Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сүхбаатар: Ахмадуудын зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хүчирхийллээс хамгаалах чиглэлээр Монголын ахмадын холбоо идэвхтэй ажиллаж байна DNN.mn

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Тун удахгүй олон улсын ахмадын баярын өдөр тохиох гэж байна. Энэ өдөр холбооны зүгээс ахмадуудад зориулсан ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Бид энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэнд” гэсэн сэдвээр ахмад настны үндэсний чуулган зохион байгуулах гэж байна. Төрийн ордонд энэ үйл ажиллагаа болно. Төрийн зүгээс ахмадуудад зориулсан арга хэмжээгээ нэгтгэн дүгнээд цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ, ахмадуудын санал бодлыг сонсож, зөвлөмж баримт бичиг гаргах үндэсний хэмжээний чуулган болгох зорилготой. Монголын ахмадын холбооны ээлжит VIII их хурал аравдугаар сарын 2-нд хуралдана. Үүнд ахмадын байгууллагууд оролцоно.

-Монгол Улсын хэмжээнд байх ахмадуудыг нийгмийн байдлаар нь судалсан тоо баримт байдаг уу?

-Улсын хэмжээнд 373000 ахмад настан нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. 6800 гаруй ахмад настан халамжийн сангаас тэтгэвэр авдаг. Ахмад настны тэтгэврийн дундаж хэмжээ 557500 төгрөг. Тэтгэврийн доод хэмжээ 550000 төгрөг болсон. Ахмад настны хуульд зааснаар ахмад настан гэдэг нь 55-аас дээш насны эмэгтэй, 65-аас дээш насны эрэгтэй хэмээн албан ёсоор тодорхойлсон. Нийт ахмад настны 66.3 хувь нь эмэгтэйчүүд. Эдгээр ахмадуудыг насаар нь аваад үзвэл 70 хүртэлх насных 261000, 70-79 настай 66700, 80-89 настай 24300, 90-99 настай 2900, 100 ба түүнээс дээш настай 106 ахмад настан байна. Ахмад настны ам,жиргааны байдал жил ирэх тусам буурч байгаа. Өнөөгийн байдлаар 19700 ахмад настан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд амьдарч байна. 3800 ахмад настан харж хандах ах дүүгүй, ганц бие амьдардаг. 7000 ахмад настан бусдын асрамжид амьдардаг гэсэн судалгааг ахмадын байгууллага гаргасан.

Ахмадын тэтгэврийг яаж нэмж байж тэдний амьдрал баталгаажих вэ?

-Өнгөрсөн таван жилд төрөөс тэтгэврийг нийт найман удаа нэмсэн. Саяхан тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр тэтгэвэр бодох итгэлцүүрийг өсгөж батлаад, 394 тэрбум төгрөг улсын төсвөөс нэмж гаргахаар шийдээд, ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгахаар хичээсэн. үүнд Ахмадын холбоо талархаж байгаа. Олон жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс одоогийн тэтгэвэрт гарч байгаа хүмүүсээс бага тэтгэвэр авч байна гэсэн гомдол ахмадуудаас байнга гардаг. Тэр бүхэнд тодорхой хариу арга хэмжээг төрөөс авч байна. Гэхдээ сая авсан арга хэмжээнд гомдолтой хүмүүс байгаа. 1404000 төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэвэр нэмэгдээгүй. Ахмадын тэтгэврийн дээд хязгаар тогтоогоод өсгөсөн цалинг нь тайраад тэтгэврийг нь тогтоочихсон. Тэгэхээр уул уурхай, эрчим хүч, хүнд үйлдвэр, өндөр албан тушаалд ажиллаж байсан гээд тухайн үедээ өндөр цалин авч байсан хүмүүсийн тэтгэвэр өсөөгүй. монголын ахмадын холбоо судалж үзээд, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, засгийн газарт тэдгээр хүмүүсийн шаардлага хүсэлтийг хүргүүлсэн. дараагийн ээлжинд тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг бүрэн гүйцэд хийгээд, хэт хязгаарлалт тавихгүйгээр тэдгээр хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

-Нөгөө талдаа цалин, тэтгэвэр нэмэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг. Үүнийг төр засагт ямар нэг байдлаар асуудал болгон дэвшүүлсэн үү?

-Цалин, тэтгэвэр нэмэгдэхээр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. тэр нь тэтгэвэр нэмэгдсэн ч амьдралд бодитой нэмэр болдоггүй байдлыг бий болгодог. Ялангуяа 600 мянгаас доош төгрөгийн тэтгэвэртэй хүмүүс үнийн өсөлтөд унаад, амьдрал нь дээшилдэггүй улам дордсон хэвээрээ байна гэдэг хүсэлт шүүмжлэлийг Ахмадын холбоо тавьж байгаа. үүнийг төрийн зохицуулалттай зах зээл, худалдааны хууль гаргаад үнийн зохицуулалт хийгээд, өргөн хэрэглээний хүнсний барааны дээд үнийн хязгаарыг тогтоож өгөөч гэдэг хүсэлт тавьж байгаа.

-Ахмад настны тухай хууль байдаг. Амьдрал дээр энэ хууль хэр хэрэгждэг вэ?

-Нийгмийн халамжийн тухай багц хууль байна. Ахмад настны тухай хууль гэж бие даасан хууль бий. Энэ хуулиудын хэрэгжилтийг эргэж авч үзэх ёстой. Ялангуяа Ахмад настны тухай хууль батлагдаад зургаан жил боллоо. зургаан жилийн өмнө ахмадууд үндэсний чуулган хийсэн. тэгэхэд бие даасан хууль болгооч, бидний эрхийг хамгаалаач, эмнэлгийн үйлчилгээ, нийгэм хамгааллын асуудлыг хуульчилж бие даасан хуультай болгооч гэж хүсэлт тавьж байсан. тэрхүү хууль нь батлагдаад, хэрэгжиж эхлээд зургаан жил боллоо. Энэ хуулийн хэрэгжилтийн байдал, ямар зүйл заалт нь бүрэн хэрэгжихгүй байгаа юм, хаана нь хөрөнгө эх үүсвэр дутагдаад байгаа юм гэдгийг төр засгаас үнэлэлт дүгнэлт өгөөд, цаашид авах арга хэмжээг чуулганаар тодорхойлж өгөөч гэдэг хүсэлтийг ахмадуудаас тавьж байгаа. Жишээлбэл, ахмадуудад сувилал, эмнэлгийн байгууллагууд асрамж сувиллын үйлчилгээ үзүүл гэдэг. энэ заалтууд хөдөө, сум, орон нутагт төдийлөн хэрэгждэггүй. Яагаад гэвэл амралт сувилалын эрх нь хөдөө суманд очдоггүй. ингээд хөдөө орон нутгийн ахмадууд амралт сувилалд амрах эрх байхгүй. үүнийг судлаад үзэхээр жил бүр энэхүү үйл ажиллагаанд 38-40 тэрбум төгрөг хэрэгцээтэй байна гээд Нийгэм хамгааллын яаманд санал оруулдаг юм байна. улсын төсвийн тухайн жилийн бололцоог харж байгаад 21 тэрбум орчим төгрөг жил болгон баталдаг. тэр нь аймаг сум руу хуваарилахаар бага хөрөнгө очдог. тэгэхээр сум орон нутгийн ахмадууд жигд тэрхүү үйлчилгээг авч чаддаггүй. Ахмад настны тухай хуульд нэг чухал заалт байдаг. нь ахмад настанд зориулан сан байгуул гэдэг. газрын тогтоолоор сангийн дүрмийг баталсан. Тухайн байгууллагын цалин хөлсний зардлын гурван хувь хүртэлх хэмжээгээр ахмадын сан байгуулаад, тэрхүү сангаасаа ахмад настандаа хэрэгтэй байгаа тусламж дэмжлэг, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, амьдрал ахуйд нэмэр болох туслалцааг үзүүл гэж заалсан. Гэвч байгууллагууд түүнийг хэрэгжүүлдэггүй. тиймээс ахмад настнууддаа анхаарал халамж тавих хөрөнгийн эх үүсвэр байдаггүй. Ялангуяа төсөвт байгууллагууд үүнд маш хариуцлагагүй хандаж байна гэсэн шүүмжлэл ахмадууд тавьдаг. тиймээс үүнийг Сангийн яам, засгийн газрыг онцгойлон анхаарч өгөөч гэдэг хүсэлт тавьсан.

-Хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмадууд их байх шиг. Ийм хүсэлтүүд ирдэг үү?

-Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6.2 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн тоо байдаг. Аймгуудад жилдээ 100-150 сая төгрөг, дүүрэгт 250 сая орчим төгрөг хөдөлмөр эрхлэлтийн сангаар дамжуулан хуваарилдаг юм билээ. Гэвч энэ төсөв нь хүрдэггүй. Яагаад гэвэл нийт ахмадын 67.5 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой, ажил хийх чадвартай. Өөрөөр хэлбэл ажиллах хүч дээр нэмэгдээд 180 мянган ахмад ажил хийе, орлогоо нэмэгдүүлье гэдэг хүсэлт тавьдаг. Гэтэл үүнд хөрөнгө нь хүрдэггүй. Ахмадуудад хүү багатай, урт хугацааны зээл өгчихвөл тэд өөрсдөө ажлын байраа бүтээгээд зээлээ хугацаанд нь төлөөд явна гэсэн бүрэн идэвх сонирхолтой байдаг.

-Ахмадуудын хувьд эрүүл мэндийн асуудал нэлээд томоохон байр суурь эзэлдэг байх?

-Орон нутгаас хот суурин газар ирээд шаардлагатай шинжилгээ оношилгоог хийлгэхэд ахмадуудад ихээхэн асуудал тулгардаг. Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд чирэгдэл ихтэй байна. Өрхийн эмнэлэгт ахмадад зориулсан эмч, тасаг тусад нь гаргаж үйлчилгээ үзүүлдэг болмоор байна гэдэг санал их ирдэг. Мөн ахмадуудад зориулсан эмийн хөнгөлөлтөд зорилтот эм бага байдаг. даралт, зүрх судас, бөөр зэрэг ахмадуудад чиглэсэн эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж өгөөч гэдэг хүсэлтүүд ч их ирнэ. нийт ахмад настны 49.7 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. 170 мянга гаруй ахмад настан байна гэсэн үг. тиймээс алслагдсан хороо, дүүрэгт ахмадын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хэрэгтэй. энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэлт тавьсан. 2021 онд 221 дүгээр тогтоол гаргаад, Улаанбаатар хотод ахмадуудад зориулсан өргөөтэй бол. Газрын зөвшөөрөл, зураг төслийг нь баталж өг гэсэн засгийн газрын тогтоол байдаг. Үүнийг хэрэгжүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. VIII их хурлаараа үүнийг 2024 онд багтаан шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавина.

-Гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд, хүүхдүүд их өртдөг гэх боловч ахмад настнууд ч ихээр өртөх болсон тухай мэдээлэл явах болсон. Энэ талаар Ахмадын холбоонд мэдээлэл ирдэг үү?

-Сүүлийн жилүүдэд ахмадууд хүчирхийлэлд өртөх тохиолдол нэмэгдсэн. Үр хүүхэд нь ахмад настан, аав ээжийгээ халамжилдаг нийгмийн байдал өөр болжээ. Аав ээжийгээ ад үздэг, гэр орноос нь хөөдөг, тэтгэврийг нь хураагаад авчихдаг. хэдэн төгрөгийн тэтгэвэр авч, хаана яаж зарцуулж байгаагаа өөрөө мэддэггүй. эзэмшигчээс нь өмч хөрөнгийг нь хамаатан садан, үр хүүхдүүд нь нийлж байгаад өөрсдийнхөө нэр дээр шилжүүлээд авчихдаг. Жишээлбэл, орон байрыг нь өөрсдийн нэр дээр болгочихоод гэрээс нь хөөдөг. Сүүлийн үед зоддог, дээрэлхдэг үзэгдлүүд их болсон. тиймээс ахмадуудыг хүчирхийллээс хамгаалах бүртгэл мэдээллийн нэгдсэн системтэй болгох, ахмадуудыг хүчирхийлэлд өртсөн үед нь хүний эрхийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагууд, ахмадын байгууллагатай хамтраад дор дор нь зөрчигдсөн эрхийг нь сэргээдэг, хүчирхийллээс хамгаалдаг арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр Ахмадын холбоо идэвхтэй ажиллаж байна.

С.ОТГОНБАЯР

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *