Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Ноосоо тушаачихлаа гэдэг билүү? Зургадугаар сарын 1-нээс өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Нэг мэдсэн зургаан жил салбараа тэргүүлж ажиллажээ.Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан байна” гэжээ.
Түүнийг БТСУХ-ны даргаар ажиллаж байх хугацаанд бэлтгэлийн төв статустай байсан байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж хоёр жилийн өмнөөс Ерөнхий сайдын дэргэдэх Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Мөн шигшээ багийн баг тамирчид, дасгалжуулагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийг байгуулан, техник спортын төвийг улсын мэдэлд эргүүлэн авсан юм.
Мөн манай тамирчид Токиогийн олимп болон паралимпод түүхэнд байгаагүй олон эрх аван оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Сүүлд л гэхэд “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяныг орон даяар амжилттай зохион байгуулсан.
БТСУХ-НЫ ДАРГЫН АЖЛЫГ ХЭН ХҮЛЭЭЖ АВАХ ВЭ?
Тэгвэл БТСУХ-ны даргын ажлыг хэн хүлээж авах вэ? Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан гол хүнээр яригдаж байна.
Намтрын товчоо: Д.Жаргалсайхан 1965 оны дөрөвдүгээр сарын 29-нд Дархан хотод төрсөн. Эхнэр, 2 хүүхэдтэй.
Боловсрол: УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн. ОХУ-ын Томск хотноо Ph.D докторын зэрэг 1999 онд хамгаалсан.
Эрхэлсэн ажил: Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд мэргэжилтэн (1991-1994), ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирант (1995-1999), БТСҮТөв, БТСУХорооны дэд дарга (2000-2005), МОСХ-ны Ерөнхий НБДарга (2006-2011), ССАЖЯ-ны газрын дарга (2012-2013), Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга (2016), МОСХ-ны Ерөнхий НБДарга (2006-2011, 2014-2015, 2017 оноос одоог хүртэл),
Спортын сонгуульт ажил: МОСХ-ны Ерөнхийлөгч (1992-1996), МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга (1996-одоог хүртэл), МҮОХ-ны гишүүн (1994-одоог хүртэл), Монголын гандболын холбооны УЗ-ийн гишүүн (1993-1998), МГХ-ны Ерөнхийлөгч (1999-одоог хүртэл), Монголын модон бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч (2003-одоог хүртэл)
ОУОСХ-ны болон Тивийн ОСХ-ны сонгуульт ажил ба үйл ажиллагаанд оролцсон байдал: ОУОСХ-ны Хяналтын хорооны гишүүн (2007-2014), тус хорооны дэд даргаар 2015 оноос одоог хүртэл, Ази тивийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн (2004-2015) тус холбооны дэд Ерөнхийлөгчөөр 2016 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Олон удаагийн өвөл, зуны Универсиад наадам, оюутны Азийн болон ДАШТэмцээнд Монголын болон ОУ-ын байгууллагын шугамаар ажиллаж байв. Монгол улсад 2002 оноос хойш болсон 8-н удаагийн оюутны тив, дэлхийн АШТ-ний ЗБХ-ны нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан.
Спортын цол, зэрэг, сонирхон хичээллэдэг спорт: Олон улсын хэмжээний мастер цолтой. Олон улсын шүүгч. Бокс, модон бөмбөг, хөлбөмбөг, теннис, усан сэлэлт, сагсан бөмбөг, цана, спорт аялал
Гавьяа шагнал: Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч (2015)