Categories
мэдээ улс-төр

Ц.Цогзолмаа: Цалин нэмэх асуудлыг ганцхан би шийдэхгүйг ойлгох хэрэгтэй

Засгийн газар яг одоо Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаараа багш нарын ажил хаялттай холбооттой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөгүй ч албан бусаар ярилцаж байгаа бололтой. Учир нь, Засгийн газрын хуралдаан дуусаагүй байтал Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар цахим хуудсаараа дамжуулан нэгэн зэрэг тайлбар хийлээ. Засгийн газраас тэднийг тайлбар хийх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Багш нарын ажил хялтын талаар тэдний тайлбарыг хүргэе.

Ч.Хүрэлбаатар: -У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл таван их наяд 698 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт дөрвөн их наяд 745.29 тэрбум, хүүгийн төлбөрт 936.23 тэрбум/-ийн өр төлөөд байна. Он дуустал дахиад 875.35 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 364.06 тэрбум, хүүгийн төлбөрт 511.29 тэрбум/-ийн өр нэмж төлнө. Ийм их өр тавиагүй бол олон асуудлыг шийдэх боломж байсан. Засгийн газар есдүгээр сарын сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг, түүний дотор сувилагч, бага ангийн багш, цэцэрлэгийн багш зэрэг зарим албан хаагчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан. Илүү нэмэхийг ч шаардаж байна. Бид бүх боломжоо ашиглаад дахиад өндөр хүүтэй, арилжааны зээл авахгүйгээр, бүх боломжоо шахаж ажиллаж өрөө барагдуулж, бас боломжоороо цалин нэмээд явж байна. Та бүгд ойлгож хандана аа гэдэгт итгэж байна.

Ц.Цогзолмаа: -Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч, заавал ажлаа хаяж ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд сууж, асуудлаа ул суурьтай судалгаатай, цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө миний бие цаг наргүй, чин сэтгэлээсээ бүхий л боломжоо дайчлан, доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна. Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй нийгмийн сүлжээгээр дайруулж, доромжлуулж байна. Гэвч ухарч, шантарч, гомдоллох эрх надад байхгүй. Сайн багшийн гараас олон сайн шавь гарч, эх орондоо ихийг бүтээх иргэдийг олноор төлөвшүүлэх нь манай боловсролын салбарын эрхэм зорилго. Энэ зорилгын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн, цаашид ч ухрахгүй хийх болно. Дангаараа миний бие цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргах боломжгүй гэдгийг олон иргэд ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *