Categories
мэдээ цаг-үе

Цагаан сарын барилдаанд магнайлж байсан хүчит гарьд Дамбийн Рагчаа

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Монгол бөхийн дэвжээг 1980-аад оны төгсгөл, 1990-ээд оны эхэн үед луу жилтнүүд чимж байсан гэхэд хилсдэхгүй. Энэ үед ид мандаж явсан 1964 оны луу жилтнүүдийн цуваа улсын их баяр наадамд 11 удаа түрүүлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд П.Сүхбат, улсын заан П.Хишигдорж нараар үргэлжилнэ. Энэ хүчтэнүүдийг залгаж гарч ирсэн 1976 оны луу жилтнүүдийн төлөөлөл “Хууль сахиулахын их сургууль”-ийн “Соёмбо” спорт сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа, улсын гарьд Д.Рагчаагийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Д.Рагчаа гарьдынх Хан-Уул дүүрэгт байрлах “Макс” группийн “Хийморь” хотхонд өвөлжиж байна. Тэднийд очиход гарьд биднийг найрсгаар угтав.

Д.Рагчаа гарьд монгол бөхийн ертөнцөд хэрхэн хөл тавьж байсан талаар бидний яриа эхлэв. “Хүчит бөхчүүдээрээ улсдаа алдартай Архангай аймгийн Булган суманд төрж өссөн болохоор ч тэр үү, хүүхэд байхаасаа бөх болох сонирхолтой байсан. Хаана л хүүхдүүд барилдана тэнд очоод дээлийнхээ сугыг ханзартал нь ноцолдоод явж байдаг хүүхэд байж. Ганц би ч биш 10 жилийн ангийн хүүхдүүд маань бүгд л барилдах дуртай байсан л даа. Бүр дундаасаа мөнгө цуглуулж байгаад хоорондоо сайхан бөхийн барилдаан хүртэл зохиож байсан удаа олон бий. Миний багад ид сайн барилдаж байсан улсын заан Ч.Гочоосүрэн, Д.Хишигдорж нарын хүчтэнүүдийг харж, тэдэн шиг том цолтой бөх болохыг хүсч Буян багшийн бэлтгэлд явж эхэлсэн дээ” гэж ярив. Ийнхүү ярилцах зуур гарьдын том өрөөг ажиглахад том шүүгээний хамгийн дээд талд гарьд малгайнуудаа залжээ. Удаах тавиуруудад өрж тавьсан улс, аймгийн цолны чимэг үнэмлэхүүд байгаа нь харагдав. Хажуугаар нь том, жижиг цом, чамин сувинеруудыг өржээ. Харин том өрөөнийхөө баруун хананд нь янз бүрийн хэлбэр дүрс, өнгө загвар хийцтэй гарьдыг бүхий л медалиудыг гурван туузанд зүүж өлгөсөн байв.

Архангай аймгийн бөхийн дасгалжуулагч Буян багшийн бэлтгэлд явж байсан хүү зургадугаар ангидаа үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаанд зодоглож мөнгөн медаль авч байсан нь хамгийн дурсгалтай нь аж. “Хүүхдийн төлөө фонд” гэсэн бичигтэй медалиа Д.Рагчаа гарьд цуглуулгынхаа хамгийн дээд талд нь залжээ.

1993 онд том бөх болох зорилго өвөртөлж Улаанбаатар хотод ирж дархан аварга Ж.Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавь” дээд сургуульд элсэн орж ардын багш улсын харцага Д.Сэрээтэрийн гарын шавь болжээ. “Хөл, гар томтой ч туранхай 68 хан кг жинтэй хүү ирж байхад Сэрээтэр багш “Миний хүү том бөхчүүдтэй бэлтгэл хийгээд дэмий хэмхэрчихнэ. Ойрын ганц, хоёр жилдээ чөлөөт барилдааны бэлтгэл хийгээд хүрээд ир. Гэхдээ чи болно” гэж хэлж байсан нь ирээдүйд бөх болох хүсэл тэмүүллийг маань урмаар тэтгэж өгсөн явдал байсан. Одоо бодоход их үнэтэй зөвлөгөө өгчээ. Хөдөөнөөс дөнгөж орж ирээд байсан хүүхэд нас бүдүүн гуалин шиг бөхчүүдтэй барилдаад бэртчихсэн бол яах ч байсан юм билээ гэж бодогдох үе байсан шүү” гэж дурссан. “Хүлэг эзнээ олбол хурдалдаг” гэдгээр сайн багшийн шавь болсон залуу бөхийн барилдах ур чадвар өдрөөс өдөрт өсч дэвжиж байсан гэдэг.

Том бөхчүүдийн гарын ая даахтай болсон Д.Рагчаа “аваргуудын хүндэтгэл”-ийн барилдаанд нэг давж, хоёрын даваанд нутгийн ах улсын заан Ч.Гочоосүрэнгийн аманд гарч удтал хүч үзэж тахим өгөөд буцахад нь хөлийн цэц хийж суусан 1963 оны улсын наадмын үзүүр бөх улсын арслан У.Мижиддорж ихэд үнэлж амжилт хүсэхэд нь том урам авсан байна. Хүчит арслангаас магтаалын үг сонссон залуу хүү өвлийн амралтаараа нутагтаа очиж сумынхаа сар шинийн барилдаанд зодоглож улсын начин “Муухай” хэмээх Ганбаатарыг өвдөг шороодуулсан нь улсын цолтой бөхийг давсан анхны тохиолдол нь байжээ. Энэ цагаас хойш тэрээр бэлтгэлдээ илүү шамдаж заалны барилдаануудад тогтмол зодоглож эхэлсэн байна. Улмаар 1997 онд бэлтгэл сургуулилтаа сайтар базаасан залуу бөх Д.Рагчаа аймгийн наадамдаа зодоглож 128 хүчтэнээс долоо давж түрүүлж байсан аж. Тэрээр “Аймгийн наадамд түрүүлж байсан үе одоо эргээд бодоход их сайхан байдаг юм. 21 настай залуу барилдаад тунасаар аймгийн арслан Н.Жүгдэргарав гэж мундаг хүчтэнг давж түрүүлчихээд их баярласан. Тухайн үед хэн ч намайг түрүү бөхийн тааварт оруулаагүй л дээ. Өөр залуучуудыг нэрлэж байхад нь таавар эвдэж аймгийн арслан болоод урам авсан даа. Их том болчихсон юм шиг мэдрэмж төрж байлаа ” гэв.

Аймгийн арслан цол хүртсэн залуу арсланд улсын наадмын өгсүүр дэвжээ тийм ч хялбар байсангүй. 1998 онд анх удаагаа зодоглож Баян-Өлгий аймгийн арслан К.Канатаар хоёр даваад гурвын даваанд улсын начин Ж.Намжилдоржид тахим буулгасан бол 1999 онд амжилтаа ахиулж улсын начин Р.Цоггэрэлээр гурав давсан ч удаах даваанд нь Завханы улсын харцага Ц.Бэгзсүрэнгийн аманд очиж өвдөг шорооджээ. Харин 2001 оны ардын хувьсгалын 80 жилийн их баяр наадмаар 17 улсын начин төрсний нэг нь Д.Рагчаа байсан юм. “Улсын наадмын дэвжээнд гурван ч удаа барилдаж өвдөг шороодож, дөрөв дэх удаагаа зодоглохдоо Өвөрхангайн улсын арслан Б.Ганбаатараар тав давж улсын начин болсон. Тэр наадмаар нийт 17 шинэ цолтон төрж наадамчин олноо баярлуулж байсан. Х.Мөнхбаатар, М.Баяржавхлан, Б.Сайнбаяр, Г.Ганхуяг гээд шилдэг бөхчүүдтэй хамтдаа улсын цолны өндөр босгоор алхаад нутгийн арслан Д.Мөнх-Эрдэнэд тахим өгсөндөө. Улсын начин болчихоод “Цолондоо эзэн нь байх юм шүү” гэж бодогдсон. Цол дагаж асар том хариуцлага ирж буй нь мэдрэгдсэн” гэв.

Улсын цолтнуудын өнөр бүлд багтсан Д.Рагчаагийн цолоо ахиулах ээлж 2006 онд тохиож Ардын хувьсгалын 85 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн томоохон баяр давхацсан том наадамд Сүхбаатар аймгийн харьяат улсын заан Ц.Магалжаваар долоо давж улсын заан цолны болзлыг 29 насандаа хангасан юм. Энэ талаар нь асуухад “2006 оны наадмын өмнө бэлтгэл сайхан дүүрсэн, ханасан байсан л даа. Заан цол надад их гоё санагддаг байлаа. Энэ цолд хүрэхийг мөн ч их хүссэн дээ. Тэр жилийн наадамд улсын начин Өвөрхангайн Р.Ганхуягаар тав давж шөвгөрөөд зургаагийн даваанд Завханы Ш.Уламбаярыг амлаж барилдаад давсан. Харин заан цолны төлөө хэнтэй барилдахаа хүлээгээд ам сонсоод сууж байтал “Сүхбаатарын Ц.Магалжавтай туналаа” гэж тайлбарлагч зарлаж байна. Магалаа ч тэр жил онцгой сайн бэлтгэлтэй байсан. Гараад хүнд барилдаан хийж давуулж бариад хутгаж давсан. Энэ мэхийг мөн ч олон удаа давтсан даа. Дадал болтлоо давтсан мэх өөрийн мэдэлгүй ордог юм байна лээ. Магалаа бид хоёр ч олон жил сайхан нөхөрлөсөн. Бөхчүүд бид дэвжээн дээр ширүүн өрсөлдөгчид ч бусад үед гэмгүй сайхан найзууд байдаг л даа. Адилхан хөлс, хөдөлмөрөө зарцуулж байгаа болохоор бие биенийхээ зовлон жаргалыг сайн ойлгодог” гэж ярьж байв.

Энэ цагаас хойш эр бяр нь жагссан Д.Рагчааг бөхийн хорхойтнууд улсын наадмын түрүү бөхийн тааварт оруулж, илүү их амжилт хүлээх болов. Харамсалтай нь наадамчдын хүлээлтэд хүрсэн барилдааныг хараахан үзүүлсэнгүй. Шинэхэн заан маань 2007 оны улсын их баяр наадмын дөрвийн даваанд Дундговь аймгийн харьяат аймгийн арслан Б.Чинзоригт өвдөг шороодож тааруухан наадсан бол 2010 оны ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадамд амжилттай барилдаж Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбатаар долоо давж цолоо батлаад, нутгийн дархан аварга Д.Өсөхбаярт тахим буулгажээ. Улсын заан цолоо баталж “Саруул сайжрах” чимэг авсан Д.Рагчаа 2012 оны улсын их баяр наадамд одтой сайхан барилдаж найм даван үзүүрлэж улсын гарьд цол хүртсэн талаараа “Улсын наадамд үзүүрлэхэд маань аав ээж, найз нөхөд, нутаг усныхан гээд надаас дутуугүй баярласан олон хүн байсан. Тэднийхээ итгэлийг алдалгүй сайхан барилдсан даа сэтгэл өндөр явдаг юм. Намайг цөөнгүй жил барилдахад үргэлж дэмжиж, түшиж тулж явсан энэ олны хүчээр би өдий зэрэгтэй барилдаж явдаг шүү дээ. Түрүү байрын төлөө барилдахаар давчихаасай гэсэн хүн их олон байсан юм билээ. Үүнийг наадмын дараа явсан газар бүртээ мэдэрч, сонсож байсан даа. П.Бүрэнтөгс чинь надаас 12 насаар дүү, ижил луу жилтэй хүчтэн шүү дээ. Үе мултарсан дүү залуу аймгийн арслантай үнэн хүчийг үзээд дийлэлгүй өвдөг шороодсон доо” гэж ярьсан юм. Мөн “Монгол хүн амны бэлгээр” гэж бөхийн тайлбарлагч Ц.Батнасан найз маань барилдах бүрт л “Д.Рагчаа хэзээ нэг цагт монгол наадмын түрүү байрын төлөө босох бөхөө” гэж хэлж байсныг нь биелүүлж өндөр цолд хүрсэн дээ баярлаж явдаг юм” гэж хэлж байсан юм. Энэ наадмын их шөвгийн дөрөвт Х.Мөнхбаатар арслантай хийсэн барилдааных нь талаар асуухад тэрээр “Мөнхбаатар арсланг талласан чинь л барьц яг тэгж сайхан таараад татсан хэрэг. Тэгээд л хөдөлсөн. Арсланг тэнцвэр алдангуут нь “Энэ л миний алдаж болохгүй боломж” гэж тэрхэн агшинд бодоод л хамаг хүчээ дайчлаад, ёстой л нүдээ аниад зүтгэчихсэн. Жин масс ихтэй, суурьтай арсланг их хүч гаргаж давсан даа” гэж хэлсэн юм. “Үндэсний бөхөөр барилдаж гаргасан амжилт маань их спортын бэлтгэлтэй салшгүй холбоотой байдаг. Спортын сууриа тавихдаа л чөлөөт бөхийн бэлтгэл хийж байсан маань удаан хугацаанд амжилттай барилдах суурь болсон доо. Би чинь 36 насандаа улсын наадамд үзүүрлэсэн хүн шүү дээ. Чөлөөт бөхийн улсын шигшээ багт тамирчин болж, шилдэг тамирчдын бэлтгэлийг нь хангалцаж, хөлсөө урсгаж байсныхаа буянг сүүлд нь амссан” гэж ярив. Тэрээр үндэсний бөхөөс гадна чөлөөт, самбо, жүдо барилдаанаар хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шагналт болон медальт байранд шалгарч самбо барилдааны олон улсын хэмжээний мастер цол хүртсэн юм.

Амжилттай яваа эр хүний ард сайн хань байдаг. Д.Рагчаа гарьдын эхнэр нь улсын дархан аварга Д.Цэрэнтогтохын ууган охин Урансүрэн гэж эмэгтэй бий. “1993 онд хотод орж ирээд “Их шавь”-ийн дээд сургуулийн багш дасгалжуулагчийн ангид Д.Цэрэнтогтох аваргын охинтой дөрвөн жилийн хугацаанд хамт суралцаж төгсөөд гэр бүл болж байсан даа. Бид хоёр ханилаад 20 жил болжээ. Одоо хоёр хүү, нэг охинтой сайхан амьдарч байна. Улсын их баяр наадмын түрүү байрын төлөө найман удаа барилдаж дөрөв түрүүлсэн дархан аварга хүний хүргэн болж дэргэд нь заавар зөвлөгөөг нь сонсох хувьтай төрсөндөө баярлаж явдаг юм аа. Би 2012 оны наадмын бэлтгэлд хадам аав багштайгаа гарч үр дүнд нь гарьд цол хүртэж байсан. Яг чухал барилдаануудын өмнө миний сэтгэл зүйг хурцалж өгч байсан даа. Өдий зэрэгтэй яваа маань аавтай маань салшгүй холбоотой” гэж хэлсэн. Д.Рагчаа гарьдынх хоёр хүү, нэг охинтой ажээ. Том хүү нь оюутан болсон бол бага нь өнөө жил найман нас хүрч байна. Гарьд “Хөвгүүдийгээ барилдаасай гэж их харах юм. Гэхдээ ирээдүйд барилдах эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Хүүхдүүдийн буян заяа л мэдэх байлгүй дээ” гэж ярьсан юм. Монгол бөх удам дагадаг гэдэг. Д.Рагчаа гарьдын ээжийн талд нь 1920-иод оны үед улсын наадамд амжилттай барилдаж байсан “Нохой” Гомбо гэж улсын заан цолтой хүн байжээ.

Д.Рагчаа гарьдын хувьд улсын их баяр наадамд үзүүрлэж байсан бол “бага наадам” гэж нэрлэгддэг сар шинийн барилдаанд ч амжилттай зодоглож 2014 онд сар шинийн барилдаанд 38 насандаа түрүүлсэн юм. “Сар шинийн барилдаанд олон ч жил барилдсан даа. Хариуцлага алдаж доогуур даваанд унаад, эсвэл бэртэл гэмтэл гээд сайн барилдаж өгөхгүй л байлаа. Төр түмний хүндэтгэлийн том наадамд нэг сайхан барилдчих юм сан гэсэн бодолтой явж байгаад 2014 онд зорилгодоо хүрсэн дээ. Өөрөөсөө олон насаар дүү энэ үеийн шилдэг бөхчүүдийг давж түрүүлчихээд туг тойрч байхад сайхан мэдрэмж төрж байсан шүү. Ер нь цагаан сарын барилдаанаар бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг шинждэг болохоор их ач холбогдол өгч барилддаг” гэж хэлсэн юм. Түүнээс цагаан сар хэрхэн тэмдэглэдэг талаар асуухад “Сар шинийн барилдаандаа зодоглоод гэртээ ирэхэд тавгийн идээгээ засах гээд гэрийнхэн маань хүлээж байдаг. Идээгээ засчихаад сайхан битүүрнэ дээ. Би чинь бөхчүүд дотроо бас ахмад нь болчихжээ. Эхнэр бид хоёр өөрсдөө айлын отгон хүүхдүүд болохоор сар шинийн баяраар дүү нар, шавь нар ирж золгоод олны хөл тасрахгүй шүү дээ. Эхний жил ганцаараа ирж байсан шавь нар дараа жил нь эхнэр аваад хоёулаа, тэгээд хүүхэдтэй болоод гурав дөрвүүлээ хүндлээд зогсох гээд ирдэг нь сайхан. Ний нуугүй хэлэхэд цагаан сараар нэг ахмад хүн шиг л байдаг. Жил бүрийн цагаан сар өнөр өтгөн сайхан болдог шүү” гэж хэлсэн юм.

Удахгүй болох сар шинийн барилдааны өнгийг хэрхэн харж байгаа талаар асуухад “Сар шинийн барилдааныг тааварлахад хэцүү л дээ Өнгөрсөн жил нутгийн дүү аварга Ч.Санжаадамба бага наадамд гурав дахь удаагаа түрүүллээ. Энэ жил илүү сайн бэлтгэлтэй байгаа. Ноцтой алдаа гаргахгүй бол өнгөнд л барилдах байх. Мөн Р.Пүрэвдагвыгаа сар шинийн барилдаанд сайн барилдчих болов уу гэж хүлээж, харж байна. Үүнээс гадна өнгөрсөн жилийн баяр наадмаар улсын харцага цол авсан М.Бадарчийн бэлтгэл ч аятайхан таарсан байгаа харагдсан. Тэр өдөр аз од нь гүйсэн бөх түрүүлэх байх. Би “Бөх билэгт” дэвжээний залуучууддаа сурсан мэдсэнээ зааж зөвлөөд явж байна” гэж хариулсан юм. Ийнхүү Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бэлтгэлийн цаг болж гарьд ажилдаа явснаар бидний уулзалт өндөрлөлөө. Д.Рагчаа гарьд аймгийн арслан болсноос нь хойш дэмжиж ирсэн “МАКС” группийн хамт олонд талархал илэрхийлж байсан юм.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *