-МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ИЛТГЭЛ-
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулж байгаа Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит XX бага хурал болж байна. Уг хуралд 20 гаруй орны 150 гаруй төлөөлөгч оролцож хүний эрх, эрх чөлөө, түүнийг тойрсон асуудлаар чуулах юм.
Манай орны хувьд Ази номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганыг эх орондоо зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой. Тэр тусмаа Монголын талаас төлөөлөл оролцуулж Ардчилсан Монгол оронд хүний эрх, эрх чөлөө ямар түвшинд байгаа талаар илтгэл тавих нь амин чухал асуудал байв. Гэсэн ч Монгол Улс дахь хүний эрхийн байдлын тухай илтгэл тавих байсан УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржийн хүсэлтийг хүлээн аваагүй байна. Тус бага хуралд тавихаар бэлтгэсэн түүний илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Монгол Улс нь НҮБ-ын гишүүн бөгөөд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой дэлхийн 70 шахам гэрээнд нэгдэн орсон, ардчилсан орон. Бид 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулиндаа хүний салшгүй эрх, эрх чөлөөг баталгаатай хамгаалж хэрэгжүүлэхээ тунхаглаж Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ баталгаажуулсан юм.
Ийм алхам хийснээр Монгол Улс нь ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг хамгаалж хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох, хуулийг дээдлэх, нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенци, эрх зүйн актаар хүлээсэн үүргээ биелүүлэх, үнэн зөв шударгаар тайлагнах өндөр үүрэг хүлээж ажиллана гэсэн үг. Үүнийг дэлхий нийт, түүний дотроос НҮБ харж, ажиглаж байдаг гэдэгт итгэж байна.
Монгол Улс Хүний эрх, эрх чөлөөг хангах талаар зарим арга хэмжээг авч, бас тодорхой үр дүнд хүрч байгаа боловч, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн, хангалттай биелүүлж чадахгүй байна.
“Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагаа” сэдвийн дор явагдаж байгаа Ази, Номхон далайн бүсийн орнуудын Хүний эрхийн Үндэсний чуулганы XX Бага хурлыг Улаанбаатар хотноо хийж байгаа нь завшаантай хэрэг боловч өнөөдөр Монгол Улсын дотоодод хүний эрхийн байдал бодит амьдрал ямар байгааг чин үнэнээр, бүрэн дүүрэн харуулна гэдэгт илтгэлгүй байна. Учир нь өнөөгийн Монголын төрийн эрх баригчид манай оронд аймшигтай хэлмэгдүүлэлт, тэгш бус байдал бий болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Үүнийг манай ард түмэн нүдээрээ харж, биеээрээ амсч байгаа бөгөөд“ардчиллын хэлмэгдүүлэлт” хэмээн нэрлэдэг боллоо.
Хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллага, “НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенци батлагдаад 30 жил өнгөрсөн ч Монголд эрүү шүүлт улам газар авч байгаа нь илэрхий байна. Дур зоргоор баривчлан, хорьж байгаа практик үргэлжилж байгаад санаа зовниж байна” гэсэн дүгнэлт хийсэн нь тохиолдлын зүйл биш.
Монгол дахь хэт улстөржилт, олигархуудын эрх ашиг, фракци бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл, өрсөлдөөнөөс болж хуулийн байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг ноцтой хэлбэрээр зөрчиж байна. Өнөөдөр Монгол Улсад хүний эрхийг хамгийн ноцтой зөрчих хэлбэр болох хэлмэгдүүлэлт, “эрүүдэн шүүх” явдал бодитой оршиж, төрөл бүрээр хэрэгжиж байна. Тэр байтугай, нас барсан хүнд шүүхээс эрүүгийн ял оногдуулсан эмгэнэлтэй явдал ч гарсан.
Энэ бүгдийг батлах олон жишээн дотроос би өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монгол Улсын Их Хурлын дарга асан, Улсын Ерөнхий сайд асан Намбарын Энхбаяр болон түүнтэй хамсаатуулан олон хүнийг зохиомол хэрэгт хүчээр шийтгэсэн явдлыг тодорхой жишээн дээр танилцуулахыг хүсч байна.
Олон улсын практикаас үзэхэд, хагас цэрэгжсэн бүлгээс гүйцэтгэсэн баривчилгааг хуулиас гадуурхи баривчилгаанд тооцдог ажээ. Харин, Н.Энхбаярыг дур мэдэн баривчлах ажиллагааг шөнийн 04 цагт цагдаагийн 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй арми гардан хэрэгжүүлж, бүлэглэн зодож, хамт байсан хүмүүст хэрцгий догшин хандсаныг олон нийтийн хэвлэл мэдээллээр харуулсан юм. Энэ ажиллагааг Авилгалтай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллага, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны удирдлага гардан гүйцэтгэсэн бөгөөд нийт монголчуудад аймшиг, түгшүүр төрүүлсэн үйл явдал болсон юм.
Урьд нь нэг ч удаа гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хуулийн байгууллагаас оргон зайлаагүй, Улаанбаатар хотод байнга амьдарч, тэр ч байтугай баривчилгаа явуулсан тэр өдөр ч Төрийн ордонд ажлын өрөөндөө хүмүүстэй уулзаад байж байсан хүнийг хүч хэрэглэн, яаран баривчлах ямар ч шаардлага байгаагүй гэдэг нь тодорхой.
Түүнийг баривчлах тухай шүүгчийн тогтоол гараагүй байхад асар их хүч хэрэглэсэн баривчлагааны үеэр зодуулж гэмтэл авсан Н.Энхбаяр ухаан алдсан байхад нь толгойг нь доош харуулан дамжилж гэрээс нь авч явсан юм. Энэ бол харгис хэрцгий хандсан эрүүдэн шүүлтийн илэрхий нотолгоо яах аргагүй мөн.
Баривчилгааны үеэр хуулийнханд зодуулж гэмтсэн, хохирсон 25 хүнийг эмчийн үзлэгт хамруулахад, тэдний 86,5 хувь нь, тархины доргилт, зөөлөн эдийн няцралт, цээж, нуруу, гуяны хэсгээр хөхрөлт, хавантай ба дийлэнх хүмүүс бүх биеийн битүү гэмтэл авсан байсан бөгөөд хоёр хүний хавирга цуурсан, нэг хүний шүд булгарсан нь тогтоогдсон. Энэ нь нэг хүнийг биш, нийтэд хүч хэрэглэсэн үйл ажиллагаа байсныг харуулж байна.
Мөн Н.Энхбаярт эрүү шүүлт тулгасны бас нэг нотолгоо бол, түүнийг баривчилсны дараа Төв аймгийн урьдчилан хорих, Зайсангийн хорих газарт шилжүүлэн хорьж, гэр бүл, төрөл төрөгсөдтэй нь уулзуулахгүй, гагцхүү өөрсдийн тулгасан үндэсгүй ялыг тулгаж, хүчээр хүлээлгэхийг оролдож байв.
Н.Энхбаяр өөрийг нь хилс хэрэгт ял тулгаж, эрүүдэн шүүж байгааг эсэргүүцэж арга буюу 11 хоног хуурай өлсгөлөн зарлаж, өөрийн эрх эрх чөлөө, нэр төрийг хамгаалахын төлөө тэмцэж амь насанд нь бодитой аюул тулгарсан нэн эгзэгтэй үед “МальтынТунхаглал”-ын заалтыг зөрчин “албадан хооллолт” хийх шийдвэр гаргасан юм. Мөн Н.Энхбаяр шаардлага тавьж өлсгөлөн зарлаад ес хонож байхад эрх баригчдаас ямар ч хариу өгөхгүй байсан нь өөрөө хүний эрхийн маш ноцтой зөрчил мөн.
Зөвхөн Н.Энхбаярт биш, энэ хэрэгт хилсээр холбогдож ял шийтгүүлсэн бусад хүмүүстэй зүй бусаар харьцах, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны эрүү шүүлт тулгасан нь олон баримтаар батлагдан тогтоогдож байна.
Хилсээр шийтгэгдсэн иргэн Д.Дуламсүрэн ярихдаа: “Энэ бол улстөрийн зохиомол хэрэг. Намайг энэ хэрэгт татан оруулж, ял шийтгэл оногдуулах нь Н.Энхбаяр, түүний гэр бүлийг улс төрд оруулахгүй байх, нийгэмд муухай харагдуулах гэсэн зорилготой байсан гэж боддог. АТГ-ын байцаагчид, чи Энхбаярын гэргий О.Цолмонтой хамт ажиллаж байсан юм чинь, чи үйлчилсэн байж таарна, тэд чамд ямар чиглэл өгсөн, хэзээ утсаар ярьсан, хаана уулзаж байсан бэ гэх зэргээр байцааж байсан.
Мөрдөн байцаагчид, прокурорууд, шүүгчдийн байдлаас харахад ямар ч хамаагүй аргаар Энхбаяр гэдэг хүнийг яллах зорилготой ажилласан юм билээ. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд намайг болон иргэн Д.Чулуунбаатарыг зүгээр золиос болгосон юм шүү. Ганцхан жишээ хэлэхэд, Нийслэлийн СБД-ийн шүүхийн шүүгч Соёмбо- Эрдэнэ бид нартай маш бүдүүлэг харьцаж байсан. Би өдөр болгон шүүх дээр 9-10 цагт өөрийн биеэр очиж бүртгүүлэх үүрэгтэй байсан ба ажил, замын түгжрэл зэргээс шалтгаалан 2-3 удаа 5-10 минут хоцорч бүртгүүлэхэд, шууд л дүүргийн шүүхийн камерт оруулаад хорьчихно, өрөөндөө оруулж загнана, чичлэнэ. Чи гараад сонин хэвлэлд яриад үзээрэй, сайнаа үзэхгүй шүү гээд сүрдүүлдэг байлаа” гэжээ.
Н.Энхбаяр нарт хүчээр ял тулгаж хилс хэрэгт ял шийтгэхэд чиглэсэн зорилготой үйл ажиллагаа шүүхийн шатанд ч явагдсан байна. Шүүх хурлаар Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 150 дүгээр зүйлээр ялласан боловч энэ зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн Н.Энхбаярын үйлдэлд байхгүй юм.
Хуулийг илтэд буруу хэрэглэсэн, шүүхийн шинжээчийг зориуд тусгай хүмүүсээр томилж, захиалгаар дүгнэлт гаргуулж ял тулгах үндэслэл болгосон, шүүх хуралд оролцуулахаар хүсэлт гаргасан 16 гэрчээс зөвхөн хоёр хүнийг байлцуулсан, шүүгчээс татгалзан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, өмгөөлөгч нарт хэрэгтэй танилцах боломжтой хугацаа өгөөгүй, танилцаж амжаагүй байхад буцаан хурааж авдаг байсан, шүүх хуралдаанд мэтгэлцээнийг хориглосон, шинжлэн судлаагүй зүйлийг яллах нотлох баримт болгосон, шүүх хурлын үеэр өмгөөлөгчийн асуулт тавих эрхийг хаасан зэрэг үй олон жишээ татаж болно.
Энэ хэрэгт хилсээр шийтгэгдсэн До.Чулуунбаатар ярихдаа: “Би энэ хэргийг ер ойлгодоггүй юм. Шүүх хурал дээр бидэнд тулгаж байгаа ялын тухайд асууж, юугаар нотлогдож байгаа юм бэ? гэхэд энэ гүйцэтгэх ажлын материал гэдэг. Түүнийг нь бид ч, бидний өмгөөлөгч нар ч үзээгүй, үзүүлээгүй. Шүүх хурал дээр цагаан цаасанд боосон юм харуулаад гүйцэтгэх ажлын материал гээд байсан. Тэр харуулаад байсан юм нь үнэхээр юу байсан бүү мэд. Ямар ч л байсан бидний хараагүй, мэдээгүй бөгөөд Монгол Улсын хуулиар нотлох баримтад тооцогдоггүй “гүйцэтгэх ажлын материал” гэдэг зүйлээр биднийг ялласан нь үнэн.
Мөрдөн байцаагч хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө надтай уулзаад, “таныг бүр шагнамаар хүн байх юм, маш их юм хийсэн, элдэв хууль зөрчсөн юм байхгүй, гэтэл АТГ заавал ял төлөвлөж өг гээд шахаад байна. Таныг шүүхийн шатнаас цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох байхаа, тийм бүрэн үндэстэй” гэж байсан.
Миний холбогдсон хэрэг гэгчид хохирол байхгүй, хохирогч бас байхгүй. Бид тухайн обьектыг хувьчлаад авчихсан, зохих хэмжээний мөнгө төлсөн байсан. Гэтэл хувьчлалыг хүчингүй болгоод нийслэлийн өмчид авсан. Хувьчлалд төлсөн мөнгийг улс бидэнд буцааж төлөөгүй, шууд л хураагаад авсан. Дараа нь шинэ хүмүүст бас хувьчлаад өгчихсөн. Бид болдоггүй, тэр хүмүүс болдог байна” гэж байгаа нь болсон үйл явдлын үнэн мөнийг дэндүү бодитойгоор харуулж байгаа бусуу.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Энхбаярыг Улсын Их Хуралд нэр дэвших эрхийг нь хаахдаа “боловсрол, ажлын чадвараар УИХ-ын гишүүн байх боломжгүй” гэж Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахаас татгалзаж байсан нь түүний улстөрийн эрхийг хязгаарласан захиалгат үйл ажиллагаа байв.
Энэ бол Н.Энхбаярыг МАХН-ын даргын нь хувьд, мөн улстөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нь хувьд улстөрийн сэдэлтээр бий болгосон зохиомол хэрэг бөгөөд Н.Энхбаярыг улстөрөөс шахан зайлуулах, түүнтэй улстөрийн тооцоо хийж алагчилахад чиглэсэн тодорхой зорилготой, улс төрийн хүчний зөвшөөрөл, үүрэг даалгавраар хуулийн байгууллагууд гардан хэрэгжүүлсэн зохион байгуулалттай, урьдаас тооцож бэлтгэсэн үйл ажиллагаа байсныг харуулж байна. Н.Энхбаярыг одоо ч мөрдөн мөшгисөн хэвээр байна.
Ийм байдлаар хэлмэгдүүлэлт явагдаж, эрүү шүүлт газар авч, хүний эрх, эрх чөлөөг хэмжээ хязгааргүй зөрчих явдал газар авч байна. Үүний золиос болсон хохирогчид гомдол гаргах боломж туйлын хязгаарлагдмал, гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох, хохирогчид айдаст авсан тул юм хэлж чадахгүй, эсхүл шударга үнэн үр дүн гарна гэдэгт ямар ч итгэлгүй болсон байна.
Эрүүдэн шүүгдэж, хүнлэг бусаар харьцаж шийтгэсэн хэргийн бүх хохирогчид гэмт хэргийн золиос болсныхоо төлөө нөхөн олговор авах, нэр төрөө сэргээлгэх, шударга үнэнийг тогтоолгох болон бусад хэлбэрээр хохирлыг барагдуулах ёстой.
Өнөөгийн ардчилсан Монгол Улсад хууль ёсыг сахих, биелүүлэх, хүний эрхийг хангаж байгаа нь бодит байдалд ийм байна. Хууль бус үйл ажиллагааны золиос болж олон хүн хохирч байгааг тодорхой баримт жишээн дээр сонордууллаа.
Иймээс,Монгол Улсад төрийн эрх баригчдын зүгээс явуулж байгаа хүний эрх зөрчсөн ноцтой үйл ажиллагааг таслан зогсоох эрс шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна.
Энэ асуудлаар НҮБ-ын Тусгай Илтгэгч, Эрүүдэн шүүхийн эсрэг Хорооны шинжээчдийг томилж ирүүлэхийг хүсч байна.
Энэхүү илтгэлийн материалтай хамт Н.Энхбаярыг хүч хэтрүүлэн, хууль бусаар баривчилсан ажиллагааны бичлэгийг хүргүүлэв.
ЦЭРЭНХҮҮГИЙН ШАРАВДОРЖ
/Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч/