Categories
мэдээ цаг-үе

Цагаан сарын жил жилийн хуучаас

Тэр жил буюу ерэн дөрвөн оны цагаан сарыг манайх сумын төвд гаргасан юм. Ижий, аав хоёр минь гэр бүл болоод анх удаа л төв газар сар шинийг угтсан нь тэр байх. Аавын төрсөн дүү Отгоншарав ахын хашаанд өвөлжлөө. Айл амьтан битүүрч байхад манайх хэзээний л ажлаа бараагүй байна. Ээжид туслах хүн байхгүй. Дандаа харчууд учир, хэцүү л байсан биз. Ямар сайндаа битүүний шөнө ээж маань дүү бид хэдийн хэнийх нь ч юм бэ, дээлийн товч шилбийг гүйцээж хадаад сууж байдаг сан. Харин сумын төвд шинэлж байгаагийнх ажил арай цэгцтэй.

Хамар хашааны айлын охид бүсгүйчүүд ээжид туслаад наанатай цаанатай байсан нь мэдээж. Отгоо ах гэж жигтэйхэн нямбай, цэмцгэр хүн. Гэрийнхээ хоймрын толийг гялалзтал арчина. Баяр ёслол бус энгийн үед ч сонин гаргаад зүлгэж байна. Харин ерээд оны эхээр “доналд” гэж үлээдэг бохь гарахад мань хүн үлээж сурах гэж их хөглөж билээ. Толиныхоо өмнө зогсож байгаад ганц хүчтэй үлээгээд л бохио толиндоо наачихдаг сан. Тэгээд л арчаад байна.

Манайх өнгөт зурагтгүй учир би гэдэг хүн байсгээд л мань эрийнд харайлгаж орно. Цагаан сарын бөхөө үзэхээр. Нэг ороход Отгоо ах модон тэвшинд цагаан сарын ууцаа тавиад хэдэн талаас нь нухацтай нь аргагүй харж зогсов. Тэв тэгшхэн харагдахад “жаахан далий л байх шиг байна даа” хэмээн хэн нэгэнд хэргээр хэлж байгаа юм шиг амандаа бувтнахыг нь яана. Дахиад нэг ороход мөн л угалзан хээтэй модон тэвшинд тавгийн идээгээ өрж сууна. Гэргий нь бол арчих зүлгэхээ л хийнэ. Гэрийн эзэн хэлээ үе үе гозолзуулж уруул амаа шилэмдээд тавгийн идээтэйгээ дор хаяж хоёр цаг ноцолдоно. “Буурай ажаа, Нанкүү мөөмөөс минь ирсэн аяга даа” гэж нэг их гоё луу хээтэй том шаазанг гаргаад ваартай айрагнаас хийв. Удаа ч үгүй өнөө аягаа угааж, айраг хийхгүй ээ, бурхандаа идээ засч тавина гээд ааруул хурууд хийгээд унана. Аяг нь олдохгүй хүн л дээ.

“Цаана чинь Ноов ахынх битүүрээд эхэллээ, удахгүй манайд ороод ирнэ” гэж гэргий нь сандран хэлнэ. Манай хүн хөлсөө шудраад ноцолдоод байна. Хоймрынх нь зурагтаар цагаан сарын бөх барилдаж, уртын дуу хангинаад л. Идээгээ тун чиг сайхан өрж сэтгэл ханасан бололтой, алив хөгшөөн дээл хунар юу байгаа билээ гэж сая л нэг сэхээ орсноо, надаас “том жижиг Сүхбатууд байна уу, бужигнуулна даа” гэж асуух нь хууль. Мөн манай Оргио байгаа биз гэж тун дотночлон сураглана. Тэр нь улсын начин Жигмэдийн Оргилболдыг асууж байгаа хэрэг. Тухайн үед Оргио нь улсын цолгүй дэмий гонзгой байсан л даа. Бөх үзэнгээ бас дээр нь Отгоншарав ахыг идээ будаагаа засах гэж хэрхэн аяглахыг хараад гэртээ орлоо.

Манайд сахал Буяа ах аав хоёр хуучилж сууна. Айраг цагаа уулаа. Пиавны амт үзнэ гэж исгэсэн бараашиг уулаа. Нэг мэдэх нь ээ, од түгчихжээ. Манай ёотон шиг жижигхэн цагаан зурагтаар бөхийн барилдааны гурвын даваа эхэлчихсэн, Баянаа аваргын цолыг дуудаад л. Ээж хэлж байна. “За Буяа ах минь одоо гэртээ орно байгаа. Цаад хэд чинь битүүрэх гээд таныг л хүлээж суугаа даа” гэв. Буяа ахад тоож байгаа ч юм алга. “Болдог юм болдгоороо болно доо” гээд хүд хүд инээж байна. Манайх битүүнийхээ буузыг гал дээр тавилаа. Тэгтэл үүд сэвхийтэл онгойгоод Буяа ахын бага хүү ороод ирлээ. “Ээж таныг битүүрье гээд дуудаад байна” гэлээ. Ах өндийдөггүй ээ. Хүү нь бүснээс нь татаж, чангааж байгаад яваад өглөө. Уул нь гэр нь ойрхон. Ерөөсөө урд талын л гудамж. Хүү нь гарсны дараа “Ах та гэр лүүгээ орж битүүрэхгүй бол нээрээ болохоо байлаа” гэж аав хэлэв. Буяа ах нэг өндиймөөр аядсанаа буцаад суучихлаа. “Өнөөдөр Ноовындоо сайхан битүүрнэ, Отгоныдоо орно” гээд бүр айлгаад авалгүй яахав. Инээдтэй, хөөртэй юм яриад л, бид хэдийг цаашлуулаад сууж байтал том охин нь ороод ирлээ. “Та чинь битүүлгээ хөнддөггүй юм уу” гээд бараг л чирэх нь холгүй аваад гарч билээ. Буяа ах гэж тийм нэг амар амгалан сайхан эр. Банзай дарга тэр хоёрын хотод ирсэн тухай онигоо шиг л түүх яригдана. Сумдын Засаг дарга нар Төрийн ордонд хурал хуйд орсон юм биз. Гараад иртэл дарга нарын машин гээд тэр үеийн бор ногоон “69”үүд ордны урд эгнэчихсэн байна гэнэ. Гэтэл тэр дунд Буяа ах хэдийнэ оччихсон хуучирсан ногоон тэвштэй тавин гуравтайгаа зогсоод Банзай даргыгаа кабинаасаа даллаж байсан гэдэг. Банзай дарга нь машинаасаа, үс сахал болсон өнөө Буяагаасаа ичсэн байлгүй. Ийм л гудиггүй, хүнд тусархуу гэж жигтэйхэн, цагаан цайлган, хүний хайлан байж билээ.

Сумын төвд шинэлсэн учир шинийн нэгэндээ амжаад Бавуу ажаадаа золгохоор Өвөрбулагийн эх Ангалын амыг зорилоо. Ангалын ам гэж нүүгэлтсэн их ой, хадан хавцалтай, уулын бэлдээ оргилсон булагтай, идэр гурван есөөр дошин гүйсэн сайхан газар. Төрийн шагналт найрагч Доржийн аав навсаан Зундуй гуайн нутаглаж байсан газар ус шүү дээ. Аав ээж, дүү бид хэд бүгд морьтой галигуулалгүй яахав. Сумын төвөөс баруун хойшоо хатируулан үдшийн бүрий тасрахтай зэрэгцэн Баянхангайн давааг давлаа. Хөшөөтийн хөндийн оройн жавар алгадаж байна аа. Элбэгхэн дээлтэй аавынхаа нөмөрт бүжин шиг хярж явахад их хөндийн жавар хага ярагдаж л байсан. Хөшөөтийн гялганасан жаварт аавын минь үнэгэн лоовуузын сор гялтганаж, унасан морьд битүү цан цохиж, уур манан савсуулсаар ажаагийнхаа уяан дээр бууж билээ. Ажаагийнд яваад ортол бөөн дуу шуу. “Паваан” Ням гэж манай нутаг усанд ардчиллын загалмайлсан эцэг нь болсон хөгшний дуу хадаж байна. Хот хүрээнээс ирж золгуут хийж буй хүмүүстэй үзэж байгаа бололтой. “Амар байна уу” гэж золгохтой зэрэгцээд “Ху намыг дагавал хувхайрч дуусна” гэж Ням гуай хангиналаа. Бавуу ажаа хэзээд л хүнийг цаашлуулж, өвчин хуучийг нь сэдрээдэг хүн Ням гуайнхаа гэдэнг нь жаахан хөдөлгөчихөж л дээ. Ням гуайн пал пал ярианд бусад нь хөгжөөд тийм л нэг халуун дулаан ахуйд бид зочилж иржээ. Ингэхэд энэ хөгшний амнаас л манай сумынхан анх Элбэгдорж, Бат-Үүлийн нэрийг сонсч, “хүүхдүүд минь өлсөж байна” хэмээн ерэн оны цагаан морин жилийн хувьсгалаар хотод ирэхэд нь тухайн үеийн нам засгийн удирдлагууд шоолж хоцорсон л гэдэг юм. Ням гуай минь өөрийн үзэл бодолдоо үнэнч явж хорвоог туулсан даа, хөөрхий. Ням гуайн буйлаатай тэр цагаан сар сэтгэлд хадгалагдаж, үе үехэн санагддаг билээ л.

Баян Бавуу гэж олон түмний хүндэтгэдэг ажаа минь ёстой л нэг халгиж цалгисан, хишиг буян нь гэр дүүрэн хөглөрсөн, нүнжигт нэгэн байв. Хөгшин нь Ханд мөөм гэж хайлсан өрөм шиг сайхан хүн. Орсон гарсанд ундтай устайг нь хэлээд яахав. Аавын минь аав буюу Батсүх ажаа, Бавуу ажаа хоёр Хөшөөтийн голын эх ЦэцэгӨндөрөөр нутагладаг Лувсанхүү гэж хүний хоёр сайхан хүү нь. Хөшөөтийн голын хоёр багана нь байж дээ гэж миний бие зүрх шимшрэн санадаг. Наян гурван оны цагаан сарын битүүний өдөр Батсүх ажаа мориноос унаж, дөнгөж айл гэр болоод байсан аав минь Орхон голын нугаас Хөшөөтийн голын Адуун толгой хүртэлх жараад километр газрын уртад хөтөлгөө морьтой жавар сөрж давхисан гэдэг юм. “Анх гэр бүл болчихсон, засгийн их адуу буюу арван тав, зургаан азарга адуугаа гэрийнхээ гадаа хураачихсан, арц сангаар ариулж байх тэр цаг мөчид “Батсүх ажаа мориноос унасан гэх мэдээ очиход зүрх рүү ширхийгээд л явчихсан даа” гэж аав минь хожим Хавтгайн бэлд өвөлжиж байх тэр жилийн цагаан сарын битүүний өдөр хоолой зангиран хэлснийг мартдаггүй. Тийм л нэг шаналал ч бас сар шинээр бодогдох нь бий.

Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэж манайхан ярьдаг. Хоёр мянга найман оны хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг миний бие төрсөн гэртээ очиж гаргасан. “Дотоод орон зайн урсгал” яруу найргийн номоо гаргачихсан тэр жил аавтайгаа хоёул шинийн нэгний өглөө хонио Зүрхийн энгэр өөд налуулчихаад Хөшөөтийн голоо хөндлөн огтолж Амаагийндаа дөрөө харшуулан бууж байлаа. Амаагийнх адууны хишиг уул гэгддэг Баянхангайн өвөрт өвөлжиж байсан. Хоёрдугаар сарын сүүлээр сар шинэ тохиох мөчид “урт шар дээлтэй хүн” гадаа дөрөө мулталж буй учир жигтэйхэн налгар тавиухан, малчны хотонд төлийн дуу цангинаад цаанаа л сайхан. Амаа аав хоёр баз хүргэчүүд. Гүр заан гэж нэршсэн Хишиг-Өндөрийн Хужирт, Тогтоогийн хөндийгөөр нутаглаж асан сайхан хүний хүргэчүүд болсон хүмүүс юм. Амааг Цамбын Мягмар гэдэг. Морь сайхан уяна. Ерэн зургаан онд манайхан айл аймаг зусаж байхад Амаагийн хар морь сумын наадмын түмэн эх болж голоороо л хөл хөөр, найр наадам болж билээ. Цагаан сараар Амаагийнх гэрийнхээ хоймрын унинаас агсам хар мориныхоо медалийг ёс юм шиг гаргаж зүүх нь бахтай.

Бас л нэг инээд хачиртай дурсамж сөхье. Тэр жилийн цагаан сараар Амаа гэргий Оюундаа баахан загнуулсан түүхтэй. Учир нь цагаан сарын өмнө гэргий нь биеэ үзүүлэхээр хот оржээ. Амаа хүүхдүүдтэйгээ үлдсэн байна. Мал хуйтайгаа зууралдаж байгаад сая нэг сэхээ авч сумын төв бараадан гэргийгээсээ сураг чимээ сонсохоор холбооны цагаан байшингийн үүдэнд давхиад бууж. Холбоочин бүсгүйн нөхөр нь Амаагийн найз байж. “Би буруу зөрүү дуулаад, наад утсаар чинь ярьж чадахгүй. Чи нэг яриатах” гээд мань хүнээр хот руу яриулжээ. Гэхдээ мань хоёр бас зүгээр байгаагүй, жаахан халмаг байсан нь мэдээж л дээ. Оюун эгч “Хоёр хоноод гарлаа, бие зүгээр” гэж хэлснийг “Хоёр хоньтой бушуухан ир. Би үхлээ” гэж дамжуулсан байгаа юм. Тэр үед Булганы ХишигӨндөрөөс шууд Улаанбаатар руу өнөөдөр шиг өдөр бүр машин явна гэж байхгүй. Ингээд Амаа яарч тэвдээд хэний ч билээ дээ “ЗИЛ130”ыг хөлслөөд, бензин тос хийгээд, хотод байгаа хамаатан садандаа нэг нэг хонь гаргаад, замын зардалдаа гэж жолоочдоо өвлийн идэш, өөр юу юу ч билээ өгөөд бөөн сүр дуулиан болж хотод очиж баларсан гэдэг. Ийм л яриа хөөрөө, инээд наргиан сар шинийн өдрүүдэд үргэлжлэх нь бий.

Аавынхаа дэлийг нь сумлан зассан хул хонгор морьдыг ижилсүүлж унаад Хөшөөтийн голоо өгсөх сайхан. Айл айлаар орж бэлэг түүнэ. Баасан ахынх гэж нандин сайхан айл Бага арцынхаа амыг эзэгнээд л байж байна. Гэрийнхээ хойморт, жаазныхаа дээгүүр таван хошуу малын зурагтай хатгамлыг зурваслан өлгөх нь сэтгэлд нэн дотно. Мөн ижил хоёр морины зурагтай хатгамал ч хуучныг сэргээгээд яг л хэвээрээ байж л байна. Орны явган болоод босоо хөшигтэй. Үнэхээр сайхан айл. Улсын нэртэй анчин Гүрзийн Дорж буюу Шар гуай гэж мундаг хүн байлаа. Хүүхэд их цаашлуулна. Ямар сайндаа л миний бие бага байхын Шар гуайгаас үнхэлцгээ хагартал айдаг байж билээ. Хөгшин нь Долзодмаа эгч гэж нарийн дуугаар цангинасан сайхан хүн. “Ноовын хэдэн хүүхэд ирлээ. Шар чи битгий хүүхдүүд айлгаад байгаарай” гээд угтдаг сан. Нэг жилийн цагаан сараар аав ээж хоёр айлд очоод эзгүй байх хойгуур манайд машин дүүрэн хүмүүс ирсэн нь тэр дунд Даржаа ирж билээ. Даржаа гэж өндөр хавчигар хар хүн. Би гэртээ орж чаддаггүй ээ, Даржаагаас айгаад. Удаа ч үгүй аав, ээж хоёр ирсэн. Машин дүүрэн зочид манайд цагаалж, шөнө орой болтол би үхрийн пинд чичрэн зогсч билээ. Даржаа байсгээд л “ногоон өвөө” гээд гэрээс гараад ирнэ. Сүүлд бодоход, “Тод магнай” кино зурагтаар гараад, өнөө буурал хээрийн өвгөн уяачийг хэлээд байж л дээ.

Хөшөөтийн адагт Жамбаа буюу Жанлав гуайнх нутаглана. Жанлав гуай зуны аагим халуунд зузаан гэгч хөвөнтэй дээлтэй эсгий гуталтай явна. Хот хүрээнээс ирсэн хүмүүс “пүү паа” болоод гайхаж гүйлдэнэ. Гайхшралыг нь бүр хөдөлгөж байгаа юм шиг Жамбаа эсгий гуталтай, арай л үстэй дээл, эсгий малгайтай тууж ирэх нь холгүй. Зузаан пөөнийсөн, хөвөнтэй хар дээлнээс сална гэж үгүй. Тэднийх мал ихтэй. Хэзээний мянга гаран малтай, их голын адгийн сайрыг мал нь бүрхдэг тийм л айл. Бид сар шинээр Жамбаагийнд шуугилдаад буулаа. Очих замдаа “Жанлав гуай хониндоо явчихсан эзгүй байгаасай, тэгвэл гоё доо” гэж ярилцлаа. Жамбаа байвал бас яггүй хэдэр ааштай учир бид эмээсэн хэрэг. Харин хөгшин нь сайхан зантай, бэлэг сайтай. Ингээд яваад ортол Жамбаа хойд талынхаа модон орон дээр түрүүлгээ хараад унтаж байна аа. Хурган дээлийн үзүүр хормойгоор хучсан шиг улаан шаргал торгон өмдөө салбайлгаад унжуулчихсан жигтэйхэн амьтан хурхирч байна. Хөгшин нь цай цүй гээд бууз жигнэх гэтэл бид дуу дуугаа авалцан “хэрэггүй хэрэггүй, бууз идэхгүй яарч явна л” гэлээ.

Хүүхдүүд байж байгаарай бэлгийг нь өгөөдөхье гээд эрэгнэгийнхээ хажуу талын хуучны модон авдрыг ухахтай зэрэгцээд нохой хуцаад явчихлаа. Хүүе хайя гэхийн зуургүй голын зүүн талаар нутагладаг Түмэнцогоо ах ороод ирдэг юм. Мань хүн нэлээн улаан зээрд болчихож, Жамбаа ахдаа золгоно шууд хоймор руу зүтгэчихлээ. Бид болохоор Жанлав гуайг сэрэхээс өмнө бэлгээ авчих санаатай сууж байдаг. Цогоо ах очоод хэд хэд нудчаад авбал Жамбаа нэг нүдээ аниад ууртай нь аргагүй босоод ирдэг юм. Цогоо ахтай мэнд ус мэдсэн ч юмгүй шууд л “юун хүүхдүүд вэ, гарцгаа” гэх нь тэр. Бид зэрэг шахам босч үүд рүү чихэлдэн дайрцгаагаад, босго даван хоёр гурваараа хэлхэлдэн унаж, уухайн тас алга болов. Бүгд л Түмэнцогоо ахыг зүхэж явсан сан. Цагаан сар дөхөөд ирэхээр ийм л нандин дурсамжууд сэтгэлд буух нь сайхан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *