УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нам дотроо М.Энхболдтой өрсөлдсөн боловч Бага хуралд оролцсон 259 гишүүнээс 37 саналыг л авчээ. Тиймээс тэрээр УИХ-ын дарга М.Энхболдод амжилт хүсч духан дээр нь үнсэн “Ахын сэтгэлээр үнслээ” гэв.
Тэрээр, “Ерөнхийдөө иймэрхүү дүн гарна гэдгийг тооцож байсан. Цочирдох юм надад алга. Хариуцлагатай сонгууль дөхөж байна. Би та бүхэнтэй хамтарч М.Энхболд даргын сонгуульд чадах чинээгээрээ зүтгэнэ гэдгээ энэ индэр дээрээс хэлье. Мөн намайг “Ерөнхийлөгчид нэр дэвшээрэй, битгий татгалзаарай” гэж дэмждэг хүмүүс хаа сайгүй цөөнгүй бий. Намайг дэмждэг энэ хүмүүст хандаж үг хэлэх гэсэн юм. Тиймээс Ц.Нямдорж явж байна гэж бодоод М.Энхболд даргыг дэмжиж өгөөрэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн өмнө энэ индэр дээрээс залуучууддаа амжилт хүсээд зогсч байлаа. Яг түүнтэй ижил М.Энхболд даргад амжилт хүсч байна” гэлээ.