“Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn вэб сайт “Шинэ долоо хоногийн зочин” булангийнхаа ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаа Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МУИС-ийн багш Ц.Цэвэрбалтай ярилцлаа.
-Та ус нутаг гэж яривал Улаанбаатарын хүн гэх байх. Унаган хотынхоо хуучин цагийг эргэн нэг дурсвал…?
-Би нийслэл хотдоо төрж өссөн, энэ хотын хүн л дээ. Ус нутгийн тухай бүр нарийн яривал аав минь Ховд аймгийн өөлд хүн, миний өвөө Нянгар гэж өөлд хүн байсан. Галдан бошигтын удмын хүн гэж ярьдаг юм. Миний хүүхэд нас Ялалт кино театрын суурин дээр тоглож өнгөрсөн, дараа нь Тавин мянгатын 30 дугаар байранд нүүж очиж, тэнд бүх сайхан үе минь өнгөрсөн дөө. Орос хоёрдугаар арван жилд сурч төгсөж байв.
-Таны нэр их өвөрмөц содон санагддаг, ямар учиртай танд ийм нэр хайрласан юм бол?
-Миний аав Ю.Цэдэнбал гуайтай хамт хойно сурч ирээд Баян-Өлгий аймгийн Цагааннуурт нягтлан хийж байхдаа хэлмэгдээд, Ховдын хориход гурван жил болсон. Тэгэхэд нь Ю.Цэдэнбал гуай шалгалтаар ирж таарсан юм билээ. Аав хөөрхий санаа нь зовоод хураасан түлээний араар нуугдаад, үзэгдэхгүй байх юмсан гэж бодсон гэсэн. Тэгсэн Ю.Цэдэнбал гуай олоод харчихаж. Тэгээд дуудаж уулзаад хэлмэгдэж хоригдсоныг нь мэдээд, хоёр долоо хоногийн дараа сулласан юм гэсэн.
Ааваас нэг удаа асууж байсан юм. Надад яагаад ийм нэр өгсөн юм гэж. Тэгсэн хүүгээ төрөхөд аав нь баярлаад Сүхбаатарын талбайн хажуугаар явж байтал миний чихэнд Цэвэрбал гэж нэр л сонсогдоод байсан юм аав яриад. Би хүүхэд болохоор итгээд л явсан байхгүй юу. Харин дараа нь аавынхаа түүхийг мэдээд бодохноо Бал даргын тусыг бэлгэшээгээд, цэвэр гэдэг нь Бал дарга хэлмэгдсэнийг нь үнэнээр ойлгосон гэж бодоод, тэгээд ийм нэр өгсөн болов уу гэж ухаж бодсон.
-Та Монголын сагсан бөмбөгийн спортод 40 гаруй жил зүтгэж байна. Үе үеийн шилдэг сагсчид таны шавь нар. Сагсан бөмбөгийн спортынхны анхны гавьяат дасгалжуулагч нь та. Яаж энэ спортод орж ирж байв?
-Аавын маань дүү Батдэлгэр манайд өссөн юм. Ах маань хойно сургууль төгссөн, шигшээд тоглодог хүн байв. Тэгсэн аав ахад энэ хүүхэд ерөөсөө спортын л хүн болох байх гэж хэлээд, тэгээд Батдэлгэр ах намайг дагуулж Аюурзана багш дээр авч очсон юм. 1974 оны үе. Тэгээд эхний өдөр янз бүрийн дасгал хийлгээд, би ойлгодоггүй. Би болохоор сагсан бөмбөгийн дасгал нь сагс л тоглохыг хэлдэг юм байх гэж бодоод байдаг. Гүйлгээд л, үсрээд л, янз янзын дасгал хийлгээд л, гайхаад байлаа. Тэгж байтал “Алдар” нийгэмлэгийнхэн Хандгайт руу цугларалтад гарлаа. Тэр үед Хандгайт жигтэйхэн хол санагдаж, ямар хол газар явчихав аа гэж бодоод, баахан архайсан дархайсан ах нартай айлын ганц эрх хүүд их хэцүү санагдаж байсан сан. Энэ үеэс сагсны спортод эргэлтгүй орсон доо.
Ахлагч цолтой “Алдар” спорт хороондоо тоглож, цалин 600 гаруй төгрөг авдаг байв. Дэглэм чанга. Өдөрт хоёр бэлтгэл хийнэ, бэлтгэлээ даана гэдэг тамирчин хүний хувьд чухал. Цэргийн хагас дэглэмээр явдаг байсан. Тэр үед цэрэг гурван жил, гурван жил тамирчин цэрэг явсан. Дараа нь шигшээд явах тамирчдаа улираагаад авч үлддэг байлаа. Би 1983 он хүртэл тоглоод, тэрнээс хойш дасгалжуулагч хийсэн. Улсын аварга гэсэн тодотголтой тэмцээний 53 алтан медаль байдаг, нийт 130, 140 медаль бий. Авьяастай чадалтай шавь нарын маань, өөрөө бас зүтгээд явсны хариу болов уу.
-Таны бага хүү Пүрэвдорж сайн сагсчин. Та “уруу татаж” оруулсан уу?
-Би оруулаагүй. Зүгээр миний амьдрал бүхлээрээ нөлөөлсөн байх. Зургаан настайгаас нь бөмбөг шидүүлээд сургачихсан юм. Ерөнхийдөө манай гурван хүү хүнд гологдохгүй шидчихнэ ээ. Гэхдээ над шиг амьдралынхаа утга учрыг сагсанд зориулах амаргүй гээд хүүхдүүдээ шахаагүй.
-Тамирчин хүн гэж таны тодорхойлолтоор хэнийг хэлэх вэ?
-Спортынхоо хажуугаар амьдраад, юм хийгээд явна гэдэг бол ховорхон төрсөн хүмүүст л байдаг чанар. Юм хийж явснаа шууд спортод шилжээд явах хэцүү. Байгалиасаа сайн өгөгдөлтэй хичээлдээ ч яваад, бэлтгэлээ ч хийгээд, ажлаа ч амжуулаад явдаг хүн байна. Бусад зүйлээ золиослоод, өөрийгөө хязгаарлаж явах бас тийм амаргүй. Хэрвээ тэгж чадсанд нь ямар гоё юм ирдэг вэ гэдгийг бас олон зүйлээс харж болдог. Хүнтэй таарахаар “Заа сайн уу, Цэвэр ээ. Бөмбөгөө тоглоод л байна уу, сайхан юмаа” гэдэг. Зүгээр нэг заал аваад тоглодог шигээ бодож сайхан юмаа гэдэг, уучлаарай тийм юм байхгүй. Үзэгч гэдэг бол эцсийн бүтээгдэхүүнийг хардаг, эцсийн бүтээгдэхүүн болох гэж тухайн хүн яаж “махны машинд” орсныг мэдэхгүй шүү дээ.
-Багийн спорт манайд хөгжихгүй, монгол хүний амиа бодомхой зан багийн спортыг хөгжүүлэхгүй гэдэг. Одоо энэ зан төлөв өөрчлөгдөж байна уу?
-Ахуй анхдагч гэдэг чинь энэ юм. Угаасаа нүүдэлчин ахуйтай хүмүүст уулын мухарт өөрийгөө болгоод явахаас 100 км-ийн цаана амьдарч байгаа нөгөө нэг нөхөр ямар яваа нь хамаа байдаггүй. Багийн спортын тухайд 1940 хэдэн оноос Монголд орж ирсэн. Одоо багийн спортын төрөл нийгмийн салшгүй нэг хэсэг юм байна гэдгийг хүмүүс ойлгодог болсон. Америкчууд хэлдэг, зургаан нас хүртлээ бөмбөг бариагүй бол чи цаашаа явах хэрэггүй гэдэг. Тэгж, тав зургаан наснаасаа бөмбөг барьчихсан хүнтэй чи өрсөлдөх гэж хөөцөлдөөд нэмэргүй гэж үздэг. Манайд бол шилжилтийн 15, 16 хүрчихсэн, “би” гэдэг нь эхэлчихсэн хойноо сагсан бөмбөг тоглодог. Тэгэхээр нөгөө “би” гэдгээ илэрхийлэх гээд байдаг юм. Уг нь монгол хүүхдүүд байгалиас заяасан бие бялдар байна, хүнд юмыг их амархан сурчихдаг, гүйлгээ ухаан сайтай, сагсны дүрэм, азаар ч юмуу тиймэрхүү зүйлс их нийцээд байдаг юм. Гаднынхантай тоглож байгааг нь харахад зарим үед илүү гардаг.
-Заримдаа талбайд гараад жаахан ганцаарчилсан тоглолт хийгээд байгаа нөхдийг багш нар нь яаж барих уу?
-Багш хүн мянган удаа хэлж бай гэдэг үг бий. Бид авьяас гэж ярьдаг боловч агуу авьяастай хүн байна, их авьяастай хүн байна, бага авьяастай хүн байна, өөр өөр зан араншинтай багийн 12 хүнийг нэг зорилго дээр барина гэдэг тийм амар биш.
-Шавь нараа хайрлахын тухайд та хэр зөөлөн бэ?
-Мэдээж багш хүн бүгдэд нь хайртай байна, тиймээс л тэдэнтэйгээ ажиллана шүү дээ. Гэхдээ хайр гэдэг нь ямар утгаар гэхээр авьяас чадлыг нь хайрлаж, алдчихгүй байх юмсан. Энийг нь хөгжүүлээд өгөх юмсан гэдэг хайр. Тэр хайр хатуу байдаг, дандаа хүүхдүүдээ ахих боломжтой гэж харж зүтгүүлж, тэмүүлүүлнэ. Заримдаа ч үс нь халцраад, хатиг гараад, нүд нь гархилаад ирэхээр хэдэн хүүхдүүдээ өрөвдмөөр санагдах нь бий. Гэвч тэрийгээ ил хэлээд байхгүй.
-Сүүлийн үеийн залуучуудаас тоож байгаа хүн танд бий юу?
-Бүгдийг нь тоодог. Миний хувьд ямар нэгэн тоглолтыг сэтгэлийн хөдөлгөөнөөр хардаггүй болчихсон. Яг багш талаасаа харж, залалт нь ямар байна, ийм үед ингэж сэтгэдэг үү үгүй юу, үсрэлт нь ямар байна гэх мэтээр хардаг. Автаж хардаггүй болчихсон. Тоглолтыг сайндаа л таван минут үзээд ойлгочихдог. Жаахан хараад л тоглолтын ерөнхий “сценарийг уншчихдаг” болсон, дараа нь өөрөө худлаа буруу зөрүү бодоод байна уу гээд шалгаад үзэхээр ханатай л тоглолт болсон байдаг. Бодсоноос жаахан өөрөөр өрнөх шинж ороод ирвэл яахав 10 минут тогтож хардаг. Түүнээс сэтгэл хөдлөөд тэр нь, энэ нь хожоосой гээд суугаад байдаггүй. Сагсан бөмбөг бүтэн агуулгаараа ойлгогддог болсон, залуу байхад ингэж хардаггүй байлаа. Би нэг бүтээгдэхүүн бэлдчихсэн гэж үзвэл тэр тоглогч сагсан бөмбөгийн нэр хүндийг өргөөд авч явах ёстой, Монголын сагсан бөмбөгийн нүүр болоод явах ёстой гэж ханддаг. Мөнхболд, Мөнхтүвшин, Болортулга гээд миний шавь нар сайн тоглож байгаа, эмэгтэй сагсчид ч миний шавь олон. Багш хүний хувьд сэтгэл хангалуун байдаг.
-Одоо хүүхдүүд бие хаа өсгөлүүн болж, сагсан бөмбөг сонирхдог залуусын маш том хүрээ байна. Тэднийг та бүхэн өсгөж өгөх, тамирчдын “наймаа” хийх ч юмуу, эдийн засгийн хөшүүрэгтэй болгох бодит боломж хэр харагддаг вэ?
-Яг нарийн яривал манай спортод мэргэжлийн гэдэг статус байхгүй. Мэргэжлийн боскчид гэх мэт ганц нэг төрөлд бий байх. Гэвч, тухайн улсад хүлээн зөвшөөрсөн мэргэжил байх ёстой гэдэг үүднээс харвал спортод тийм түвшиндээ хүрсэн юм байхгүй байна. Манай өнөөдрийн хөдөлмөрийн хуульд тамирчин гэсэн мэргэжил байхгүй болов уу. Спортын тухай хуульд ч үгүй байх. Хэрэв мэргэжлийн тамирчин гэж байж гэмээнэ хуулиар улсад татвараа төлдөг, төдөн жил ажиллаад тэтгэвэртээ гарна ч гэдэг юмуу, ийм эрх зүйн харилцаанд орж явах ёстой байх. Хууль ёсны юм бол алга, харин үзэгчид өөрсдөө л шигшээ багийнхныг мэргэжлийн сагсчид гэж үзээд байдаг. Европт бол хагас сонирхогч, хагас мэргэжлийн гэсэн хэмжүүр байсан, манайд одоохондоо тэр хэмжээнд л яваа. “Наймаа”-ны хувьд яг одоо би танайд тэдийг өгье, танай тоглочийг авъя гэсэн юм байхгүй байна. Яг тэгж “наймаа” хийнэ гэвэл түүнийг зохицуулах хуультай байх ёстой. Тухайлбал, багийн эзэн чамайг өнөөдөр өөр багийн нэг хүнээр солихоор болбол чи түүнийг нь биелүүлнэ, өдөрт тэдэн минут тоглоно, тэдэн цаг бэлтгэл хийнэ, чи тийм цалин авна, бэлтгэл хийхгүй бол ингэнэ, бэртвэл ингэнэ гээд, тэдэн оноо авбал яах юм гээд маш нарийн заалттай хуруу зузаан гэрээ хийдэг, баруунд бол. Манайд тийм зүйл алга. Одоохондоо хуульчлаагүй байна, хуучин хууль нь одоогийн амьдралаас тасарчихсан зөрүүтэй болсон. Тэр хуулиа сайжруулж, амьдралтай нийцүүлэхгүй бол бас болохгүй юм бий. Спортод нэг том компани мөнгө хаявал тухайн улс тэр компанийг татвараас тодорхой хэмжээнд чөлөөлдөг тийм зохицуулалтууд спорт өндөр түвшинд хөгжсөн газруудад бий. УИХ-д сууж байгаа Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар гэхэд ийм санаачилгыг гаргаж болох л байсан. Тийм юм алга л байна. Өнөөдөртөө болоод байгаа юм шиг боловч хэтдээ ингэж явж болохгүй л дээ.
Бидний хувьд холбоо үүний төлөө ажиллах ёстой гэж үзэж зорьж байгаа. Тогтсон юм байхгүй, аман тохироо маягийн юм л яваад байгаа. Багийн эзэн гэж нэг нөхөр өөрийнхөө санааг биччихсэн нэг юм үзүүлдэг. Тэрэнд нь тамирчдын санал онол ерөнхий үгээр маш бага туссан байх жишээтэй. Бэртвэл яах юм, тэр үедээ ямар цалин авах юм, хожвол яах юм, гэнэтийн өвчин зовлон болбол яах вэ, тухайн хүн багтаа нийцэхгүй байвал яах уу, шилжээд явбал яах уу, урьдчилаад мөнгө авсан байвал яах уу гэх мэт амьдрал дээр байдаг асуудлуудаа тусгасан ядаж гурван хуудас гэрээ хийдэг болмоор байгаа юм.
-Саяхан Америкийн алдарт сагсан бөмбөгчин Коби Брайнт зодог тайлахад түүнийг дагаж хөгжсөн бизнес, ард нь явсан баг, тэр нэр хүнд гээд бүх зүйл ямар гайхалтай вэ байж болдог вэ гэдгийг харуулсан?
-Аливаа нэг спортын холбоо гэдэг бол уралдаан тэмцээн явуулахаас гадна хэтийн төлөвлөгөө гэж байх ёстой. Тухайлбал, ийм хандлагыг арай том хүрээнд бий болгохын тулд бид тоглогчоо яаж сурталчлах юм, багийг яаж зохион байгуулах юм, үзэгчдэд сэтгэл ханамж үзүүлж чадах уу гээд маш олон ажлыг хийх ёстой байдаг.
Америкт тухайн сагсчин тоглолтынхоо дараа заавал хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэвлэлийн хурал хийдэг, заавал сэтгүүлчидтэй харьцах ёстой, ийм дүрэмтэй, асуусан асуултад заавал хариулах ёстой. Хэвлэлийн хурал дээрээ юу ярих уу гэдэг бас чухал, эсрэг багийн дасгалжуулагчийг буруу зөрүүгээр ярьж сурталчилж болохгүй ч гэхчилэн өндөр шаардлагуудтай. Тэгээд тухайн тоглогч тийм онгоцоор ниснэ, таван одтой зочид буудалд байрлана гээд явж суух нь хүртэл маш нарийн. Тоглогч тийм байж байж өсдөг, ингэж нэр хүнд хийж, түүнийг дагасан бусад зүйлс дэлгэрч байдаг. Манайд тодорхой алхмууд хийгдэж арга барил ёс зүйг нь дуурайж хийж л байх ёстой. Нийгэм хөгжиж таарна, одоо хэцүү л байгаа биз, ахин дэвжинэ. Нийгмийн амьдрал өсөхийн хэрээр, сагсчны амьдрал өсч байх ёстой. Чамайг хараад хүүхдүүд ийм болох юмсан гэж хүсдэг, жинхэнэ тэр одын амьдралаар амьдрах ёстой гэж үздэг, өө энэ чинь сагсны од, аргагүй шүү дээ гэж хэлүүлдэг байх ёстой. Жижиг хэлбэрээр боловч ийм алхмууд хийгдэж байна. Гэвч дуулиан болгож чадахгүй байна.
-Та мэдээж супер лигийг “өөр нүдээр” үзэж байгаа байх, аль багт түрүүлэх шинж байна вэ?
-Супер лигийг Үндэсний сагсан бөмбөгийн холбоо явуулж байгаа. Миний хүүхдүүд тоглож байна, гүйгээд очмоор л байна, гэхдээ ёс суртахууны хувьд багш нь гээд гүйж очоод байж болохгүй шүү дээ. Тоглолтыг харж л байна.
-Ингэхэд шүүхээс хоёр холбоо үйл ажиллагаа явуулж болно гэдэг шийдвэр гаргасан юм байна лээ?
-Тийм. Нэг нь миний тэргүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн холбоо. Нөгөө нь С.Эрдэнэ сайдын тэргүүлж байгаа Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэж байгаа. Шүүхээс олон нийт эвлэлдэн нэгдэж, холбооны үйл ажиллагаа явуулж болно гэж үзсэн учраас Үндэсний сагсан бөмбөгийн холбоог ч зөвшөөрсөн. Сая би сонгогдоод С.Эрдэнэ сайдтай уулзсан, ер нь ингэж хуваагдаад байх дэмий байна, ойлголцоод хамтран ажиллах талаар ярилцсан. Эхлээд хамтран ажиллая, тэгээд явцын дунд нэгдэн нийлэх боломж байгаа эсэхээ харъя гэж үзсэн. Ганцхан, С.Эрдэнэ, Ц.Цэвэрбал гэдэг хоёр хүн яриад шийдчих асуудал биш. Холбоо бүхлээрээ хуралдаж байж шийдэх асуудал, гэхдээ тухайн үедээ шүү дээ.
–Хоёр холбоо зэрэгцэн үйл ажиллагаа явуулахын хажуугаар танай Монголын сагсан бөмбөгийн холбоо дотроо бас үргэлжилсэн урт хэл ам хийцгээж явсан. Сагсан бөмбөгийг дэмжиж балиашиглаж явдаг хүмүүсийн хувьд энэ маргаан, хуваагдал бүдүүлэг харагдсан болов уу?
-Яахав бидний талаас нэг их юм яриад л хэрэлдээд байх зорилго тавиагүй. Нэг нэгийгээ муу яриад л, үүнд нэг их дуртай биш. Сагсчдыгаа муулаад л, нэг нэгийнхээ өмнө урдахыг сөхөөд л, үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад байх сонирхолгүй. Чөлөөт бөх, боулинг, хөлбөмбөг ч гэдэг юмуу спортынхон хоорондоо хэрэлдээд, хоёр гурван холбоо гарчихсан инээдэмтэй санагдаад улсуудын элэг доог болоод байх шиг харагддаг. Үүнийг нь бодоод нэг их юм ярихгүй байсан. Эцсийн эцэст сагсныхан л биз дээ. Тоглож л явсан хүүхдүүд, сагсан бөмбөгийн нэг үед байсан хүүхдүүд гэж хүндэтгэнэ шүү дээ.
Одоо надад шүүхийн бүх шийдвэр байна л даа. Ямар ч Тамир гэсэн хүн холбооны тэргүүн гэж улсын бүртгэлд бүртгүүлээгүй, шүүхийн шийдвэрт тов тодорхой бичсэн байна. Улсын бүртгэлээс гаргасан лавлагаанд Цэндийн Мөнх-Оргил гэж тэргүүн 2012 оны гуравдугаар сарын 28-нд бүртгүүлсэн байна. Тэрнээс хойш ямар нэгэн хүн бүртгүүлээгүй явж байсан. Харин сая 2016 оны хоёрдугаар сараас шинэ тэргүүн бүртгүүлсэн байгаа. Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор Ц.Мөнх-Оргил гэж хүнээр хурал зарлуулах хэрэггүй ээ, тэргүүлэгч гишүүд өөрсдөө хурал зарла гэсэн. Үүний дагуу тэргүүлэгчдийн саналаар хурал зарласан. Энэ хурлаар намайг тэргүүнээр сонгосон байгаа. Гэтэл Олимпийн хороо Олон улсын сагсан бөмбөгийн холбоо руу эд нар шүүхийн заргатай байгаа гэсэн бичиг явуулж, Монголын сагсан бөмбөгийн холбоог олон улсад түдгэлзүүлсэн. Олимпийн хороо гэдэг байгууллага чинь аль болох олимпизмийн үзэл санаа суртлыг дэлгэрүүлэх ёстой байгууллага. Ямар ч холбоо гэх хуулийн үндэсгүй улсуудын үгээр бичиг хийж явуулсан байсан. Хамгийн гол нь залхаан цээрлүүлж байгаа юм шиг Азийн аваргын сорил ирэх зургадугаар сард болох ёстой, гэтэл холбооны үйл ажиллагаанд ийм саад хийж, тамирчдыг тэмцээнд явуулах боломжгүй болгох шахлаа. Харин хэдхэн хоногийн өмнө үүнийгээ засаж залрууллаа. Олимпийн хороо ингэж аль нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдгийг ойлгож, Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд албан ёсоор хандаж залрууллаа.
Би 46 жил сагсанд явж байна, надад дарга цэрэг болж явах олон боломж байсан болов уу, харамсалтай нь тэгж явсангүй. Харин яг энэ цагт бол хэсэг хүмүүс сагсан бөмбөгийн холбоог хувийн сонирхолдоо ашиглаж байгаад эмзэглэсэн. Энэ олон сагсан бөмбөгчдийн авьяас чадвар, хөдөлмөрийг ганц нэгхэн хүн хувьдаа ашиглаж байгаа бол уучлаарай. Бас нэг байх ёстой, зохих ёсны хэм хэмжээнд нь оруулмаар байна гэж хүссэн юм. Ц.Мөнх-Оргил гэхэд 10 жил хурлаа хийгээгүй явсан, гэтэл дөрвөн жилд нэг удаа их хурлаа хийж явах ёстой.
-Хууль зүйн сайд байсан, төрийн өндөр албыг хашиж явсан хүн яагаад 10 жил хурлаа хийгээгүй явсан юм бол. Ямар нэгэн дүрэм журмыг хамгийн тод мөрдөж харуулж явах ёстой хүн биз дээ.
-Харин тийм. Арван жил хурал хийгээгүй гэхээр сонин байгаа биз дээ.
-Та бүхний энэ их хэрүүл, хэл аманд тамирчид хөлд нь чирэгдсэн байлгүй дээ?
-Нэгдүгээрт хөлд нь чирэгдсэн байх. Хоёрдугаарт, тамирчдын хувьд “тоглох” боломж болсон. Угийн бас толгой сийрэг хүмүүс нь хоёр холбооны хаана нь ашигтай байна гүйлдээд эхэлсэн. Жаахан эрээ цээрээ алдах маяг ч орсон. Энд нэг шаардлага тавиад таалагдахгүй байвал нөгөө тийшээ яваад өгөх гэх мэтчилэн, багш нар ч хүртэл тамирчдаараа “тоглох” хандлага гарсан. Бас нэг ийм утгагүй юм явсан шүү. Тамирчин хүн чанд дэг журамтай байж тамирчин байдаг юм.
–Одоо ямартаа ч эвээ олцгоож байгаа юм байна?
-Одоо сагсчдаа Азийн аваргын сонгон шалгаруулалтад явуулъя гэж хөөцөлдөж байгаа.
-Та сонгогдоод өөр ямар ажлууд амжуулав?
-Хоёр гурван тэмцээн зохион байгууллаа. Одоо бүх ард түмний спартакиадад бэлтгэж байна. Зүгээр эвээ олоод, зүгээр учир зүйгээ олоод явъя аа. Зөв гольдролтой, зөв арга барилтай болгоод цаашид энэ сагсан бөмбөг сонирхож байгаа хүүхдүүдийг хөгжүүлэх үү, дэмжих үү гэдэг л юмыг зорьж байна. Түүнээс сагсан бөмбөг дотроо тодрох гээд хэрэггүй, сагсан бөмбөгөө тодруул аа, сагсан бөмбөг өөрөө тодроод ирвэл аяндаа та нарыг чирээд явна, нэр хүнд, эдийн засаг юу байдаг юм тэр бүхэн чинь ирнэ ээ гэж бодож байна.
Ц.БАЯРЖАРГАЛ