Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц. Ням-Осортой ярилцлаа.
-“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ дэмжсэн. Ямар компаниудын хичнээн хувийг хувьчлахаар болоод байгаа вэ?
-Үе, үеийн Засгийн газар дөрвөн жилд өмч хувьчлалын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Компанийн засаглал, менежмэнт, төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлийн хүрээнд шаталсан хэд, хэдэн арга хэмжээ авдаг юм. Төрийн өмчит нийт 105 компани байсан. Үүнээс бид үр ашиггүй гэж үзээд таван компанийг татан буулгасан. Дараа нь хоёр ч компанийг шүүхийн шийдвэрээр өрөнд нь шилжүүллээ. Одоо төрийн өмчийн 98 компани бий. Эдгээрээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 86 нь харьяалагдаж байна. Үлдсэн компаниуд Сангийн яам болон “Эрдэнэс MGL” компанид харьяалагдаж байгаа. Гэхдээ Төрийн болон орон нутгийн тухай өмчийн хуулиараа өмч хувьчлалын үндсэн чиглэлийн саналыг авч, нэгтгэж, зохион байгуулах үүрэг нь манай газарт байдаг юм. Энэ асуудлын хүрээнд 2017 оны хоёрдугаар сард Засгийн газарт өмч хувьчлалын үндсэн чиглэлийг оруулсан. Үүнд 40 гаруй компани орсон. Улмаар дахин тандалт, судалгаа хийснээр мөн оны аравдугаар сард дахин өргөн барьсан юм. Гэсэн ч Засгийн газар өөрчлөгдсөн учир энэ оны гуравдугаар сард өргөн барьснаар одоо хэлэлцэгдээд явж буй нь энэ юм. Бид сүүлийн төслөөр 37 компанийн нэрийг Засгийн газарт оруулсан. Мэдээж Засгийн газарт оруулахаас өмнө бүх мэргэжлийн газрууд, салбар яамдаас санал авсан. Засгийн газрын хуралдааны өмнө Засгийн газраас ч гэсэн яамдаас санал авдаг. Засгийн газрын санал авах хүрээнд эрчим хүчний 10 компанийг хувьчлах шаардлагагүй гэж салбарын сайд нь үзсэн. Дулааны II, III, IV цахилгаан станц, Эрдэнэт, Булган, баруун, зүүн бүсийн цахилгаан түгээх станцуудын тодорхой хувийг хувьчилна гэсэн чиглэл байсан. Дээрээс нь нийслэлийг нүүрсээр хангадаг “Шивээ Овоо”, “Багануур”-ын уурхайн 34 хувийг хувьчлах чиглэлийг мөн хассан. Ингээд нийт 27 компанийг хувьчлахаар болсон юм. Хөдөө аж ахуйн бирж, МИАТ-ийг 49 хувь, Мэдээлэл, холбоо сүлжээний компанийг 49 хувь хүртэл, Арилжаа төлбөр тооцооны төв, Төрийн банк, Хөрөнгийн биржийг тус тус 100 хувь хувьчлах юм. Монгол шуудан компанийг 34 хувь хүртэл хувьчилсан. Эдийн засгийн үр ашиг нь сайжирсан тул дахин 49 хувь хүртэл хувьчлахаар саналын төсөл оруулсан. Үлдсэн 20 нь авто зам засвар ашиглалтын компаниуд юм. АЗЗА-ын компаниуд бол 20-30 ажилчинтай, жилд 300-600 сая төгрөгийн орлоготой. Тэр мөнгийг яамнаас зам засварын үед гэрээгээр өгдөг. Эдийн засгийн хувьд багагүй суларсан компаниуд юм.
-Гишүүд өмч хувьчлалыг дэмжиж байгаа боловч үнэлгээ нь алдаатай байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Үндсэн чиглэлд тусгасан үнэлгээг хэрхэн тооцсон юм бэ?
-Үнэлгээний асуудал дээр ташаа зөрүү ойлголт гараад байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд байгууллагын худалдааны үнийг тавина гээд заачихсан байдаг юм. Бид үнэлээгүй компанийг үнэлж болохгүй, хуулиар хориотой. Тиймээс балансын үнэ тавьсан. Үүнийг л зөв, буруу гээд яриад байгаа юм. Энэ бол зөв. Учир нь энэ чинь балансын л үнэ. Одоо бол бид эдгээр компанийг хувьчлах уу, үгүй юу л гэж асуугаад байгаа. Хувьчилна гээд шийдчих юм бол үнэлдэг. Хувьчлаагүй байхад энэ их компанийг үнэлүүлье гэвэл хувийн хөрөнгийн үнэлгээний газар асар их мөнгө төлнө. Хувьчлах үгүйг нь мэдэхгүй байж компанийг үнэлүүлж мөнгө төлж болохгүй. Тийм санхүүгийн эх үүсвэр төсөв ч байхгүй. Үнэлэхээр болбол Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан хөндлөнгийн үнэлгээний компани хийнэ. Хөндлөнгийн үнэлгээний компани хуулиараа гурван чиглэлээр үнэлнэ. Бизнесийн болон хөрөнгийн үнэлгээ, мөн тухайн компанийн жишиг бүхий компанийн зах зээл дээрх үнэлгээг харгалзан үзнэ. Эдгээрийн дүнгээс тухайн компанийн үнэлгээг тогтоодог. Уг үнэлгээг хөндлөнгийн аудит шалгана. Шалгаад болжээ гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр Хөрөнгийн бирж дээр бүртгүүлнэ. Бүртгүүлж, нэгж хувьцааны үнэ ханш тогтсоны дараа брокер компаниудаар дамжуулж зарна. Тэр үед л үнэ тогтоно. Бид одоо болоогүй үнийг таагаад хэлчих юм бол асуудал гарна шүү дээ. “Та нар 20 тэрбум хүрнэ гэсэн. Энэ чинь зах зээл дээр 10 тэрбум хүрчихлээ. 10 тэрбумыг нь хэн идсэн бэ” гэх хүн олон. Хөрөнгийн бирж дээр ч үнэ савладаг. Мөн бирж дээр Монгол шуудан компанийн нэгж хувьцааг 180 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хоёр жилийн дараа гэхэд 580 төгрөг болчихсон байна. Зах зээл дээр л үнэлгээ нь тогтдог. Ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн газрыг анх 7. 2 тэрбум төгрөгөөр үнэлж дуудсан юм. Гэтэл 24 тэрбумд хүрсэн. “Оргил” рашаан сувиллыг долоон тэрбум төгрөгөөр үнэлэхэд дуудлага худалдаагаар 15. 2 тэрбумаар зарсан. Үнэлгээ зах зээл дээр тогтдогийн жишээ нь энэ. Үнэлгээн дээр мэргэжлийн ойлголтын зөрүү их гараад байна. Бид аль болох зөв талаас нь л тайлбарлахыг хичээж байгаа.
Ер нь УИХ шийдэнгүүт хувьчилчихдаг ч юм биш. УИХ шийдвэрлэсний дараа өмч хувьчлалыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын тогтоол гардаг. Хөрөнгийн биржээр худалдах бэлтгэл ажилд л гэхэд дор хаяж зургаан сар хэрэгтэй. Том компанид нэг жилийн хугацаа ч шаардагдана.
-“Төрийн банкийг Ц. Нямдоржийн бүлэглэлийнхэн авна. Ер нь эдгээр компаниудыг авах эзэд нь тодорхой болчихсон” гэж гишүүд яриад байна л даа?
-Хөрөнгийн биржээр худалдах нь одоогоор дэлхийн хамгийн сонгодог хувилбар байна. Хүн болгонд авах нь нээлттэй. Дэлгүүрт бараа тавиад зарж байгаатай л адил. Үүнийг хардаж болохгүй. Өөр замаар явах юм бол жинхэнэ хулгайн замаар орно. Менежмэнтийн аргаар гэвэл сайн баг бүрдүүлсэн нь, дуудлага худалдаагаар бол хамгийн мөнгөтэй нь л авчихна. Монгол Улс арав гаруй банк зарсан. Бүгдийг нь дуудлага худалдаагаар зарчихсан юм. Энэ Засгийн газар анх удаа л Хөрөнгийн биржээр заръя гэж хэлээд байгаа. Тийм байхад хардаад л хэн авах гээд байна, захиалагч нь хэн юм бэ гээд байх юм. Дээрх 27 компаниас АЗЗА компаниудыг дуудлагаар худалдахаас өөр арга байхгүй. Учир нь жижиг компаниудыг Хөрөнгийн биржээр хүн авахгүй, худалдагдахгүй. Дампууралд хүрэх эрсдэлтэй. Төрийн АЗЗА компаниудыг хувьчилчихаар хайрган болон хар замууд эзэнгүй болно гэсэн саналыг зарим гишүүд хэлж байна лээ. Үгүй юм аа. Төрийн бүх байшинг засах шаардлагатай. Түүнийг засах төрийн барилгын компани гэж байхгүй. Хувийн компанид мөнгөө өгөөд л хийлгэдэг. Зам ч гэсэн түүнтэй адил. Төр мөнгийг нь өгөөд л хийлгэчихэж болно.
-Хөрөнгийн биржээр худалдахаар мөнгөгүй иргэд авч чадах уу. Бас л өнөөх мөнгөтэй хэсэг бүлэг нь аваад эзэмшчих юм биш үү?
-Засгийн газар төлөвлөгөө гаргаад, энэ жил арван хувийг нь хувьчилна гэх зэргээр ажлыг нь эхлүүлээд үе шаттай явж байж болно. Хөрөнгийн зах зээл дээр нийт иргэдийн 20-иод хувь нь тоглоод байдаг юм. Ер нь дэлхийн жишигт ч тийм. Тиймээс эхлээд тэр 20 хувийн дөрөв юм уу, таван хувийг татаад оруулчих хэрэгтэй. Бүгдийг нь мөнгөтэй болохыг хүлээвэл хугацаа алдана. Бүх л иргэн мөнгөгүй гээд хараад байж болохгүй. 7. 5 их наядын хадгаламж байгаад байдаг юм. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлээд зөв явах юм бол хадгаламжид байгаа 7. 5 их наядаас гарч ирэх магадлалтай.
Түүнчлэн хөрөнгийн биржээр нээлттэй зарж байгаа хувьцааг нэг хэсэг хүмүүс багцалж авах тохиолдол байдаг. Түүнд хязгаарлалт тавьж болдог. УИХ-аас тогтоол гаргахдаа “Эдийн засгийн ашиг сонирхол бүхий нэг бүлэглэл нийт компанийн тодорхой хувийг л авна. Хэрэв заасан хэмжээнээс илүү авах юм бол төр шууд хурааж авна” гээд заагаад өгчихөж болно шүү дээ. Тэр эрх нь УИХ-д байгаа. Хөрөнгийн бирж дээр “Макс”, “Монгол базальт” зэрэг хувийн компаниуд хөрөнгө босгосон байна лээ. Үнэхээр асуудалтай юм бол хувийнхан хөрөнгөө оруулахгүй шүү дээ. Хувийнхан орж байна гэхээр Хөрөнгийн бирж шилдэг нь биш юм аа гэхэд зөв зам л байж таараа. Хөрөнгийн биржээр худалдаалах нь ард түмэнд хамгийн боломжтой, хэрэгтэй хувилбар нь.
-МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэргийг ашигтай ажиллаад эхлэхээр хувьчлах гэлээ гээд байна. Яг одоо хувьчлах цаг нь мөн үү?
-Миний хувьд 2016 оны есдүгээр сард ажил авсан. Төрийн өмчийн 105 компанийн 75 хувь нь алдагдалтай. 506 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. 2017 оны хоёрдугаар сард өмчлөх тухай санал оруулахад “Бүх компанийг үнэгүй байхад худалдах гэлээ” гээд бөөн хэл ам болсон. Улмаар Засгийн газар “Компаниудын үнэ цэнийг өсгө. Өндийлгөж байгаад хувьчлалын тухай ярья” гэсэн үүрэг өгсөн. Ажил авснаас жилийн дараа гэхэд нийт компаниудын 72 хувь нь ашигтай, нийт ашиг нь 880 тэрбум төгрөг болсон. Нийтдээ 10. 8 их наядын өртэй байснаас 3. 9 их наяд болж буурсан. Өндийлгөж ирчихээд одоо хувьчлах гэхээр ашигтай болохоор нь хувьчлах гэлээ гээд байгаа юм. Туйлшрал байгаа биз. Үзэл бодлын туйлшралтайгаар төрийн ажлыг ярьж болохгүй л дээ. Харин МИАТ-ийн хувьд хоёр асуудал байгаа юм. Салбарын зүгээс хувьчилна гэдгээ хэлж байна. Гэхдээ гадны жишгээс харахад монополь зах зээлийг хувьчилдаггүй. Тэгэхээр МИАТ дээр болгоомжтой хандах нь зүйтэй. МИАТ бол түүхэндээ байгаагүйгээр буюу анх удаа 50 тэрбумын ашигтай ажилласан.
Заавал энэ компаниудыг оруулж ирлээ гээд байгаа юм. 2015 онд Засгийн газраас УИХ-ын 60 дугаар тогтоолыг гаргаад АЗЗА-ын компаниудаас бусад дээрх компаниудыг хувьчлахаар оруулсан. 2016 онд ч мөн адил. Өмнө нь УИХ-ын тогтоол хоёр удаа гарчихсан байсан гэсэн үг. Иймд бид УИХ-ын тогтоолын дагуу шинэ Засгийн газрын хүрээнд хувьчлах уу гэж дахин асуугаад байгаа л хэрэг. Тэгэхээр гишүүд маань өмнөх шийдвэрүүдээ гаргаж харах, унших хэрэгтэй байна.
-Хувьчилснаар ямар давуу тал бий болох юм бэ?
-Энэ том компаниудад олон нийтийн оролцоо, хяналтыг оруулснаар компанийн засаглал, үр ашиг сайжирна. Удирдлага томилдог, орон тоо бий болгодог, бараа шахдаг, эдийн засгийн ямар ч үр ашиггүй хөрөнгө оруулалт хийдэг үйлдлүүд зогсоно. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийг Засгийн газарт хоёр дахиа оруулаад байгаа. Компанийн удирдлага, орон тоог дээрээс нь шийддэгийг болиулах тогтолцоог оруулаад өгөөч гэж гуйгаад байгаа юм. Улс төрөөс хараат бус тусгай хуулийн зохицуулалттай л болгочих хэрэгтэй байна.
-Авто зам засварын ашиглалтын компаниудын ажилчид ажилгүй болох нь гэх хүмүүс байсан. Энэ тухайд?
-АЗЗА-ын компаниудын ажилчдыг “Та нарыг бөөнөөр нь халах нь” гэж турхирч байгаа хүмүүс бий. АЗЗА-ын компаниудыг даргаар суух, өөрийнхөө хүнийг ажиллуулах сонирхолтой хүмүүс л тэгж улс төр хийгээд байгаа юм. Хэрэв хувийн хэвшилд очих юм бол хөрөнгө оруулалт хийгээд л яваад өгнө. Хувийн хэвшлийнхэн “Манайх тэр замыг тавьж чадахгүй. Хайрган замыг сайжруулж чадахгүй” гэж хэлэхгүй. “Ажил байна уу. Хийе” л гэж асууна. Яахав хувьчлахгүй байя гэвэл болно л доо. Төр хөрөнгө оруулалт хийе, сайжруулаад аваад явъя гэвэл болохгүй зүйл байхгүй. Гэхдээ саяхан л гэхэд авто замын тоног төхөөрөмжийн түрээсийн компанийг татан буулгасан. Мөн л АЗЗА-ын компаниудтай адилхан өрөнд орчихсон байсан. 670 гаруй сая төгрөгийн өрийг нь төр төлсөн. Тэгэхээр ажилчдыг турхираад байгаа хүмүүс солигдоод яваад өгнө. Өр үүснэ, төр л хариуцна.
-Өмч хувьчлалаар төсөвт хичнээн хэмжээний мөнгө суух вэ?
-Олон жил төсөвт мөнгө оруулна гэж хувьчилж байсан. Энэ удаагийн хувьчлал тийм биш. Төрийн банкийг худалдагдвал 300 гаруй тэрбум төгрөгт хүрнэ гэж бодож байна. Төсөөллөөр хэлэхэд шүү дээ. Хуучин Сангийн яамны ийм төсөөлөл, тооцоолол ч байсан юм. Үүний 75 тэрбумыг нь төсөвт суулгана гэж тооцож байсан юм билээ. Өнөөх худалдах нь гэж яриад байгаа 75 тэрбум төгрөг гэдэг чинь тэр. Тухайн үед дуудлагаар худалдах гэж байсан. Одоо Хөрөнгийн биржээр явах гэж байгаа учир үнэлгээ нь тусдаа хуулиар явна.