнс бичигдэж байгаа юм.

Уг номын эхээ Бавуугийн Лхагвасүрэн гуай дээр барьж очоод “Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байвал галд шатаачихна биз” гэх маягийн үг хэлжээ. Лхагвасүрэн найрагч номынх нь өмнөтгөлд сайхан үг бичиж, зохиогчийн хэлснээр Лу хурандааг омойтуулсан гэдэг. Сүүлд “Өөрийгөө залж захирч амьдрахуй” гэсэн бодрол, ухаарлын ном бүтээсэн нь дотоод ертөнц рүүгээ сүрхий чимээлж, амьдралыг таньж яваа хүний үг ч мөн дөө гэх бодол төрсөн. “Та чинь хэд хэдэн шаггүй дуутай юм гээч, Бямбабаяр, Сэр-Од гээд хөгжмийн аваргууд ая данг нь тааруулжээ” гэхэд “Болор цом”-ын эзэн дүүгийн өөдөөс нэг зөнөсөн өвгөн “Би юм бичдэг гэж хэлэх нь үнэндээ зохимжгүй. Гэхдээ “та хэдийн ертөнц өөр, бидний ертөнц гэж нэг юм тэр дор чинь байна” гэж “Зуун эрхэм” нэвтрүүлгийн үеэр Баянаа аварга Лхагвасүрэн гуайд хэлсэн шиг бидний юм байнаа, байна” гээд инээвхийлж сууна. “Залуу байхад ч мэдрэмжийн хурд, сэтгэлгээний хурд байсан, одоо байхгүй болсон” гэхүйд “ухаарал, бодрол, бясалгалын хурд”-руу шилжсэн биз гэж эрхгүй бодогдсон. Ийм л таатай яриа хөөрөөн дунд “Сайн цагдаа цагийн найз гэдэг, энэ ер нь юу гэсэн үг вэ” гэж Лу хурандаагаа өдлөө. “Цагдаа бохирдохдоо амархан, цэвэршихдээ удаан. Нэг хүний буруутай үйл ажиллагаа, болчимгүй үйлдлээс болж нийтээрээ сэв суудаг. Уг байгууллага өөрөө гарын ая сайн даадаг юм шиг хэрнээ нэр хүндийн хувьд эмзэг. Тиймээс цагдаагийн нэр хүндийг эр бяр, хүч тэнхээгээр биш хүнлэг чанар, шударга зарчмаар бий болгох учиртай. Цагдаа хүнлэг байгаад шударга ажиллавал болох нь тэр. Цагдаагийн байгууллага үйлс нь ариун, буян нь арвин газар юм. Сэтгэл нь зөв, бие нь түвшин байж чадах юм бол идэж барахгүй хоол, эдэлж дуусахгүй нэр хүнд. Би ч Монголын цагдаагийн хоолыг хагас зуун жил гаруй хороож байна. Би ч гэж манайхан элэг бүлээрээ энэ айлын буяныг амсаж, хишгийг нь хүртэж байна. Тийм болохоор Монголын цагдаад хир халдаах дургүй л хүн. Харин шүүмжлэх юмаа бол хэнээс ч эмээхгүй хэлнэ. Цагдаагийн дарга гэдгийг сүр сүндэр уур уцаар, торгууль шийтгэлээр хийчихдэг ажил биш. Дарга болно гэж бодсоноор, эсвэл дарга болгоно гэж зүтгүүлснээр ч бас хийчихдэг ажил биш. Шинэ зууны залуучууд их юм бодож байгаа байлгүй. Цагдаагийн албаны ажилд ер нь шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Бид даанч тэгж чадахгүй байна. Нийгмийн шинжлэх ухааны цогц бүрдмэл асуудал бол цагдаагийн алба юм” гэж аргагүй л нэг буурал хурандаагийн буурь зангараг зааж хэлсэн дээ. 13 мянга орчим албан хаагчтай энэ армид ингээд нэг хэлчих хүн хэд бол гэж бодогдож л байлаа. Харин аварга хурандааг шууд тэтгэвэрт нь суулгаж гаргуунд нь гаргачихалгүй “үүц нөөц”-ийг нь Монголын цагдаа одоо хэр нь “идэж” суугаа нь талархууштай. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст цагдаа орон тоон дээр энгийнээр ажиллан хэдэн зуун хавтаст хэрэг уншихаас аваад залууст заавар зөвлөмж өгөх гээд бас л 10 гаруй жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд 1175 хэрэг уншиж шийдвэрлүүлсэн байна. Тэр дунд хулгай, танхайн болон хүчин, хүн амины ноцтой хэргүүд олонх нь байсан гэдэг. Мөрдөн байцаах, хэрэг бүртгэх шатанд мөн түдгэлзүүлээд байсан тэр олон хэргийн хувь заяаг шийднэ гэдэг асар их гавьяа зүтгэлтэй ажил. Үүнд нь Лу хурандаад олон ч хүн талархдаг юм билээ. Харин буурал хурандаа өөрт нь итгэл үзүүлж байх ёстой газар нь байлгаж, жинхэнэ мэргэжлийнх нь ажлыг хийлгэж буй Д.Батсайхан, Д.Батжаргал нарын хурандаа, дарга нар, өөрийн шавь нартаа баярладаг нь мэдээж.

Халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох аваргатай Хан хөгшин хайрханы ивгээл ерөөлөө бодон ойр дотно байж, зүрхнийхээ үгийг хэлэлцэж явснаа, Гэндэнгийн Төмөрбаатар, Бугын Насанжаргал, Жавзмаагийн Ухнаа, Чимэдбалдирын Эрдэнэ-Очир гээд олонд түшигтэй, өөрт тустай явсан аймгийн дарга нар, жинхэнэ төрийн хар хүмүүсийг, мөн Цээвэлийн хүү Жамбалсүрэн даргаа сайн сайхнаар дурсаж явдгаа хэлсэн. “Би ер нь ааш авир муутай, хэлэх гэснээ шулуун шударга хэлчихдэг зантай. Цагдаагийн 100-гаад хурандаа дундаас ойртож нөхөрлөдөг минь ховор. Харин насаараа нөхөрлөж, хэдэн биедээ нөмөр нөөлөг, өмөг түшиг болж, ахан дүүс шиг болсон хэдэн сайхан хурандаа найз, дүү нар бий шүү” гэв. Алдарт Авхиа генералыг Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга байхад оюутан болж, Лувсангомбо генералын үед аймгийн сэргийлэхийн дарга болон мандаж байсан Монгол Улсын гавьяат хуульч, Монголын цагдаагийн домогт хурандаа түүний замнал үнэндээ барагдах юм биш.

“Буурал тэргүүн нь үүлстэй сүлэлдсэн

Будант бэлээрээ уулстай золголдсон

Ухаант өвгөдийн уугуул усан

Уулсад амилсан амгалан бурхан” хэмээн өөрийнх нь шүлэглэсэн “Хан хөгшин” хайрхан шигээ дүнжгэр нэгэн ажгуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *