Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаачид АНУ-ын өмчийн эрх рүү тэмүүлдэг

Улаанбаатарын эдийн засгийн клубын гишүүдийн ээлжит уулзалт өчигдөр “Туушин” зочид буудалд болов. Тус клуб нь Монголд тулгарч буй эдийн засгийн асуудлуудыг томоохон бизнесменүүд, эдийн засагчид, улстөрчдөд хэлэлцэх боломж олгодог юм байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хавайн их сургуулийн профессор, эдийн засагч, улстөрч Кен Скуленд “Худалдаа цагаачлалын бизнес эрхлэгчид: Хөгжил цэцэглэлийн замд” сэдвээр лекц уншив. Түүний лекцийг товчлон та бүхэнд хүргэж байна.

Инфляци нэмэгдэхэд Засгийн газар хамгийн их хождог

Би 22 жилийн өмнө Монгол оронд ирж байсан. Тэр үед хүмүүс нь сайхан сэтгэлтэй, зочломтгой, уудам тал нутагтай, байгаль нь үзэсгэлэнтэй байв. Гэхдээ улс орны эдийн засаг хүнд, иргэд ядруухан байсан. Харин өнөөдөр харахад эдийн засаг нь өөрчлөгдөж, хүмүүсийн сайхан сэтгэл, онгон байгаль нь хэвээр байгааг харж байна. Намайг энэ арга хэмжээнд урьж оролцуулсан зохион байгуулагчдад баярлалаа. Би эдийн засгийн хөтөлбөрүүдийг удирддаг. 2014 онд Шанхай, Австрийн эдийн засгийн уулзалтыг би эхнэрийн хамт зохион байгуулж байсан. Одоо Индонезийн Балид “Эдийн засгийн либералчлал”, дараа жил Мароккад уулзалтыг зохион байгуулна. Энэ уулзалтууд дээр чөлөөт эдийн засгийн тухай ярина. Мөн БНХАУ, Гүрж зэрэг орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Миний хувьд Монголын эдийн засгийн талаар мэргэшсэн хүн биш. Гэхдээ эдийн засагч мэргэжилтэйн хувьд дэлхийн бүхий л эдийн засгийн зарчмуудыг хамарсан мэдлэгтэй байдаг. Миний хувьд ядуурал гэхээсээ илүү яаж чинээлэг болсон бэ гэдэг асуултад хариулт хайх нь зөв гэж үздэг яагаад гэвэл ядуурал эрт дээр үеэс хүний нийгмийн дунд оршин тогтносоор ирсэн. Харин сүүлийн хэдэн зуун жил чинээлэг байдал гэж бий болсон. Дэлхийн эдийн засгийн индексээр татварын хувь хэмжээ, гэрээ хэлэлцээрийн баталгаатай байдал, мөнгөн хуримтлалын хамгаалалт, хил дамнасан худалдааны чөлөөт байдал, засаглалын чанар, авлигын түвшин зэргээр хэмжиж болдог. Эдийн засгийн индексээр Хонконг, Сингапур зэрэг орнууд олон жил тэргүүлсээр ирсэн. Эдийн засгийн эрх чөлөөгөөр Зимбабве, Венесуэль зэрэг орнууд доогуур орж байна. Латин Америкийн орнуудад 1950-иад онд үр хүүхэдтэйгээ шилжин сууршихад таатай байсан бол өнөөдөр тухайн бүсэд таагүй нөхцөл үүссэн. Гэтэл тухайн үедээ маш ядуу байсан ч өнөөгийн “Азийн бар” гэж нэрлэгдэж байгаа Тайван, Хонконг, Сингапур зэрэг орнууд өнөөдөр хамгийн амьжиргаа сайтай орчин болж өөрчлөгдсөн. 1950 оноос хойш Латин Америкийн орнуудын ДНБ 1-2 дахин өссөн бол “Азийн бар”-уудынх 40-50 дахин өсчээ. Эдийн засаг нь өндөр өсөлттэй орнуудын засаглал нь ил тод сайн, авлигын түвшин бага байдаг. Энэ нь тэдгээр орнуудыг колони байсан орнуудаасаа илүү их орлоготой, чинээлэг амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна. Жишээлбэл орчин таатай байсан Латин Америкт 1950 онд төрсөн хүний амьжиргааны түвшин мөн тухайн үед “Азийн бар” орнуудад төрсөн хүнтэй өнөөдөр харьцуулахад 40-50 дахин доогуур байх жишээтэй. Энэтхэгийн жишээн дээр авч үзье. Фермерүүдийн хувьд оюуны өмч маш чухалд тооцогддог. Гэтэл Их Британи улс ой мод, тариалангийн талбай, бэлчээр зэргийг их сүйтгэсэн байдаг. Энэ бүхнийг зохицуулах хууль байхгүйгээс бараг өлсгөлөн болж байсан. Харин өнөөгийн нөхцөлд фермерүүд гүүгл, GPS зэрэг орчин үеийн цахим хэрэгслүүдийг ашиглаж өөрийн газрын бүртгэлийг хийлгэснээр газрын ашиглалт сайжирч, улмаар ашиг нь нэмэгдэнэ. Улмаар олсон орлогоороо үр хүүхдүүдээ сургах гэх мэт эерэг үзүүлэлтүүд гарч байна. Олон оронд өмчийн эрх, харилцааг зохицуулж өгөөгүй байна. Гэтэл өмчийн эрх гэдэг нь эдийн засгийг хангах нэг нөхцөл болдог. Мөн инфляцийн асуудал байна. Зимбабвегийн хувьд бонд гаргасан. Тухайн үедээ бонд 100 ам.доллараар гарч байсан боловч өнөөдөр үнэгүй шахам болчихоод байна.

Төрөөс фермерүүдэд дэмжлэг үзүүлэх нь 1940 онд зогссон

Хүмүүс маргаашийн хэрэгцээндээ зориулж мөнгө хадгалж байдаг. Энэ нөгөө хэсэг хүмүүст тэр мөнгийг нь зээлж хэрэгцээгээ хангах боломж олгоно. Инфляцийн үед үл хөдлөх хөрөнгө, газартай улсуудын хөрөнгийн үнэлгээ нэмэгддэг. Гэхдээ инфляцийн үед хамгийн их хождог нь Засгийн газар. Яагаад гэвэл Засгийн газарт маш их үл хөдлөх хөрөнгө байдаг. Нөөцөө алтаар бүрдүүлсэн байдаг Чөлөөт эдийн засаг бол чинээлэг иргэдийг төрүүлэх нөхцөл бүрдүүлдэг. Жишээлбэл, Хонконг өөрсдийн газар нутгийн байрлалыг ашиглаж чөлөөт худалдааг хөгжүүлсэн. Шинэ Зеланд улс дэлхийн хамгийн хяналттай худалдааны эдийн засагтай улс байсан. Швейцарь улс бас адил хяналттай эдийн засагтай байсан. Гэтэл Швейцарь үсрэнгүй хөгжсөн бол Шинэ Зеландын хөгжил маш удааширсан. Тус улсад фермерүүддээ янз бүрийн улсын дотаци өгдөг байсан. Энэ нь тухайн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашигтай юу, үгүй гэдгийг бодитоор мэдрэх боломж олгодоггүй. Харин энэ төрөөс дэмжлэг үзүүлэх явдал нь 1940 онд зогссон. Өмнөх социалист маягийн тогтолцоо нурснаар Шинэ Зеланд улс чөлөөт худалдааг дэмжих, зах зээлийн эдийн засгийг дэмжих болсон. Грек улсад бас ийм арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би бодож байна. Дотаци авч байсан фермерүүд аливаа шинэтгэлийн арга хэмжээний дараа дэмжлэг авахаасаа илүү арай ухаалаг бодлого явуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон байдаг. Нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх, сортоо сайжруулах, зардлаа багасгах гэх мэт өмнө тоодоггүй байсан зардал бууруулж, ашиг нэмэгдүүлэх аргуудыг хэрэгжүүлдэг. Мөн Засгийн газар нь зардлаа маш ихээр бууруулж, төрийн албан хаагчдыг 30 хувиар цомхотгосон байдаг. Засгийн газар татвар бууруулж, харьяа байгууллагууд нь ашиг олж, зардлаа бууруулах арга олж байв. Жишээлбэл Цаг уурын байгууллага олон нийтэд цаг агаарын байдлыг мэдээлэхээс гадна, цаг агаарын мэдээ илүү чухал хэрэгцээтэй байгууллагуудад тусад нь мэдээлэл боловсруулах зэрэг үйлчилгээ үзүүлж төлбөр авч зардлаа бууруулсан. Грек улс ийм арга хэмжээг хэрэгжүүлсэн бол өнөөгийн хүнд байдалд орохгүй байсан байх. Шинэ Зеландын Засгийн газар шинэчлэл хийснээр эдийн засгийн өгөөж бүх нийтэд хүртээмжтэй болно. Цөөн хэдэн хүнд өндөр ашиг авчирдаг тогтолцоог устгана гэдгээ мэдэгдсэн. Шинэ Зеландын энэ туршлагыг Монгол Улсад хэрэгжүүлж болох юм. Танай хөрш БНХАУ туршлага болохоор орон. Хятад улсын эдийн засгийг энэ мянганы од гэж болно. Өнгөрсөн хугацаанд Хятад улс 250 сая хүнийг ядуурлаас гаргасан. Гэхдээ тус улс эдийн засгийн индексээр олон улсад доогуур жагсаж байна. Хятад улс яагаад доогуур жагсаж байна гэвэл энэ улс маш том улс. Нэг муж л гэхэд нэг улсаас олон хүн хүн амтай. Хятадын зүүн мужийн зарим хэсэгт Хонконгоос илүү амьжиргаатай байгаа. Гэтэл бусад олон мужид хяналттай эдийн засагтай тул олон хүн ядуу буурай, орлого багатай байна гэж үзэж байна. Энэ хэсэг нь нийт жингээрээ нөгөө чинээлэг хэсгээ дардаг учраас эдийн засгийн үзүүлэлт доогуур гарна. Эдийн засгийн эрх чөлөөний индекст бас үзүүлэлт чухал гэж би үзэж байна. Энэ нь шилжилт хөдөлгөөн. Энэ бодлогыг хэрэгжүүлдэг орнууд чадварлаг боловсон хүчнийг өөртөө төвлөрүүлж чадна. 1912 онд АНУ байгуулсан компаниудын 33 хувийг цагаачид байгуулсан гэдэг мэдээ байна. Яагаад цагаачдыг онцлоод байгаа юм бэ гэж надаас олон хүн асуудаг. Цагаачид АНУ-ын үндсэн иргэдтэй харьцуулахад бизнес хийх хүсэл эрмэлзэл их байдаг. Тэд эрсдлийг өөр дээрээ авч, даван туулах чадвар өндөр байдаг. Бизнес эрхлэгчдэд шаардлагатай тэр их эрсдэл даах зэрэг чадвар нь цагаачдад байдаг шинж чанаруудтай адил харагддаг. Миний эхнэрийн хувьд хятадаас гаралтай АНУ суурьшсан хүн байдаг. Манай хүний хувьд дэлхийн бөмбөрцгийн нөгөө хагаст очиж өөрийн хүсэл зориг, эрч хүчээр илүү сайхан амьдрах хүсэл зориг байсан. Хүн эрх чөлөөтэй газарт л өөрийн байгаа боломжоо ашиглаж хүчээ сорьж амьдарна. Эдийн засгийн эрх чөлөөтэй орнууд өөрийн ажиллах хүчээ хоёр дахин нэмэгдүүлдэг. АНУ энэ бодлогыг хэрэгжүүлснээр өөрсдийн чадварлаг боловсон хүчнээ арав дахин нэмэгдүүлж чаддаг. Зарим оронд шилжин суурьшигчид өмнөхөөсөө илүү амьдрах боломж байдаг боловч АНУ тэмүүлэх нь их байна. Хүмүүсийн цагаачдын эсрэг үзэл нь шашин шүтлэг, ажлын байрны асуудлаас болдог. Надтай хамт нэг герман оюутан сурч байсан. Германд цагаачдаас айж байгаа бол асуудал цагаачдад өөртөө итгэлгүй, өрсөлдөх чадваргүй герман иргэнд байна гэж үзнэ. Эхний ээлжинд суурьшихаар ирж байгаа цагаач иргэн сайн хүн үү, муу хүн үү гэдэг мэдэгдэхгүй байж болно. Гэхдээ яваандаа эрсдэл даах чадвартай, өрсөлдөөнд тэсвэртэй гэдэг нь батлагддаг. Газрын тосоор жишээ авч болно. Хүний төлөө дайн хийхээсээ илүү газрын тосны төлөө дайн олон болдог. Гэтэл газрын тос ямар ч баялаг бүтээдэггүй. Өсөн үрждэггүй, хөгжиж дэвждэггүй эд. Харин хүн өсөж дэвжиж үржиж олширно. Гэтэл зарим нэг нь хүмүүс өсөж үржээд бидэнд аюул занал учруулна гэж үздэг.

Төсөл нэрээр мөнгө гуйвуулж авлигыг өөгшүүлэх хэрэггүй

Ихэнх улс оронд цагаачдын төлөө ба эсрэг үзэлтэй улсууд байдаг. Яагаад тэд цагаачдад ээлтэй ханддаг вэ гэвэл хөрөнгө оруулалт, ажлын байр, чадварлаг боловсон хүчин нэмэгдэнэ гэж үздэг. Ийм үзэлтэй бизнесменүүд Засгийн газартайгаа харьцахад хэцүү байдаг. Харин АНУ цагаачдын асуудалд ээлтэй ханддаг орны тоонд орно. Хавайн зарим компаниуд хятадуудтай гэрээ хийх замаар ажиллах хүчээ бүрдүүлдэг. Португаль улс бас анх цагаачдад ээлтэй ханддаг улс байсан. Хөрөнгө мөнгө, ёс заншлаа авчраад ирж байгаа цагаачдад нааштай хандаж байсан. Тухайн үедээ хөрөнгө оруулалтыг маш сайн ашиглаж чадсан. Харин хожим нь шашин шүтлэг бусад шалтгаанаас болоод энэ бодлого нь өөрчлөгдсөн. Улс орон бүрт иргэддээ үзүүлэх халамж өөр байдаг. Өндөр халамж үзүүлдэг орнуудад цагаачдын асуудал багагүй байдаг. АНУ-ын халамжийн бодлогод дурласан цагаачид их байдаг гэж ярьдаг. Миний бодлоор бол тийм биш. Тэдэнд амьжиргааны төлөө гэхээсээ илүү бизнес эрхлэх сонирхол нь давамгайлсан байдаг. Учир нь тэд халамж өндөртэй орчныг биш бизнес эрхлэх таатай орчинд илүү суурьшсан байдаг. Мөн донор орнууд өндөр түвшний мэргэжилтнүүдээ гадаадад ажиллуулж мөнгөн шилжүүлгээр орлого олох боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Буурай хөгжилтэй орнуудын иргэд хөгжингүй орнуудад хөдөлмөрлөж ар гэр лүүгээ, эх орондоо илгээж байгаа мөнгөн гуйвуулгын хэмжээ ихээр нэмэгдэж байна. Зарим орны ДНБ-ий найман хувьд хүрсэн гэсэн мэдээ бий. Хөгжингүй орнууд буурай орнуудад элдэв төсөл хөтөлбөр нэрээр мөнгө гуйвуулж авлига мэтийн асуудал үүсгэж байснаас хөдөлгөөн шилжилтийг чөлөөтэй болгох нь тухайн орны иргэдэд илүү ашгаа өгнө гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Зарим хүмүүс хүн ам нүүдэл, шилжилтийг таашаадаггүй. Гэтэл хүний түүх байнгын нүүдэл байсан. Хүн амын төвлөрлөөс тээршаадаг. Харин эсрэгээр хүний төвлөрөл нь өөрөө эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх боломж олгодог. Томоохон хотууд л хүчтэй эдийн засагтай байдаг. АНУ-ын нийт газар нутгийн гуравхан хувийг том хотууд эзэлдэг. Лас Вегас эзгүй цөл байсан. Тэнд хүн амын төвлөрөл бий болсноор дэлхийн хамгийн том эдийн засагтай хот үүссэн. Нью Йорк, Лос Анжелес хотууд томорсоор л байна. Хүн амын өсөлт нь илүү их эдийн засгийн нөөцийг бий болгож байна. Хөгжингүй орнуудын төрөлт буурч байна. Хүн амын хөгшрөлт нь үйлдвэрлэлийг саармагжуулж, тэтгэвэр тэтгэмжийн асуудал үүсгэнэ. Канадын Ванкувер Айланд арал дээр 28 Хонконг улсыг байгуулах боломжтой. Хүйн Шарлат гэдэг газар есөн Хонконг байгуулж болно. Дээр нь энэ бүс маш их эрчим хүчний нөөцтэй. Энэ төвлөрсөн олон сая иргэн нефтийн бизнес эрхлэх боломжтой. Эдгээр нөхцөлүүдийг харвал цагаачлалд ээлтэй хандана гэдэг бол илүү ашигтай байж болно. Түүнээс ч илүүтэйгээр хүмүүнлэгийн сайн үйлст тооцогдоно. Бас хүн хүндээ хүмүүнлэг хандаж байгаа ёс зүйн асуудал юм.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *