Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Өлзийтогтох: Зөвхөн Эмээлтэд бус, олон мах боловсруулах үйлдвэрт бэлтгэгдсэн хортой мах зах, худалдааны төв, зоогийн газруудаар борлуулагдаж байгаа DNN.mn

Монгол Улсын гавьяат малын эмч, Монголын мал эмнэлгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.


-Махны аюулгүй байдлын баталгааг мал, амьтныг нядлахаас өмнө гаргаж тогтоох ёстой-


-Өнөөдөр махны эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой асуудал хурцаар яригдаж байна л даа. Иргэд аль ч зах, худалдааны төвийн лангуунаас мах, махан бүтээгдэхүүн худалдаж авахдаа айдас, түгшүүртэй байна. Манайд махны аюулгүй байдал алдагдчихаад байна уу?

-Монголын төр, засаг монгол хүний эрүүл мэндийг хорлох үйл ажиллагааг мах, сүүний аюулгүй байдлаар дамжуулж гүйцэтгээд өнөөдрийг хүрлээ л дээ. Харин хожуу ч гэсэн махны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарал хандуулах болсон нь сайн хэрэг.

-Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй мах, махан бүтээгдэхүүн хортой гэж та хэлж байна уу?

-Шууд хэлэхэд тийм.

-Үүнд нөлөөлж буй хүчин зүйлс нь юу вэ?

-Нэгдүгээрт химийн гаралтай эм, эмийн бодисын замбараагүй, хяналтгүй хэрэглээ нөлөөлж байна. Хоёрдугаарт антибиотикийн хяналтгүй хэрэглээ. Шүлхий, цэцэг, мялзан гэх мэт вирусээр үүсгэгддэг мал, амьтны халдварт өвчнүүдийн үед ямар нэгэн антибиотикийн хэрэглээ огтхон ч шаардлагагүй байхад л төр, засгийн болон мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор өнгөрсөн жилүүдэд антибиотикийг маш ихээр хэрэглэж малын мах, сүүг хордууллаа. Энэ хэрээр малчдыг эдийн засгийн дарамтад оруулсан. Ирээдүйд дэлхийн гамшиг болохоор нэгэнт хаалга тогшоод эхэлчихсэн антибиотикт дасал болох замыг нь нээчихээд цөөхөн бүлэглэл, малын эм импортлогч, худалдагч компаниудын ашиг сонирхлыг дэмжсэн үйл ажиллагаа явуулаад байна л даа. Энэ бол нийт монголчуудын эрүүл мэндийн эсрэг хорлон сүйтгэл учруулж буй гэмт хэрэг юм шүү.

Мөн түүхий болон боловсруулсан, хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг Хятадын гялгар уутанд савлаад гаргаж буй нь тэндээс нэвчиж, шингэсэн хорыг хүмүүст идүүлж, эрүүл мэндийг нь хорлож буй гэмт үйлдэл. Энэ талаар ямар ч судалгаа байхгүй. Мах үйлдвэрлэгч, бэлтгэгчид олдсон гялгар уутандаа савлаж буй хэрэг шүү дээ. Ашиг л олж байвал үйлдвэрлэгчдэд хүний эрүүл мэндийг хорлож, хохироож байгаа нь огтхон ч санаа зовоох асуудал биш байна л даа. Өнөөдрийн тухайд хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартад нийцсэн нэг ч килограмм мах Монголоос олж чадахгүй. Зөвхөн махны аюулгүй байдлын талаар ойлголттой малчид л идэх боломжтой гэж хувьдаа харж байгаа юм. Малчид л малдаа хэзээ вакцин тарьсан бэ, хэдний өдөр антибиотик хэрэглэсэн бэ, хэдний өдөр химийн гаралтай эм хэрэглэсэн бэ гэдгийг сайн мэдэж байх ёстой хүмүүс юм. Вакцин тарьсан тохиолдолд 21 хоногийн дараа махыг нь идэх ёстой. Ивиомек тариад сарын дараа махыг нь идэх ёстой гэх мэтчилэн хугацаатай байдаг. Энэ хугацааг нь өнгөрсний дараа махаа идэхэд эрсдэл багатай.

-Төв суурин газрын иргэдийн тухайд махны аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдөж байгааг та онцолж байна. Хэрэглэж буй махныхаа эрүүл ахуйд хяналт тавих ямар боломж байна вэ?

-Махны аюулгүй байдлын баталгааг мал, амьтанг нядлахаас өмнө гаргаж тогтоох ёстой. Нядлаад тээвэрлэгдэж ирээд хөлдөөгчинд хэдэн сар хадгалагдсан, хөрөөдөж жижиглээд гялгар уутанд савлачихсан, ресторан, зоогийн газрын хоолны орцод хийгээд буцалгаад, жигнээд, шарчихсан үед нь тогтоох боломжгүй. Иймд мах худалдаж авахдаа болж өгвөл амьд малыг сонгох нь зөв. Эмээлт зах дээр амьд малын худалдаа бэлэн байдаг шүү дээ. Очоод худалдаж авахдаа хөдөлгөөн, сэргэлэн цовоо байдал, арьс, ноос мэтийг нь сайтар анзаарахад мал мэддэг хүн бол эрүүл, эсвэл өвчтэйг нь баримжаалах боломжтой шүү дээ.

-Иргэдийн зүгээс бар кодтой мах авах санал гаргаж байна л даа. Энэ тухайд?

-Энэ чинь өнөөдрийн Монголын тухайд хүнсний аюулгүй байдлын шаардлагатай огт хамааралгүй асуудал. Зөвхөн гарал үүслийг нь илэрхийлж байгаа юм. Өнөөдрийн түвшинд бар код махны аюулгүй байдлыг илтгэх ямар ч утга, агуулга алга. Олон улсын жишгээр бол бар код нь хүнсний аюулгүй байдлыг хангасныг нотлоход дөхөм болох баримт нь байдаг. Манайд бол зөвхөн аль нутгаас ирснийг нотлох гарал үүслийг тодорхойлох баримт төдий л байна.

Энд нэг зүйлийг онцлоход, өчигдөр нядалсан өвчтэй малын махыг шинэ, чанартай гэж хэлэхгүй. Зургаан сарын өмнө нядалсан эрүүл малын махыг хуучин муу чанартай гэх ойлголт биш. Ийм ташаа ойлголт нийтлэг байсаар байна.

-Мах бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнс. Махны эрүүл, аюулгүй байдал хөндөгдөж байгаа нь ноцтой юм. Цаашид бид яах вэ. Таны зүгээс гарц гаргалгааг нь яаж харж байна?

-Зөв тогтолцоог нэвтрүүлэх энгийн ажил шүү дээ. Монгол хүн ямар мах идэж байгаа нь Монгол Улсад хэнд ч хамааралгүй байна. Саяны жишээнд махны экспортын асуудал яригдахад л хор нь гараад ирж байгаа биз. Эмээлт дээр бэлтгэгдэн худалдаж буй мах зах, дэлгүүр, гуанзуудаар түгээгдэж байгаа. Өдөр тутам л хортой мах идэж байна л даа. Ийм махыг иргэдэд зарах ёсгүй. Худалдааны хориг тавих ёстой. Харамсалтай нь хориглож чадахгүй байна. Мэргэжлийн салбарууд л ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Мал эмнэлгийн шинжлэх ухаан, хүнсний аюулгүй байдлын шинжлэх ухааны талаар ойлголттой мэргэжлийн яам, агентлагтай болох ёстой. Зөв ажиллавал хагас жилийн дотор л шийдвэрлэх бүрэн боломжтой асуудал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *