Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогт: Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө шүүгчдийн эрхзүйн байдлыг дордуулсан

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогттой ярилцлаа.

-Та twitter-тээ “Шүүхийн
ерөнхий зөвлөл шүүхийн ерөнхий зовлон боллоо” гэж жиргэсэн байсан. Чухам юу нь зовлон
болоод байна вэ?

-“Дуугүй гүйдэг нохой, тогтоол ус хоёроос болгоомжил” гэдэг үг байдаг
шүү дээ. Шүүхийн шинэтгэлд эхнээс нь оролцсоны хувьд зөв сайн хэрэгжээсэй гэсэн
үүднээс л үгээ хэлсэн хэрэг, зарим нэг дарга их эмзэг хүлээж авсан болтой. Би Үндсэн
хуулийн дагуу байгуулагдсан байгууллагыг төлөөлж ажиллаж байгаа хүмүүсийг хариуцлагаа
ухамсарлаж ажиллаасай л гэж бичсэн. Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилтийг эргэж ярих
цаг болжээ. Энэ асуудлыг хариуцаж хэрэгжүүлэх ёстой Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдаад
жил гаруй хугацаа өнгөрчээ. Хараад байхад Шүүхийн ерөнхий зөвлөл хуулиар хүлээлгэсэн
олон зүйлийг хэрэгжүүлж байгаа ч, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын
асуудлыг шүүхийн шинэтгэлийн хүрээнд арай явцуу байдлаар харж, хэрэгжүүлээд байх
шиг. Шүүхийн шинэтгэлийн асуудал шүүхийн үйлчилгээг хүлээж авдаг, шүүхээр явдаг
хуульчид гээд бүх хүнд хамааралтай болохоос нэг хэсэг хүмүүсийн дүгнэж ярих сэдэв
биш л дээ.  2009 онд шүүхийн шинэтгэл ярьж
эхэлснээс хойш ажлын хэсэгт орж хуулийн төсөл боловсруулсны хувьд бодож, хэлмээр
хэдэн зүйл байгаа.

-Шүүхийн шинэтгэл учир
дутагдалтай байна гэж үү?

-Аливаа байгууллагын үйл ажиллагаан дахь Хууль дээд­лэх зарчмын хэрэгжилтийг
хэмжих шалгууртай байх ёстой. Үүнийг нэг талын шалгуураар хэмжихгүй. Нөгөө талаас
шүүхийн шинэтгэлийн хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ярихаар эсэргүүцэгч
мэтээр хүлээж авч болохгүй л дээ. Үг сөрсөн бүхэн дайсан байдаггүй. Ингэж хүлээж
аваад байвал загас мэт дуугүй байхыг шаардсан байдал үргэлжлэх болчихоод байна.
Өмнө нь шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар маш хатуу шүүмжлэл хэлдэг байсан.
Тухайн үед ч загас мэт байхыг шаарддаг л байлаа. Загас мэт дуугүй байхыг шаардаж
байгааг адилхан шүүмжилж байсан хүмүүс өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд гарч ирчихээд
дахиад ийм шаардлага тавьж байгаа нь утгагүй байна.

-Шүүгчдийн хараат бус
байдлыг хангах үндсэн үүрэгтэй байгууллага нь Шүүхийн ерөнхий зөвлөл. Гэтэл шүүгчдэд
дуугүй байх шаардлагыг тавьж байгаа нөлөөндөө оруулах гэсэн оролдлого гэж үү?

-Шүүгчдийг нөлөөндөө оруулна ч гэж юу байх билээ. Шүүгчид тийм ч
амар хүмүүсийн нөлөөнд ороод байдаг хүмүүс биш. Гэхдээ шүүмжлэл хэлсэн хүмүүстэй
ёс зүйн асуудал ярина гэдэг ч юм уу, эсхүл бид томилох чөлөөлөх эрхтэй хэн ч гэсэн
энүүгээр дамжих өдөр ирнэ гэсэн шиг хандлага байгаа бол одоо юу хэлэх вэ дээ. Шүүхийн
ерөнхий зөвлөлийн гол чиг үүрэг нь Үндсэн хуульд заасны дагуу шүүхийн бие даасан,
хараат бус байдлыг л хангах ёстой. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахын
тулд юу хийж чадаж байна вэ гэдгээр л тэр байгууллагын ажлыг дүгнэх учиртай.
2013 онд Украйнд болсон Олон улсын шүүгчдийн хурлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар
тогтоол гарсан. Үүн дээр энэ байгууллага шүүх, шүүгчдийг гадна болон дотоодын нөлөөллөөс
хамгаалах үндсэн үүрэгтэй гэдгийг тодорхойлж өгсөн. Мөн тус байгууллага нь өөрөө
хараат бус байж, шүүх бусад эрх мэдлийн хооронд уялдуулагч байна гэж тодорхойлсон.
Шүүх гэхээр бүх юмнаас ангид байна гэж байхгүй шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх  чиглэсэн аливаа сөрөг муу зүйлийг сааруулж, зарим
нэгийг нь өөрсдөө шингээж давж гарах ёстой. Тийм ч учраас шүүх, шүүгчийн хараат
бус байдлыг хамгаалж эрх мэдэлтнүүдтэй үзэлцэхэд нь хэрэг болно гэж хуулиар тэднийг
төрийн өндөр албан тушаалтанд хамруулсан. Өөр байгууллагуудын аливаа сонирхол, асуудлыг
шүүгчдэд хүргэх, халдаах ёсгүй. Ийм ч үндэслэлээр бид хуулийн төслөө боловсруулж
батлуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гурван гишүүнийг шүүгчдээс бүрдүүлдэг, нэгийг
Хууль зүйн сайдын санал болгосноор, нөгөөг нь Хуульчдын холбооны саналаар бүрдүүлдэг
байхаар хуульчилсан. Гэтэл харамсалтай нь 2013 оны тавдугаар сарын 2-нд шат шатны
шүүгчдээс сонгох сонгуулийн үйл ажиллагаа эмгэнэлтэй болчихлоо. Үүнд тухайн үед
зохион байгуулалт хариуцсан байгууллага, оролцсон хүмүүс тодорхой хэмжээгээр буруутай.

-Шүүхийн ерөнхий зөвлөл
өөрөө шүүгчдийн томилгоог хийхдээ шүүгчдийн хараат бус байдалд халдаад байна гэж
үү?

-Томилогдсон шүүгчдийг Мэргэшлийн хорооны эсвэл Ёс зүйн хорооны шийдвэрээр
л огцруулах, өөрийнх нь зөвшөөрлөөр шилжүүлэх ёстой. Түүнээс Шүүхийн ерөнхий зөвлөл
ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа шүүгчдийн
эрх зүйн байдлыг дордуулсан нь тун харамсалтай. Шүүхийн хуулиудад туссан шүүхийн
захиргаа гэдэг нэр томьёо бол шүүх, шүүгчийг захирах гэсэн утга огт агуулаагүй.
Энэ буруу практикийг хэн ч ямар байдлаар ашиглаж, шүүхийн хараат бус байдалд халдах
гэж зорих юм билээ таашгүй шүү дээ ирээдүйд.

-Яг ямар шийдвэрээрээ
шүүгчдийн эрх зүйн байдлыг дордуулчихсан хэрэг вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 12 дугаар сард гаргасан шийдвэрээр
Мэргэшлийн хороо, Сахилгын хорооны шийдвэр гараагүй байхад нэр бүхий шүүгчдийг сэлгэн
ажиллуулах шийдвэр гаргачихсан. Шүүгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр сэлгүүлж байгаа
нь нэг ёсны “чих хатуу нөхдүүдийн чихийг зөөллөж” байгаа хэрэг мөн. Олон улсын практикт
ч буруу гэдгийг нь Африкийн зарим улсуудын жишээгээр тогтоосон. Хоёрдугаарт, шүүгчдийн
томилгоонд шүүгчдийн мэргэшсэн байдлыг маш сайн анхаарах учиртай байсан. Хуульд
энэ талаар хангалттай заасан ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд үзэмжээрээ сонголт
хийгээд байна. Хуульд ил санал хураана гэж заачихаад байхад хэн нь ямар санал өгсөн
нь одоо ч далд байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл тухайн шүүгчийг томилсон, эсвэл татгалзсан
шалтгаанаа тайлбарладаг байх ёстой. Шүүхийн шинэчлэлийн нэг чухал хэсэг нь энэ байсан,
өмнө сонгон шалгаруулалт болох дөхөхөөр л яригддаг байсан “Өө тэр болох юм гэнэ
гэж яригдаад, тэгээд л тэр хүн нь болдог байсан” буруу практикийг өөрчилнө л гэж
хууль хийсэн, энэ хүмүүс гарч ирсэн. Одоо тэгээд эргээд хардаа, тэр юм арилаагүй
л байна.

-Таны хэлснээр шүүгчдийн
“чихийг зөөллөж” сэлгүүлэн ажиллуулсан нь, санал нь нууц  байгаа нь иргэдэд ямар хохиролтой юм бэ. Эцсийн
дүндээ шүүх иргэдэд хэр үйлчилж байгаагаар нь дүгнэх байх.

-Шүүгчийн чихийг хатуу байлгахын тулд түүнийг томилдог, дэвшүүлдэг
Шүүхийн ерөнхий зөвлөлийн чих хатуу байх ёстой. Ийм байж шүүхээр үйлчлүүлж байгаа
иргэд хөндлөнгийн оролцоогүйгээр хэргээ бодитоор хэрэгжүүлж чадна. Шүүгчтэй холбоотой
аливаа шийдвэр гаргахдаа ядаж шүүгчдээс санал авчихдаг байх хэрэгтэй. Шүүхийн ерөнхий
зөвлөлийн эрх мэдэл бол хувь гишүүдийнх нь биш хуулийн эрх мэдэл юм шүү дээ. Яагаад
тийм шийдвэр гаргасан, санал өгсөн нь ил тодорхой биш болохоор хүмүүс таалагдсан
хүнээ гаргадаг гэдэг нөгөө урьдны байдал үргэлжилсээр байна гэж ярих нь зөв ш дээ.
Хуулиар нэр дэвшигч, өрсөлдөгчдийг  сонгохыг
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн үзэмжид үлдээгээгүй юм шүү.

-Хууль зүйн сайд хуулийн
шинэчлэл ярьж, цагдаагийн байгууллагад сэлгээ хийхэд хурандаа нар эсэргүүцэж, шүүмжилж
байсан. Шүүхэд сэлгээ хийхэд бас шүүх дотор бас ийм хандлага байгаа юм биш биз?

-Шүүх, цагдаа хоёрыг харь­цуулах боломжгүй. Шүүгчид шинэтгэл шаардлагатай
гэж, өөрсдөө төсөл дээр нь сууж хуулийн төсөл боловсруулсан. Нөлөөллийн мэдүүлгийг
шүүгчид өөрсдөө санаачилж, Шүүхийн ерөнхий зөвлөлийг байнгын ажиллагаатай болгох
санал гаргаж ажил болгуулсан. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилт хуультайгаа наалдах,
хуулийн үзэл баримтлалын дагуу ажил хэрэг болж илрэх ёстой. Гадна байхдаа шүүхийг
болохгүй байна гэж хашгирч хашгирчихаад дотор нь орж ирээд хийхээрээ нөгөө шүүмжилж
байсантайгаа адил ажил хийвэл шал худлаа шүү дээ. Шүүх бие даасан, хариуцлагатай
байх нь монгол гэрийн хоёр багана шиг чухал юм шүү дээ. Энэ тунг тааруулахын тулд
л Шүүхийн ерөнхий зөвлөл ажилладаг байх ёстой. Ингэж ажиллаж байна уу гэдэг нь эргэлзээтэй
болчихоод байна. Хууль зүйн сайд ч тэр шинэчлэлийг анх санаачилсан хүний нэгийн
хувьд, Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэхэд хуулиар оролцоотойн хувьд бас эргэж
бодох л хэрэгтэй байх.

-Шүүгчдийн цалин хэдэн
сая төгрөгөөр тоологдох болсон гэсэн. Тиймээс ч хуульчид шүүгч болохыг илүүд үзэж
байгаа болов уу. Үүнтэй холбоотой шүүгчдийн томилгоо хардлага, сэрдлэг дагуулдаг
юм болов уу?

-Бодит байдал дээр шүүгчид тийм өндөр цалин авч эхлээгүй л байна.
Тохирсон цалингүй ажил хулгайчдыг төрүүлдэг гэсэн герман хэлц үг бий. Шүүгч өөр
ажил хийж орлого олж болдоггүй учраас тохирсон цалингаа авах ёстой. Нөгөө талд шүүгчид
зөв шударга ажилласны цаана нийгмээрээ хожих ёстой. Үүгээрээ нийгэмд илүү ашигтай
болдог. Тиймээс Шүүхийн тухай хуулиар шүүгчийн цалинг ямар байхыг шийдчихсэн шүү
дээ, Шүүхийн ерөнхий зөвлөл шийдээд байгаан биш.

-Шүүх шударга байснаас
ухаалаг байсан нь дээр гэж манай сонин бичсэн. Шүүгчид ухаалаг байж, амьдралд ойр
шийдвэр гаргах тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Шүүгчийг хууль баримтлах, хууль хэрэглэхийг шаарддаг. Шүүгч хуулиа
шударга ёсны үнэлэмжид нийцүүлж зөв хэрэглэх нь ухаалаг байх асуудал юм шүү дээ.
Жишээлбэл, Газрын тухай хуулиар гэрчилгээ аваагүй бол газар эзэмших эрхгүй этгээд
болдог. Гэтэл амьдрал дээр гэрчилгээгүй ч 10, 20 жил тэр газар дээр амьдарчихсан.
Засгаас гэрэл цахилгаанаар хангаад өгчихсөн. Тэгтэл 10, 20 жилийн дараа өөр нэг
этгээд уг газрыг эзэмших гэрчилгээ авчихаад шүүхээр явлаа гэж бодъё. Ийм тохиолдолд
шүүгч хуулийн нэг л заалтын дагуу гэрчилгээгүй хүнийг шууд нүү гэвэл ухаалаг биш
шийдвэр болно. Хуулийн бусад заалттай уялдуулж яг ямар заалтыг нь хэрхэн хэрэглэвэл
шударга шийдвэр болох вэ гэдгийг бодох л учиртай.

-Танд Шүүхийн ерөнхий
зөвлөлд ажиллаж байгаа хүмүүсийг шүүмжлэх хувийн ашиг сонирхол байгаа юм биш биз?

-Би тэр хүмүүстэй бүгдтэй шахуу хамт ажиллаж байсан. Гэхдээ би нэг
захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар бухимдах нь хэнд хамаатай билээ.
Эцэст нь Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийгөө өөр талаас нэг хараасай. Эрх мэдэл, хийж
байгаа ажил нь өөрсдийнх нь биш хуулийн хүсэл зорилгоор явах ёстойг ухаараасай гэсэндээ
л ярьж байгаа юм. Шүүхэд доороос нь эхлээд 10 гаруй жил ажилласны хувьд болж бүтэхгүй
байгааг хэлэх нь зөв гэж бодсон юм. Над шиг бодолтой олон шүүгч бий, хэлж байгаа
нь л би байх.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *