Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд сонгуулиар хийсэн ажиглалт, мониторингийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал хийлээ.
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа болон сонгуулийн үйл явцад хяналт тавин ажиллаж байгаа юм.
Ажиглалтын багийнхан нийслэлийн 50 хэсгийн хороонд 100 гаруй ажиглагчийг бэлтгэж, сонгуулийн бүх үйл явцыг тасралтгүй ажиглажээ.
“Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Н.Энхцэцэг ярихдаа “Бидний ажиглалт хийсэн газруудад ямар нэг ноцтой зөрчилгүй сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Мөн техникийн тооллогыг хийх хэсгийн хороодыг сугалах үйл ажиллагааг ажигласан.
Ганц нэг зөрчил гарсныг дурдахад нэг сонгогчийн албан ёсны хаяг дээр огт байгаагүй өөр хүмүүсийг бүртгэсэн тохиолдлууд гарсан. Бид тухайн иргэдээс зөвшөөрөл авч, үргэлжлүүлэн судлах болно.
Мөн саналын хуудсын хавтсыг төхөөрөмжид чихэж хийснээс болж, төхөөрөмж гацаж, цаг орчим сонгуулийн үйл явц зогссон.
Үүнээс гадна сонгогчдын хувьд гурван нэр дэвшигчийн өмнөх дугуйг гурвууланг нь будаж, саналын хуудсыг хүчингүй болгох тохиолдол гарсан. Нийт 50 хэсгийн хороонд ажигласнаас 2,000 гаруй саналын хуудас хүчингүй болсон.
Уг нь Сонгуулийн хуулийн 97.9-д зааснаар сонгогч хэнд ч саналаа өгмөөргүй байгаа тохиолдолд хоосон саналын хуудас уншуулах боломжтой байсан. Үүнийг мэдээгүй иргэд санаатайгаар саналын хуудсыг хүчингүй болгосон байж болзошгүй.
Ажиглалтын үеэр хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүс хуулиа мэдэхгүй байх тохиолдол гарсан. Цагаан хуудас уншуулж байгаа иргэнийг зандрах, “Заавал аль нэгийг нь дугуйлж байж уншуул” гэх зэргээр шаардлага тавих тохиолдлууд байсан” гэлээ.