НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Тэргүүлэгчид “Хичээлийн шинэ жил” эхлэх гэж байгаатай холбогдуулан “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн ажлын явц”, “Сургууль, цэцэрлэгийн хүртээмж”-ийн талаар танилцуулга сонслоо. Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Улаанбаатар хотын автозамын нөхцөл байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, засвар, арчлалт, нийтийн тээврийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав.
Зуны амралт, зугаалгын цаг дуусч, хичээл эхлэх үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс хотын төв хэсгийн автозамын ачааллыг бууруулах түр зохицуулалт хийж, ирэх амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулах аж.
Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Аз жаргалтай хот хөтөлбөр”-ийн хүрээнд замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, давхар зам, гүүр барих асуудлыг шийднэ. Нэн түрүүнд зам засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэ, сургууль орчны аюулгүй байдлыг онцгойлон анхаар. Сургуулийн эргүүл буюу “School police”-ийг үргэлжлүүлэн ажиллуул. Шаардлагатай бол нэмэгдүүл” гэсэн үүргийг ажлын хэсэгт өглөө.
Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Энэ хичээлийн жилд 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг цэцэрлэгт шинээр элсүүлнэ. Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч 43 000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн сул орон дээр он дуустал 3057 хүүхдийг нэмж явуулах ажилд 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн энэ сарын 22-26-ны өдрүүдэд элсэлтийн бүртгэл хийж, “Элсэлтийн тасалбар” тарааж, 26-ны өдөр сонгон шалгаруулалт явуулна” гэлээ.