Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэн М-д Эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэжээ

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэн М-д алба хаагчийг үүргээ биелүүлэхэд нь хүч хэрэглэн, эсэргүүцсэн тул Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж эхэлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвийн замын уулзвар орчимд өчигдөр буюу долдугаар сарын 20-нд “Тоёота премио” маркын тээврийн хэрэгслийн жолооч М хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 14.7.23-ийг зөрчсөн байна.

Улмаар тээврийн цагдаагийн алба хаагч жолооч М-д торгуулийн арга хэмжээ авахад эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед халджээ. Иймд иргэн 36 настай М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтыг эхлүүлжээ.

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх

1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Замын хөдөлгөөний дүрмийн 14.7.23-т “Жолооч гэрлэн дохио эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *