Манайх Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд хоёр жил болж байгаа юм. Өнөөдөр Япон улсруу бараа бүтээгдэхүүн экспортлохыг эрмэлзэж буй хүмүүст зөвлөгөө өгөх семинар болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, гарал үүслийн гэрчилгээг хэрхэн авах талаар зөвлөгөө өгсөн юм. Арга хэмжээнд МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч,удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Япон улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Масато Токаока нар оролцлоо. Мөн тус улсад бараа бүтээгдэхүүн борлуулдаг зарим компанийн төлөөлөл туршлагаасаа хуваалцсан юм.
“Ноосон зангилаа” дундын хоршооны дарга Ц.Цэнд-Аюуш ярихдаа, “Бид тавдахь жилдээ Япон улс руу эсгий бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Стандартад нийцнэ гэдэг хамгийн том шалгуур юм. Японы зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргахдаа чанар, хэмжээ, өнгө загвар, бизнесийн ёс зүйг хамгийн түрүүнд эрхэмлэх хэрэгтэй. Тэгж чадвал найдвартай түншлэгчтэй болж чадна. Бид долоо хэмжиж нэг огтол гэдэг. Харин тэд дал хэмжиж нэг огтолдог хүмүүс. Маш нухацтай, удаан харилцаж байж шийдвэр гаргадаг. Итгэлийг нь олсноор байнгын хамтрагчтай байх боломж бидэнд бий. Мөн гаалийн хөнгөлөлтийг илүү нарийн тусгаж өгвөл бидэнд хэрэгтэй. Тухайлбал, эсгий бараа бүтээгдэхүүнийг гаалийн хөнгөлөлтөөс чөлөөлсөн ч эсгий углаашийг гутлын нэг төрөл хэмээн хөнгөлөлтөөс чөлөөлдөггүй юм” гэлээ.
Семинарын үеэр элчин сайд Масато Токаока эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар дурдсан юм. Тэрээр, “2016 оны зургаадугаар сараас 2017 оны хооронд Японыг чиглэсэн Монголын экспорт 123 хувиар өсөж, 4,26 тэрбум иенд хүрсэн. Хоёр орны хооронд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөнгөн цагаан, нөмрөг, алчуур, сүлжмэл эдлэлийн экспорт өссөн байна” гэлээ.
Уг түншлэлийн хэлэлцээр нь дараагийн улс орнуудтай эдийн засгийн хэлэлцээр байгуулахад ихээхэн туршлага болж буйг онцоллоо. Япон талын түншээ олох, тухайн бараа бүтээгдэхүүний маркетинг сайн хийх зэрэгт Монголын талаас анхаарах хэрэгтэйг элчин сайд Масато Токаока хэллээ.
Э.АНХМАА