Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Хүн хүч хүрэлцэхгүй байгаа газарт нь очиж нэр дэвшихэд бэлэн байна

“ӨДРИЙН СОНИН”-Ы ТАВДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН № 107 /5372/ ДУГААРААС АВЧ НИЙТЛЭВ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та оны өмнө “Улс төрөөс түр завсарлаж, номоо бичнэ” гэж мэдэгдэж байсан. Харин өнөөдөр (өчигдөр) та нэр дэвшинэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа зарлалаа л даа. Энэ нь ҮХЦ-ийн тавдугаар дүгнэлтээс болчихов уу?

-Бид шинэ оны өмнө Сонгуулийн тухай хуулиа баталж байсан. Уг хууль батлагдсаны дараа би “Нэр дэвшихгүй” гэдгээ зарласан. Учир нь Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг анх удаа оруулж өгсөн. Эмэгтэйчүүд олноороо парламентад орох боломжтой боллоо гэж бодож байсан юм. Пропорциональ системээр сонгууль явуулчихвал намын нэрсийн жагсаалтаар олон эмэгтэй хүн парламентад суух таатай орчин бүрдсэн тул шинэ залуу эмэгтэйчүүдэд орон зайгаа тавьж өгье гэдэг үүднээс нэр дэвшихгүй гэдэг мэдэгдлийг хийж байсан. Хувийн талаас гэвэл номоо бичихэд илүүтэй цаг зав гаргая гэж үзсэн л дээ. Харин өнөөдөр (өчигдөр) УИХ-ын чуулганаар ҮХЦ-ээс сонгуулийн хугацааг тулгаж гаргасан дүгнэлтийг эцсийн мөчид дэмжихээр боллоо. Энэ нь улс төрд орох эмэгтэйчүүдэд томоохон цохилт болсон. Намын жагсаалт байхгүй болсноор улс төрд шинээр танигдъя гэж бодож байсан эмэгтэйчүүдийн хувьд маш том хаалга хаагдлаа. Намын нэрсийн жагсаалтад бичигдье, танигдъя гэж бодож байсан олон эмэгтэй бий. Тэр утгаараа тойрогт өөрсдийгөө бэлдээгүй. Бэлтгэл хангах бололцоогүй, тойрог дээр ямар ч байдлаар сойх боломжгүйгээр сонгууль болохоос нэг сарын өмнө хамгийн гол сонгуулийн дүрэм өөрчлөгдөж байгаа учраас бэлтгэлгүй байгаа олон эмэгтэй улс төрөөс шахагдахад хүрч байна. Тиймээс би эмэгтэйчүүдийнхээ оролцоог улам бууруулахгүйн тулд тойрогт очиж “гардан тулалдаан”-д орно. Намайг аль ч тойрогт хуваарилсан нэр дэвшихэд бэлэн байя. Тэнд очиж эмэгтэйчүүдийн тоог бөглөөд байж байх ёстой гэдэг шийдвэрийг гаргалаа. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог бууруулахгүй гэдэг үүднээс ном бичих цаг заваа түр хойш тавихаар болсон.

-Цэцийн дүгнэлтээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог яг яаж бууруулчихаад байгаа юм?

-Жагсаалтаар сонгогдохыг зөвшөөрөхгүй байна гэдэг чинь л шууд хааж байна гэсэн үг. Жагсаалтаар нэр дэвшинэ гэдэг бол та аль нэг тойрогт очилгүйгээр нам дотроо идэвхтэй ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөнөөр жагсаалтад орох нэг боломж байдаг байлаа. Тухайлбал, ТББ-ын идэвхтэй эмэгтэйчүүд нийтлэг хүний эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг маш их ажилладаг хэрнээ тодорхой тойрогт очоод гурил, будаа тарааж чаддаггүй. Нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаад аль нэг тойргийг бөөцийлөлгүй, улс орныхоо төлөө карьераа зориулсан хүмүүст энэ бол цохилт болж байгаа юм. Харин тухайн тойрогт байшин барьж, сүлжээ байгуулан тухайн тойргийг манайхны хэлдгээр “маллаад” явж байсан илүү хөрөнгөтэй хүмүүст хожил болж байгаа хэрэг. Улс төрд яваа ихэнх эмэгтэйчүүд аль нэг тойргийг маллаж улс төрд ордоггүй. Ажиглаад байхад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн төлөө, байгаль орчин экологийн төлөө гээд үргэлж нийтлэг эрх ашгийг дагаж эмэгтэйчүүд улс төрд орж ирдэг. Тиймээс эмэгтэйчүүдэд лист маш чухал байдаг. Одоо бол хөрөнгө, мөнгөтэй, амлаад авсан тойрогтой тийм газар эрчүүдтэй нүүр тулахаар байна.

-Ямар ч нөхцөлд улс төрд орж байгаа бол эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өрсөлдөх ёстой юм биш үү?

-Бөхөөр жишээ аваад ярья. Өөрийн гэсэн бөхийн галтай, дасгалжуулагчтай, тэрийг чи тэгж амлаарай гээд урьчилан тохироо хийчихсэн бөх начин цолонд зүтгэж байна гэж бодъё. Гэтэл зүгээр цэрэгт албаа хааж байгаад ямар ч бэлтгэл сургуулилтгүй, бөхийн гал болон дасгалжуулагчгүй “Эх орныхоо төлөө” гээд хил манаж байсан залуу өнөөхтэй чинь барилдана. Хэн нь давах вэ. Энэ л байхгүй юу. Эмэгтэйчүүд чинь жагсаалтгүй бол яг л тийм зүйлд очно гэсэн үг. Эмэгтэйчүүд тойрогт очоод дэвших л байх. Гэхдээ ялах магадлалыг нь төдий чинээ бууруулж байгаа байхгүй юу. Лист байхгүй байна гэдэг чинь эмэгтэй улстөрч улс төрд орох хаалгыг нь төдий чинээ нарийн болгож байна. Өргөн хаалгаар орох, нарийн хаалгаар орох хоёр ялгаатай байдаг биз дээ. Тийм л байхгүй юу.

Дэлхийн олон оронд пропорциональ тогтолцоо бий. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бид Үндсэн хууль зөрчсөн гээд ганц удаа хэрэглэчихээд байхгүй болголоо. Цаашид харин энэ тогтолцоо байх ёстой юм шүү. Дахин оруулж ирэхдээ Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж байж оруулж ирэхээр болсон. Энэ нь дараагийн парламентын хийх ёстой ажил. Гэхдээ дэлхийн ардчилсан орнуудад хүлээн зөвшөөрөгддөг ардчилсан тогтолцоог 1992 онд Үндсэн хууль хийж байсан манай хүмүүс мэдэхгүйгээсээ болоод л оруулалгүй үлдээсэн байх. Тухайн үед манайд сонгуулийн аль ч тогтолцоо байгаагүй. 1992 онд дэлхийн чиг хандлага хаашаа явж байгааг тогтоох тийм ч амар байгаагүй ч одоо бол харин маш тодорхой болсон. Тэр нь пропорциональ тогтолцоо. Ийм нөхцөлд зөвхөн ганц нэр дугуйлна гэдэг явцуу үгнээс илүү хэд хэдэн хувилбараар сонгууль явуулж болохуйц үг, үсэг Үндсэн хуульд үгүйлдэгдэж байна. Өнөөдрийнх шиг байдлыг сонгууль бүрээр бий болгоод байхгүй тогтвортой төрөө байгуулж чаддаг, ҮХЦ нь дуртай үедээ хутгалдаад байдаггүй болох тал дээр дараагийн парламент шийдвэр гаргах хэрэгтэй.

-Та бусад эмэгтэйчүүдийг бодоход Хан-Уул гээд нэр дэвшин гарч ирж байсан өөрийн гэсэн тойрогтой. Энэ удаа харин хаана нэр дэвшихээр болж байгаа вэ?

-Нэр дэвшүүлэх асуудал яригдаад эхлэнгүүт намын хороодынхоо саналыг харна. Аль намын хорооноос ирж өрсөлдөөч гэх нь үү тэрийг харна. Тиймээс намын удирдлагууд хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгоно. Хүмүүс нь багтаж ядаад олон хүн нэр дэвших сонирхолтой байгаа тойрогт бусдыг нь хойш нь татаж байгаад заавал Оюунгэрэлийг нэр дэвшүүлэх албагүй. Харин хүн хүч хүрэлцэхгүй байгаа газарт нь очиж нэр дэвшихэд бэлэн байгаа. Эцсийн шийдвэрийг аймаг, дүүргийн намын хороод гаргана. Аймаг, дүүргийн намын хороод хэнийг нэр дэвшүүлмээр байна гэдэг захиалгаа өгч байгаа гэдгийг дуулсан. Миний нэрийг одоогоор Хөвсгөл аймгаас ирүүлээд байгаа гэж сонссон.

-Таныг тойрогт нэр дэвшинэ гэдгийг эмэгтэй гишүүд дэмжиж байгаа юу?

-Намын эмэгтэй гишүүд намайг сонгуульд өрсөлд гээд үүрэг өгч байгаа. “Би нэр дэвшихгүй” гээд мэдэгдэл гаргасны дараа намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөлдөх хорооны хурлаар тогтоол гаргаагүй ч УИХ-д сууж байгаа эмэгтэй гишүүд 100 хувь нэр дэвших ёстой гэдэг шаардлагууд гарч байсан. АН-аас Их хуралд сууж байгаа зургаан эмэгтэй гишүүн заавал нэр дэвших ёстой шүү. Энэ бол та нарын хувийн сонголт биш шүү гэдэг зүйлийг хэлж байлаа. Тэр утгаараа дэмжих байх гэж бодож байна.

-Өмнөх сонгуулиудыг харж байхад эмэгтэй нэр дэвшигчдийг рейтинг өндөртэй эрэгтэй улстөрчтэй халз өрсөлдүүлэх гээд байдаг хандлага ажиглагддаг. Өөрсдөө гарахгүй болохоор эмэгтэй хүнийг тэр тойрогт явуулчих гээд байдаг…

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Ер нь бол намын хороо хороон дээрээ очиж өрсөлдөнө. Жишээлбэл, би аймгийнхаа намын хороон дээр очиж өрсөлдлөө гэхэд МАН Бага хурлаар хэнийгээ дэвшүүлж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Хурал ихэвчлэн зэрэг болдог учраас урьдчилан газрын зураг зурах хэцүү. Зарим нэг хүн эрээвэр хураавар маягаар тиймэрхүү тохиролцоо хийдэг л дээ. Тэр нь гэхдээ бидэнд ил мэдэгддэггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *