Categories
мэдээ цаг-үе

“Цагаан хадаг” ч яамай, цагаан хэл ам гэж айхтар юм бий шүү дээ

Олимпийн мөнгөн медалт, Монгол Улсын гавьяат тамирчин, Доржсүрэнгийн Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэх “Цагаан хадаг” киног үзлээ. Бодит хүн, тэр дундаа 30 ч хүрээгүй залуу тамирчны туулсан амьдралаас сэдэвлэсэн кино гэхээр шар сонины гарчиг шиг л хүний анхаарлыг татах юм гээч. Чингээд “Цагаан хадаг” киног, кино урлаг талаас нь сонирхож үзэв. Гэтэл бодсоноос минь болхи, санаснаас минь сул кино болжээ. Гэхдээ би мэргэжлийн шүүмжлэгч хүн биш. Зөвхөн өөрийн мэдрэмж илэрхийллийг л уншигч олонтойгоо хуваалцаж буй гэдгийг минь ойлгоно буй за.

Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа өөрийнхөө намтар түүхийг одоо дөнгөж бичиж эхэлж байна шүү дээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд бусдын л адил эгэл жирийн хүний туулж өнгөрүүлдэг л замыг туулжээ. Яахав, түүний бага балчир насанд ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юмсанж. Энэ нь Сумъяаг хатуужих, биеэ дааж сурахад нь түлхэц болжээ гэж ойлгогдоно. Үүнээс гадна Д.Сумъяа айлын том хүүхэд. Айлын том хүүхэд амьдралд эрт хэрсүүждэг учиртай. Амар болоочид амар амгаландаа шингэнэ. Харин амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Тэгэхээр үлдэгсэд ямраар ч болов амьдрах ёстой. Хань ижлээсээ өнчрөн үлдсэн эцэг нь бусдын дэм тус, түшиг тулгуурыг үгүйлж яваад нэгэн эмэгтэйтэй гэрлэжээ. Гэвч энэ бол хорвоо ертөнцийн мянга мянган хүний туулж өнгөрүүлдэг л амьдрал юм. Үнэхээрийн их зөрчил тэмцэлтэй, хүний санаанд оромгүй гойд сонин үйл явдалтай учирч тэр бүхний субьект нь болж яваагүй л бол энэ нь уран сайхны кино болоод байх хэмжээний өгөөжтэй, сонирхолтой сэдэв биш гэсэн үг л дээ. Гэтэл “Цагаан хадаг” кинонд барьцтайхан эсрэг дүр, ямар хэцүү юм бэ гэж өмнөөс нь адгамаар үйл явдал нэг ч гарсангүй.

Даваа охин хойт эхдээ дургүй байв. Ер нь дуртай хэн байлаа. Азаар хойт эх нь зөв сэтгэлтэй, сайн ч хүн таарч. Даваа охин л өөрөө зөрүүдлээд амбаартаа унтаад байхаар аав нь аймгийн төвд байдаг дүүгийндээ амьдруулахаар шийдэж байна. Айлд очоод зовж зүдрээд байсан ч юм алга. Охид олонтой айл гэхэд хэрүүл шуугиан хийж, хэл ам татлах, дээрэлхүүлэн доромжлуулах, хясч хавчигдах, өлсөж цангахын зовлон эдлэлгүй өсчихөж байгаа харагдана. Харин ч бөх ахынхаа дэмжлэгээр сургуулийнхаа жүдо бөхийн дугуйланд хичээллэж өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу аж төрнө. Бэлтгэл сургуулилт нь л хүний дааж давшгүй хүнд бэрх юм гэж харуулах гээгүй бол түүнд хэцүү юм байсангүй. Энэ бол кинонд харуулж буй л амьдрал шүү дээ. Гэхдээ цаад хүний, өөрөөр хэлбэл, Д.Сумъяагийн бодит амьдрал ямар байсныг хэлж мэдэхгүй юм.

Одоогоос яг сарын өмнө нээлтээ хийсэн “Цагаан хадаг” гэх нэг л ёозгүй нэртэй киноны тухай зохиолч Т.Номуунзул хэлэхдээ “Кононд гарч байгаа үйл явдлуудыг гол баатар Д.Сумъяад тохиолдсон зүйл гэж ойлгох нь өрөөсгөл болов уу, баримтат кино биш учраас, зохиолч найруулагчдын шийдэл, хэтрүүлэл компьютер графикийн ажил уг кинонд орсон” гэжээ. Тэгэхээр киног Д.Сумъяад нааж, ойлгоод, тэгж ойлгуулах гэж оролдоод баймгүй санагдав. Учир нь кинонд уран сайханжуулсан нэртэй учир битүүлэг зүйл их байна.

Киноны гол дүр Даваа (Т.Жинжмаа СУИСийн жүжигчний хоёрдугаар ангийн оюутан) олон улсын тэмцээнд барилдаж байх агаад, өрсөлдөгч тамирчныхаа боолтод орчихсон даруулж буйгаар кино эхэлнэ. Тэр хөмсөг зангидахаас өөрийг хийж чадахгүй байтал кадр шилжин 15 жилийн өмнөх үйл явдал руу хөтөллөө. Ихэнх Холливүүдийн киноны нийтлэг эхлэл. Тэгтэл нэгэн багш товолзтол алхсаар сургуулийн хонгилд зодолдон шуугилдаж буй хэсэг хүүхдүүдийг зандран тараав. Сонирхолтой нь охин хүү хоёрын охин нь дээр нь гарчихсан гөвшиж байх. Тэр нь Даваагийн дөрөв тавдугаар ангийн дүр төрх аж. (Бага насны дүрд О.Анужин гэдэг хүүхэд тогложээ) Чухам юунаас болж үеийнхээ хөвгүүнийг гөвшиж буй тухай кинонд ер өгүүлсэнгүй. Ирээдүйн нэр цуутай бөх бяр чадалтай, хөвгүүдийг ч зодчихдог нэгэн байсан гэж харуулах гэсэн юм болов уу. Сургууль дотроо зодоон хийж байхыг нь харсан багш нь Давааг шийтгэсэнгүй. Харин ээжийнх нь тухай таагүй мэдээ дуулгах гэж байсан болохоор шийтгэхтэй манатай. Даваа охин ч үгийн сэжүүрээс ойлгон гэр рүүгээ чавхадчихлаа. Хашааныхаа үүдээр орж ирмэгц хашаагаар нь дүүрэн хүн. Түлээ хөрөөдөх нь хөрөөдөж, зарим нь мод хагална. Тэд бүгд гаднаас орж ирж буй Даваа охиныг хараад юу ч хэлж чадсангүй. Зарим нь бүр барьж байсан зүйлээ өөрийн мэдэлгүй алдана. Энэ хэсэг дээр найруулагч, зураглаачид сайн ажиллажээ. Үнэхээр л хүмүүс бидний улиг болтол нь мэдэрч, үзэж туулсан хагацал зовлонгийн дүр төрхийг тод харуулжээ. Охины нүдэнд халтартсан бүрээстэй бор гэрийнх нь өрх бүтээлгээстэй харагдах нь зүрх шимширмээр. Даваа нүдэндээ нулимс цийлэгнүүлэн шууд л өрх нь татаастай гэр рүүгээ зүглэн алхав. Хашаа дүүрэн хүмүүсээс хэн ч түүнийг болдоггүй юм, болохгүй гээд гэрт орохыг нь хориглохгүй, ядаж аав нь дагаад гэрт орчихгүй юм. Бодит амьдрал дээр бол дөрөв, тавдугаар ангийн жаахан охиныг амар болоочийн гэрт ганцааранг нь орохыг хориглож дөнгөх, хань бараа болох ухаан сэхээтэй хүн эрхбиш олдоно (бүр айж цочно гээд тас хориглох нь ч бий) аргагүй л кино юм даа гэмээр. Даваа охин гэрийн үүдэнд үүрсэн цүнхээ хөсөр унагачихаад орчихов. Дараагийн кадрт зул барьсан гэр доторх байдлыг харуулна даа гэж тааж суутал саруулхан гэрэлтэй орчин угтав. Хөндий гэрийн баруун талд цагаан цэнхэр хөшиг татаж, өнөөх өрх нь бүтээлгээстэй байсан гэрийн тоононы цамхраа хөшигнөө сүүдэртэж харагдана. За энэ ч ёстой залчлаа даа, Холливүүдийн кинонд албаар логикийн алдаатай дүрс авдаг юм гэсэн. Тэрийг л дуурайж буй нь юм болов уу даа гэж бодох зуурт Даваа охин хөшиг сөхөж, хөшигний цаанаас хэдэн цагаан тагтаа дэрхийн нисэв. Цочихдоо сая л учрыг нь ухаарч, аа энэ киноны шийдэл, албаар хийсэн зохиомж нь юм байна гэж там тумхан ойлголоо. Миний ойлгосноор бол киноны гол баатар Д.Сумъяа ээжийнхээ нас барснаас болж сэтгэл зүйн цочрол, айдас тээж үлдсэн гэж үүгээр харуулах гээ юм болов уу. Уг нь энэ киног би Д.Сумъяагийн амьдралд нааж ойлгомгүй байгаа юм. Гэвч нэгэнт түүний амьдралаас сэдэвлэсэн кино гээд байгаа болохоор яалтай ч билээ.

Амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилж, айл гэрийн аахар шаахар ажил бүхэн хоёр ч жаахан дүүтэй бээлийн чинээ Даваа охины нуруун дээр буужээ. Гэвч тэрээр энэ бүхэнд шантарсангүй. Аав, дүү нартайгаа амьдраад байж болох байлаа. Тэгтэл нэг л өдөр аав нь нэгэн эмэгтэйг дагуулан ороод ирэх нь тэр. Хэрсүү суусан охин талийгч ээжийнхээ орон дээр танихгүй эмэгтэйг унтуулахыг хүссэнгүй. Ээжийнхээ орыг тэр дор нь нүүлгэн амбаартаа оруулж, тэндээ хоноглох болов. Гэхдээ энэ бол түүний өөрийнх нь сонголт байсан. Хэн ч түүнийг тэг гэж шахаж шаардаагүй. Өөрийн сонголт зөв ч бай, буруу ч бай тухайн хүн түүндээ л сэтгэл хангалуун байдаг гэдгийг мартаж боломгүй.

Хойд эхээ хүлээн зөвшөөрч нэг гэрт орохыг хүсэхгүй байгаа охин, хань түшиг хийж хамтдаа аж төрье гэсэн эмэгтэй хоёрынхоо дунд холгуулж ядсан эцэг хүн охиноо дүүгийнх рүүгээ явуулахаар эхнэртэйгээ зөвлөлдөж байна. Олзуурхмаар нь гэнэт гараад ирсэн мөнөөх эмэгтэй ихэнх арилжааны кинонд гардаг шиг хатуу хахир ааштай, үзэн ядалтаар дүүрсэн хойт эхийн нийтлэг дүр байсангүй. Охиноо аймгийн төв рүү явуулж, дүүгийндээ амьдруулахаар шийдэж буй нөхөртөө “Охин хүүхэд гэрээсээ хол байна гэдэг хэцүү шүү дээ” гэж анхааруулж байна. Өөрт нь дургүй, хүлээн зөвшөөрөхгүй байгааг нь бодвол бушуухан зайлуулж холтгохыг хүсч болох. Гэвч тэр хүнд хойд эх гэж муучлаад баймгүй эмэгтэй хүний өр нинжин сэтгэл байлаа. Даваа охин л өөрийнхөө шазруун зангаас болж гэрээ, аав дүү нараа орхиод явчихна. Уг нь кино бүтээгчдийн гол зорилго нь хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцдэг, ямар ч саад бэрхшээлийг даван туулж чаддаг сэтгэлийн тэнхээтэй, хаттай хүний дүрийг бүтээх гээд байгаа бололтой юм. Тууштай, сэтгэлийн тэнхээтэй хүн гэж өөрийнхөөрөө буруу ишилсэн сүх шиг зөрүүдэлдэг, шазруун, шазуур зуусан хүнийг хэлдэггүй шүү дээ. Энэ тал дээр Ж.Сэнгэдорж найруулагч гол шугамаасаа хазайгаад тууштай, өөрийгөө ялан дийлж чаддаг хүнийг бус тийм мэт харагдуулах хоёрдогч, гуравдагч нөхцөл байдлуудыг тоочоод, төөрөлдөөд явчихсан байна.

Тухайлбал, Даваа охин арван жилийн сургуулиа төгсөөд ХААИСийн хуваарь авчээ. Аав нь ч үүнд баяртай байв. Гэвч Даваагийн хүсэл тэмүүлэл жүдо бөхдөө илүү татагдана. Аав нь харин жүдог нь дэмжихгүй байлаа. Ийм нөхцөл байдалд даваа амьдардаг айлаасаа оргож том толгой гаргах замыг сонгов. Бас л мөнөөх зөрүүдлэл гөжүүдлэл биш гэж үү. Хот мэдэхгүй хөдөөний, тэгээд охин хүүхэд замын унаа тосч хотод ирээд жүдогийн багштай болчихож байгаа үйл явдал тун бүрхэг. Кино зураг авсан Партизаны сангийн аж ахуйгаас бол Улаанбаатар хот ойрхон байх л даа. Гэвч гол баатар Д.Сумъяагийн амьдралаас нэгэнт сэдэвлэж байгаа бол Увсын хязгаар, Улаангомоос Улаанбаатар хотод Даваа ирэх ёстой юм. Тийм ч амаргүй дээ.

Үл ойлгогдох Ёр билгийн илгээмжҮҮд

“Цагаан хадаг” кинонд хүн ойлгохооргүй юм их байна аа. Арай гэж нэг юм жүдогийн багштай болоод дугуйлан секцээр хичээллэж эхлээд байсан Давааг зааланд бэлтгэл хийж байхад нь хэнээс ч юм нэг илгээмж ирэв. Задлаад үзэхнээ цагаан өднүүд (яг л нөгөө хөшиг сөхөхөд ниссэн цагаан тагтаануудынх болов уу гэмээр) бас өөрийнх нь бүсэлж буй кимоногийнх нь хар бүсний тасархай байх аж. Илгээмж ирэхийн өмнөхөн Даваа хамт бэлтгэл хийдэг найзтайгаа дискодохоор тохирсон юм. Тэгтэл гэнэт ийм сонин илгээмж ирсэн нь “Зорилго мөрөөдлөө мартах гэж байгаа юм биш биз” гэсэн ямар нэгэн далдын сануулга, анхааруулга бүхий илгээмж байсан юм болов уу гэж киног цааш үзэх явцдаа хүчлэн таамаглав. Диско клубт Даваа жүдогийн багштайгаа таарна (Багшийн дүрд Н.Ялалт тогложээ). Харин найз нь бүжгийн талбай руу явчихсан болохоор түүнийг хамт яваа гэж багш мэдсэнгүй. Эцэст нь хамт яваагаа мэдэгдэхгүй байхаар тохирч, найз нь ч Давааг орхиод явчихлаа. Мал болтлоо согтсон багшийгаа Даваа өмсөж сураагүй өндөр өсгийт дээрээ чүүчигнэн үүрсээр гэрт нь авч ирэв. Ингэж явахдаа өөрт нь тусалсан нэгэн залуутай танилцаж байна.

Киноны үйл явдлаас хараад, ухаж бодоод байвал дээрх учир битүүлэг илгээмж ёр билгийн шижтэй сануулга байсан нь үнэн бололтой. Хожим тэр залуутайгаа уулзаж учирсаар дурлалцаж анхны үнсэлтийг түүнээс л мэдэрч байна (Дурлалт залуугийн дүрд залуу жүжигчин Б.Шинэбаяр тогложээ). Киноны хамгийн романтик хэсэгт Даваа найз залуудаа анх үнсүүлчихээд ичингүйрэн эргэхэд газраар нэг алим. Бороотой гудамж бүхэлдээ газраар хөглөрөх гэрэлтсэн алимны үзэсгэлэнгээр туяарч харагддаг нь хайр дурлалын гал дүрэлзэн асаж буйг илэрхийлэх сонирхолтой шийдэл болсныг энд хэлэх нь зүйтэй болов уу.

Гэтэл бас Даваад дахиад л илгээмж иржээ. Энэ удаад урьдын адил дугтуйтай зүйл Даваагийн хувцасны шүүгээний тавиур дээр байлаа. Нээж үзвэл мөнөөх л цагаан өд, дундаас нь нүхийг нь сэтэлсэн сүүжний яс гарч ирэв. Жүжиглэж буй жүжигчин нь бүү хэл, хөндлөнгийн үзэгч ч айж цочирдон, жигшиж зэвүүцмээр, хийморь сүлд бузартаж орхимоор муухай юм харуулах гэж. Энэ нь найруулагч, зохиолчдын шийдэл гэх олиггүй хийдэл аж. Уг нь монголчууд сүүжний ясыг гэрт хонуулахаас ч цээрлэдэг ард түмэн сэн. Ямар гээчийн хар хор, хараал жатганы илэрхийлэл болгож бүхэл бүтэн хүний амьдралаас сэдэвлэсэн гэх кинондоо ийм зүйл оруулж ирснийг нь таахын аргагүй. Эсвэл бөхчүүд, тамирчдын дунд иймэрхүү хараал жатга, хар хорын зүйл тэнэж явдаг гэж харуулах гээ юм болов уу. Ёстой бүү мэд. “Цагаан хадаг” гэх ёсгүй нэр, сүүжний яс, зулгаасан өд сөд, ганц мод зэрэг сэжиг төрмөөр ёр билгийн шинжтэй ямар сонин кино вэ, энэ чинь.

“Бөх хүн бүдүүн өвсөнд бүдэрдэг” гэх монголчуудын эрт үеийн хэлц үг бий сэн. Бөх хүний бүдүүн өвсөнд бүдрээд уначихдаг тохиолдол нь нэр төрөө сэвтээх, сүлд хийморио гутаах зэрэг ёс бус зүйлээс нь үүдээстэй байдаг юм билээ. Мэдээж хэрэг хар хор, атаа жөтөө ч үүнд хамаатай. Гэтэл гайгүй сайхан барилдаж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгаж буй сортоотой нэгэн тамирчныхаа амьдралыг нь шүүрэн авч ингэж элдэвлэж болдог юм уу. Тамирчин хүний дотоод сэтгэлийн зөрчил, айдас хүйдэс зэргийг илэрхийлэх гэсэн оролдлого, шийдэл гэдгийг нь мэдэж байна л даа. Гэвч тэр бүхнийг шатаж буй ганц мод, сүйжний яс, өд сөд, хөшигний цаанаас нисэх цагаан тагтаа (үхээрийн бузар гэмээр), тэгээд “Цагаан хадаг”-аар илэрхийлэх чинь нэг л ёозгүй, ер монгол хүний сэтгэхүйд нийцэхгүй болхи мулгуу зүйлүүд биш үү. Бүр сүүлд нь киноны жанр нь ямар төрлийнх вэ гэдгийг ч ялгаж танихын аргагүй болгочихож. Жүдо бөхийн тамирчны тухай гэхээр спортын кино гэмээр, тэгээд уянга драмын хэсгүүдтэй, бас болоогүй ээ, ид шид ёр билгийн шинжтэй зөгнөлт кино ч гэмээр. Сүүжний яс энэ тэрийг нь бодохоор аймшгийн кино ч гэмээр. Бүр нэг бантагнуулж орхижээ.

Энэ бүхний эцэст “Цагаан хадаг” киноноос орлого олж жүдо бөхийн ордон байгуулах ч яамай хэрэг. Зүгээр мөрөөрөө хөдөлмөрлөж, эх орноо төлөөлж, амжилт гаргаад байгаа нэгэн сайхан тамирчин бүсгүйгээ цагаан хэл амны бай болгож шоглох хэрэг байж үү дээ гэж бодогдоно. “Цагаан хадаг” нэртэй кино өөрийнхөө амьдралаар сэдэвлүүлэн хийлгэх нэг хэрэг, цагаан хэл ам, элдэв ёс бус бүхнийг өөртөө наалгаж олон түмэнд харуулах гэдэг бас өөр хэрэг ээ. “Цагаан шүхэрт” гэх хэл амнаас хамгаалдаг ном сайн уншуулаарай гэж гавьяат тамирчиндаа зөвлөмөөр санагдсаныг энэ далимаар уламжилъя аа.

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *