Засгийн газрын өнгөрсөн пүрэв гаригийн /2017.08.17/ хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэрийг гаргасан юм. Энэ засгийн тогтоолыг “Цагаан хад хөгжлийн гарц” төрийн бус байгууллага эсэргүүцэж байгаа аж. Тэд нөхцөл байдлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Цагаан хад” гаалийн хяналтын бүсийг нүүрс олборлодог, тээвэрлэдэг хувийн компаниуд нэгдэж, 2006 онд Гашуун сухайт боомтоор гарах Тавантолгойн нүүрсний уурхайн экспортод зориулж байгуулж байжээ. Гэтэл Засгийн газар урьдчилан мэдэгдэлгүй, орон нутгийн иргэд компани аж ахуйн нэгжийн саналыг сонсолгүйгээр үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах шийдвэр гаргасан гэж “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ынхан үзэж байв. Тэд “Засгийн газар, захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны аливаа акт, шийдвэрийг гаргахдаа тооцоо судалгаа бүхий байх, эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн саналыг сонсох, түүнээс үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг тооцоолон шийдвэрээ гаргах ёстой. Гэвч Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газар илт хууль бус үндэслэл тооцоололгүй шийдвэр гаргалаа. Одоо 90 км үргэлжлэх нүүрсний тээвэрлэлтэд үүссэн урт дарааллыг Цагаан хадыг хааснаар шийдэхгүй. Харин эсрэгээрээ хилийн боомт дээр ачааллыг төвлөрүүлж, тэнд гардаг гэмт хэрэг, авто тээврийн осол аваарыг нэмэгдүүлэх магадлалтай гэлээ. Тээвэрлэлт, жолооч нарын эрх ашгаас гадна нүүрсний экспорт удаашрах эрсдэлтэй” гэлээ.