Categories
мэдээ нийгэм

Ц. Оюунгэрэл: Нэгнээ сонсож, дэмждэг ажлын орчин бүрдүүлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг DNN.mn

Ажлын байран дахь сэтгэцийн эмгэгийн талаар Сэтгэцийн эмч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа


-Ажлын байран дахь сэтгэл гутрал гэж юу вэ?

-Ажлын орчинд сэтгэл гутрал янз янзаар илрэх нь бий. Магадгүй ажилдаа төвлөрч чадахгүй эсвэл унтаж чадахгүйгээс болж хэт их ядаргаанд орсон. Мөн байнга л уйлмаар санагдаж, сандарч, бүх зүйл хэтэрхий хурдан болоод байгаа мэт санагдаж болно. Энэ мэт мэдрэмж дан ганц сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй нийгмийн амьдрал, хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөө үзүүлдэг. Улмаар сэтгэлзүйн болон бие махбодын ачаалал ихтэй, удаан хугацаагаар ажилласны улмаас сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болон ажлаас халшрах хам шинж үүсдэг.

-Ажлаас халшрах, сэтгэл гутралд орсноор ажлын бүтээмжид нөлөөлөх үү?

– Удаан хугацаагаар үргэлжилбэл ажлаас халшрах байдалд хүргэж ч болно. Мөн энэ цаг хугацаанд нийгмийн харилцааны хэрэгцээ нь хумигдаж, стресст өртөх, ганцаардах, сэтгэл гутрах шинжүүд илэрч болзошгүй. Ажлаас халшрах хам шинж нь үндсэн гурван бүлэг шинжээр илэрдэг. Нэгдүгээрт тухайн хүнд сөрөг сэтгэл хөдлөлүүд бий болох айх, түгших, сэтгэл гутрах, эргэлзэх, тээнэгэлзэх зэрэг шинжүүд илэрдэг

-Тэгвэл ажилчин сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ?

-Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзэх хэрэгтэй. Үүнд Би ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу, Юуны тулд би ажиллаж байна вэ, Яагаад заавал энэ байгууллагад би ажиллаж байна вэ, Надад тулгараад байгаа асуудал шийдэгдэх боломжтой юу?. Хэрэв таны хариултууд сөрөг байвал танд “Ажлын байрны стресс” тулгарчээ хэмээн ойлгож тодорхой арга хэмжээ авахыг зөвлөж байна. Өөрийгөө өөрчлөх, амьдралдаа шийдвэртэй алхам хийх боломж хүн бүрт бий. Сэтгэц эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Сэтгэцийн эрүүл мэнд сайнгүй байх нь хувь хүний ажлын гүйцэтгэл, бүтээмж болоод хамтран ажиллагсадтайгаа харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж байдаг. Байгууллага бүрд сэтгэл зүйч байдаггүй манайх шиг нөхцөлд хэнд хандахаа мэдэж байсан ч хамаг юмаа тоочиж ярих гэдэг амаргүй зүйл. Зарим хүн менежертээ хандахыг хүсдэг бол зарим нь албаны дарга, хүний нөөцдөө хандахыг илүүд үздэг. Энэ асуудлын хамгийн чухал нь өөрийн сэтгэл мэдрэмжээ бүрэн илэрхийлж, ойлгуулж чадах хүндээ хандах юм.

-Хамт олонтойгоо нэгдэж, нэг цул болохын тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Харилцаа гэдэг хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Тиймээс нэгнээ сонсож, дэмжиж, хүндэтгэдэг ажлын орчныг бүрдүүлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ.

Хамтран ажиллагсдад тань урам хэрэгтэй үед урам хайрлаж, магтаалаар дутсан үед нь дэмнэж, сэтгэлээр унасан үед нь сонсож ойлгох хэрэгтэй байдаг. Зарим үед хүнд хэн нэгнээс зөвлөгөө авахаас илүүтэй зүгээр л ярих хэрэгцээ байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Улмаар сэтгэл санаа нь таагүй байгаа хүний яриаг хэдхэн минут зарцуулж сонсож өгснөөр ихээхэн тус хүргэх ч боломжтой. Мөн ажил ихтэй нэгэндээ багахан туслах ч тэр хүнийг сэтгэл санаагаар дэмжсэн хэрэг болдог. Харин байгууллагын удирдлагын зүгээс ажлын байран дээр сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярих нээлттэй орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд ажилчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн сургалт авах, ажилчдынхаа сэтгэцийн эмгэгийн тухай ойлголтыг засах, шаардлагатай нөхцөлд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг хүмүүстэй хамтран ажиллах зэрэг багтана.

-Шинэ ажилтан ажиллаа төвөгшөөх, үүрэг хариуцлага өгөхөд уцаарлах нь тухайн хүний сэтгэл зүйд ямар асуудал тулгарсныг илтгэдэг вэ?

-Нийт сэтгэцийн эмгэгийг шалтгаан нь тодорхойгүй буюу дотоод шалтгаантай, шалтгаан нь тодорхой буюу гадаад шалтгаантай гэж хоёр ангилдаг. Нойргүйдэл, хүчтэй стресс тодруулбал хүчирхийлэл, айдас, ганцаардал, хэт ачаалал ихтэй ажиллах, амьдралын буруу хэв маяг зэрэг байж болно. Хамгийн энгийн жишээ гэвэл хүн бүтэн сайхан унтаж амарч байх ёстой байдаг. Хоногт 6-8 цаг унтаад амарсан хэн ч сэтгэцийн эмгэг тусах эрсдэл нь бага байдаг. Нойрноос болоод дараа дараагийн асуудлууд үүсдэг. Түүнчлэн нийгмийн стресст бага өртөж, бухимдалгүй амьдрах хэрэгтэй. Анзаараад байхад хүмүүс их бухимдалтай, түрэмгий байна. Зүгээр л юм ярих гэхэд урдаас нь зүгээр хариулж чадахгүй байх жишээтэй. Нийгэм стресстэй гэж яриад байгаа боловч үүнийг хэн бүрдүүлж байна гэхээр хүмүүс өөрсдөө л бий болгоод байгаа шүү дээ. Хувь хүний боловсрол, хөгжил дутмаг байгаагийн нэг илрэл юм уу даа.

-Сэтгэцийн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг үү. Нөлөөлдөг бол яаж нөлөөлдөг вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь биеийн эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг талаар судалдаг салбар шинжлэх ухааныг психосоматик салбар гэж нэрлэдэг. Сэтгэл санаа муу, зовуурьтай, стресстэй, ямар нэгэн тулгамдсан асуудалтай байх нь тодорхой хугацааны дараа ямар нэгэн өвчин болж илэрдэг. Тэр өвчин нь биеийн шинжээр эсвэл сэтгэцийн өөрчлөлтөөр илэрч болдог. Жишээ нь удаан хугацаанд стресстэй явснаар ходоод өвдөх, батгаших, ядрах, бэлгийн сулралд орох нөлөөллүүд үүсдэг. Биеийн өвчний 84 орчим хувь стрессээс үүсдэг гэсэн судалгаа ч байдаг.

-Стресс ямар төвшинд хүрвэл сэтгэцийн эмгэг үүсэж болох вэ?

-Энэ нь хүн болгонд өөр өөр, хүн болгон адилгүй гэдэг утгаар шүү. Сэтгэцийн өвчин үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлийн хүч чухал байдаг. Гэхдээ тийм хэмжээнд хүрээд сэтгэцийн өвчин тусна гэсэн тодорхой ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл сэтгэцийн өвчин үүсгэх сөрөг хүчин зүйл ихэссэн байна уу гэдгийг мэдэхийн тулд л манай салбарт хандан, үйлчилгээ тусламж авах ёстой. Түүнээс ийм хэмжээнд хүрвэл өвчин үүснэ гэж хэлэх боломжгүй. Хүн болгоны өссөн орчин, темперамент зэргээс шалтгаалаад эмгэг үүсгэж чадах түвшин нь өөр өөр байдаг.

-Сэтгэл зүйч болон сэтгэцийн эмч хооронд ямар ялгаа байдаг вэ. Сэтгэл зүйчээс ямар тусламж, сэтгэцийн эмчээс ямар тусламж авах ёстой вэ?

-Сэтгэцийн эмч бол өвчинтэй илүү ажилладаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн айдсын өвчтэй байлаа гэхэд түүнийг эмчилж эдгээх талаар сэтгэцийн эмч хүн ажиллана. Харин сэтгэл зүйч хүн бол тэр айдсын эмгэгийг үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлээс хэрхэн хол байх, хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр ажиллах ёстой гэсэн үг. Нөгөө талаар сэтгэл зүйч бол сэтгэцийн эмгэгийн урьдчилан сэргийлэлт талаар ажилладаг бол сэтгэцийн эмч бол өвчнийг эмчилдэг гэсэн үг.

Д.БАТТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *