Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан пиарын шинийн нэгэн

Ерөнхий сайд цагаан пиарын сар зарлав. Ер нь жил бүр цагаан сарын дараагийн дараагийн сарыг “Цагаан пиарын сар” хэмээн нэрлэх аж. Энэхүү ажил “Цагаан пиарын шинийн нэгэн”-ээр эхлэх баиргэд өглөө цагаан гэгээ ормогц сэрж таарсан хүнтэйгээ “Чи ч цайрч дээ”, “Тэгсээн, тэгсэн. Харин чи цагаандаа гараа шив дээ” гэхчлэн мэндлэх ажээ.

Цагаан пиарын сараар бүх юмыг цагаанаар ярьж, цагаанаар будах аж. Хөршийнхөө хашаа руу зөвхөн цагаан будаг цацаж болно. Нэгнийхээ нүүр рүү зөвхөн цагаан шороо цацахыг л зөвшөөрөх юм байна. Хараалч ерөөлч нар ч гэсэн засаг төрөө дээдлэх үүднээс бие биедээ хараал чатга хийхийг цээрлэх ба зөвхөн цагаан хэл аманд идүүлэн цааш харуулахыг эрхэмлэх аж.

Хурал номын газруудад “Цагаан Дара-эх” голлон унших, цагаан өвгөний сан тавьж, цагаан шүхэртээр л засал хийнэ гэж байна.

Цагаан пиарын үеэр хар гэдэг үгийг хэрэглэхгүй тул хүнийг арьсаар нь цагаан, цагаан биш, шар гэж хуваах болж байна. Түүгээр ч зогсохгүй бусдын анхаарлыг татахын тулд “Алив, тэр нөхөр толгойгоо эргүүлээд наашаа цагаан бишдээдэх!” хэмээн зандрах нь. Оройн мэдээгээр“ нөхрөө өөр хүнтэй цагаан бишидсний улмаас мохоо иртэй зүйлээр…”, “Солонгост цагаан бишидсэн иргэдийн дунд…” гэхчлэн ярих болж байна.

Дуучин-иргэнчин Жавхлан болохлоор олонд алдартай “Хар хархан харц” дуугаа “Цагаан биш цагаан бишхэн цагаанц” хэмээн нэрлэхээс аргагүй болов бололтой.

Ер нь цагаан пиарын сард тувтсайн мэдээ ярих учиртай тул нас барсан, хулгай хийсэн, хүн зодсон зэргийг эерүүлэн ойлгохоос өөр аргагүй болж байна. Гэмт хэргийн мэдээ “Цагдаагийнхан төрсөн биш хүний бие олсноо таниулах ажил хийв”, “ Хэд хэдэн удаагийн үйлдлээр 10 сая шахам төгрөгийн үнэ хүрэх “ гээгүй юм” олсноо хүлээв”, “Иргэн Б-гийн малгайг хүчээр бэлэглүүлсэн төдийгүй хүнд хэлбэрийн иллэг хийсэн нь тогтоогдсон” гэхчлэнгээр явж таарах нь.

Цагаан үйлийг дээдлэх, цагаанаар бэлгэдэх явдал ч цагаандаа гарсан болтой юм. Цонхоор цайны дээжээ өргөөд доор нь байсан машиныг нь завааруулсны төлөө гомдол гаргасан жолооч“ Хар пиарын талын этгээд” гэгдэн толгойгоо хага цохиулаад, азаар салжээ. Азаар гэдэг нь ийм учиртай, толгой нь хагарах үед тархиных нь өнгөөр цаанаа бол цагаан пиарын санаатай болох нь мэдэгдэн өршөөгдсөн гэнэ. Хармай ухдаг нэг этгээд үйлдэл дээрээ гардуулсан боловч цүнхнээс нь есөн цагаан алдагдсан түрийвч, есөн есийн наян нэгэн хулгайн айфоон олдсон тул бэлгэ дэмбэрлээ бодоод тавьж явуулахаас өөр аргагүй болсон ч гэх шиг.

Монголоо гэсэн сэтгэлтэй одон орончид сансрын “хар нүх”-ийг “огторгуйн цагаан сүв” хэмээн эерүүлснээ илтгэсэнд сэтгэл хөдөлсөн ерөнхий сайд Шинжлэх ухааны академийг Манакул академитай нийлүүлэх шийдвэрээ цуцалсан дуулдав. Үүнд урамшсан бичиг үсэггүйчүүдийн Академийнхэн “Сансрын туннель”-ийн нэрийг “Микрийн цагаан хоолой” болгож солихоор хуралдаж байгаа юм байна.

Хэрүүл уруул хийж буй улс “Чи муу сүү”, “Гайгүй байлгүй муу тараг минь”, “За цаад хэн чинь ёстой шохой хүн дээ” гэхчлэнгээр үг хаялцах нээ.

Эвгүй сэтгэгдэл төрүүлдэг зарим эвгүй газруудын нэрийг ч эерүүлж, АТГ-г Есөн цагааны бэлэг шинжих газар болгоод зогссонгүй, хорих ангиудын үүдэнд “Тавтай морилно уу” гэж бичүүлэх болсон гэх.

Эрдэмтэд “Монгол дахь цагаан пиарын өчигдөр, өнөөдөр, хэтийн төлөв” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зарласан ба илтгэлүүд ч түрүүчээсээ ирсэн байна. Тэнд “Цагаантнууд бол Монгол руу цагаан пиар экспортлогчид мөн”, “МАН-ын анхны цагаан пиарч “Цагаан дээлт” Дамдины урьд өмнө олдоогүй нэгэн цагаанпиар” гэсэн гарчгууд тодхон харагдана.

Манай оронд цагаан пиар хэрхэн бүрэлдэж байгааг уран сайхнаар харуулсан Д.Нацагдоржийн “Цагаан пиар ба цагаан биш нулимс”, “Миний хэнз пиар”, Ц.Дамдинсүрэнгийн “Хоёр цагаан пиар” зохиолын эргэн уншицгааж байна. Мөн ийм утга агуулгатай “Халуун элгэн тараг минь”, “Эрх цагаан пиар минь хөөрхөн дөө, хөөрхөн” гэхчлэнгийн дуунууд ч моодонд орж эхэлжээ.

Цагаан сарыг жил болгон даваад гардаг л хойно цагаан пиарын сарыг ч яахав, ард нь гарч л таараа. Харин дуусахаар яана аа даа, гэхээс яс хавталзах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *