Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Насанбат: Шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 48 гэмт хэрэгт нийт 21 тэрбум 586 сая төгрөгийн хохирлыг хурааж, улсын орлого болгох шийдвэр гарсан

Улсын Ерөнхий Прокурорын газар 2020 оны хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарлыг татсан хэргүүдийг шийдвэрлэх явц байдлын талаар мэдээлсэн юм.

Улсын Ерөнхий Прокурорын олон нийттэй харилцах албаны дарга Д.Дашмаа “2020 онд дэлхийн улс орнуудад коронавирус тархаж хөл хорио тогтоосон хэдий ч прокурорын байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. 2020 онд прокурорын байгууллагаас хяналт тавихад зөрчлийн хэрэг өмнөх оноос 26.1 хувиар өссөн байна. Нийт гарсан зөрчлийн дийлэнх хувь нь буюу 75.4 хувь нь нийслэлд, 24.5 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн байна. Үүний 99 хувьд шийтгэл оногдуулсан бол 0.8 хувийг нь шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж улмаар 0.1 хувь нь хэрэгсэхгүй болохоор шийдвэрлэсэн байна” зэрэг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын тоон мэдээллүүдийг дурдсан юм. Үргэлжлүүлэн Нийслэлийн прокурорын газраас 2020 онд хяналт тавьж ажилласан нийт эрүүгийн хэрэг шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат мэдээлсэн юм. Тэрээр “Нийслэлийн прокурорын газар, АТГ, ТЕГ, хэрэг мөрдөн байцаах газар мөн нийслэлийн цагдаагийн газрын харьяа нийт мөрдөх эрх бүхий байгууллагын шалгасан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдэд хяналт тавьж ажиллаж байна. 2020 онд 1132 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, 1466 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэг 1.8 хувиар, шүүхэд эцэслэн шийдвэрлүүлсэн хэрэг 11.6 хувиар өссөн байна. Харин 2020 онд 651 хэргийн 323 буюу 49.6 хувьд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас авлига албан тушаал болон мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдүүдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан учраас тодорхой үр дүн гараад байна. Эдгээрээс олны анхаарал татсан эрүүгийн хэргийн шийдвэрлэлт явц байдлын талаар хэлье.

Шүүхээр шийдвэрлүүлсэн 48 гэмт хэрэгт нийт 21 тэрбум 586 сая төгрөгийн хохирлыг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан. Зарим хэргийг дурдвал албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Баяраас гурван сая 569 мянган ам.доллар буюу таван тэрбум 580 сая төгрөг мөн нэг тэрбум 97 сая төгрөг бүхий үнэтэй үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон. С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг таван тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураана. Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос нийт дөрвөн тэрбум арван сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураана. Ш.Мөнгөншагай нарт холбогдох Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт 190 сая төгрөг, нэг сая 445 мянган ам.долларыг, хуурамч бичиг баримт, тамга тэмдгийг ашиглан Англи улсын Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэмт хэрэг хийсэн “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгийг хурааж улсын орлого болгох шийдвэрийг тус тус гаргасан” гэж мэдээлсэн юм.

Нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсны дараа Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат болон бусад албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэж байна. Үүнд прокуророос ямар хяналт тавьж байгаа вэ. Тэднийг хохиролгүй хэрэгт шийтгэж байгаа талаар тайлбар өгнө үү?

-Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт давуу байдал бий болгох гэсэн шинжийг тодорхойлсон. Энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийн тодорхойлолт нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан үйлдэл эсвэл эс үйлдэхүй байна. Үүний улмаас бусдад эрх, давуу байдал, тэгш бус байдал бий болгосон нөхцөл байдал байхаар хуульчилсан. Энэ нь заавал өртгөөр үнэлэгдэх хэмжээний хохирол учруулсан байхыг энэ гэмт хэргийн шинжид шаарддаггүй. Тийм учир энэ зүйлчлэлээр шийдвэрлэсэн хэргүүд дээр хууль бус буюу хууль зөрчиж шийдвэр гаргасан процесс байхгүй.

-С.Зоригийн хэрэг дээр ажилласан хүмүүс эхнээсээ ял авсан. Энэ хэрэг одоо ямар шатанд байна вэ?

-Төв аймгийн сум дундын Анхан шатны шүүхээс энэ хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан. Энэ хэрэг дээр прокурор эсэргүүцэл бичсэн. Мөн бусад оролцогч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар Хяналтын шатны шүүхэд хандан гомдол гаргасан. Иймд Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Мөн Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байсан. Энэ хэрэг юу болсон бэ?

-Мөрдөх эрх бүхий байгууллагаас энэ талаар ямар нэг санал гаргасан зүйл байхгүй.

-Сү.Батболдын шалгагдаж буй хэргийн талаар тодруулна уу?

-УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй. ПАНАМ-ын баримт бичигтэй холбоотойгоор оффшор бүс, гадаад улс оронд хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа буюу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа. Уг баримт бичигт дурдагдсан 23 иргэн, төрийн албан хаагчтай холбоотой асуудал шалгагдаж байгаа. Түүнчлэн гадаад орнуудаас хууль бус хөрөнгө,орлогыг татах ажиллагаа нь Монгол Улсын үндэсний хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хоёр талт гэрээний хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой. Энэ хүрээнд асуудал шийдвэрлэгдэнэ.

-Том хэргүүдэд прокурор хаалт тавьдаг гэх асуудалд ямар тайлбар өгөх вэ. Олон оролцогчтой авлигын хэргүүдийг хэд хоног хяналт тавьж, шүүхэд шилжүүлдэг вэ?

-Эрүүгийн хэрэгт том, жижиг гэдэг ялгаа байдаггүй. Хэрэг бол хэрэг. Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хэргүүдэд хяналт тавин шийдвэрээ гаргадаг. Олон үйлдэлтэй, олон яллагдагчтай хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, шүүхээр хянан шийдвэрлэх зэрэгт цаг хугацаа, хөдөлмөр их шаарддаг. Олон яллагдагчтай, олон хавтастай хэрэгт яллагдагч бүрд үйлдэл бүрийнх нь тоогоор прокурор хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэр гаргадаг. Жишээлбэл, 460 гаруй хавтастай Оюу толгой компанитай холбоотой хэрэгт гурван прокурор хяналт тавин ажилласан. Хавтас бүр нь 250 хуудастай уг хэргийг шийдвэрлэхэд ажил амралтын өдрийг алгасалгүй ажиллахад гурван сарын хугацаа зарцуулсан.

-Яг одоогоор авлига албан тушаалын хэдэн хэрэг хяналтад байна вэ?

-Нийслэлийн прокурорын газарт авлига албан тушаалын хэрэг бүртгэлтийн 226 хэрэг, мөрдөн байцаалтын 64 хэрэг нийт 290 хэрэг хяналтад байна.

-Хөл хорионы үед хар тамхитай холбоотой хэрэг цөөнгүй гарч байна. Саяхан Дарханд бага насны хүүхдүүд мансуурсан хэрэг гарлаа. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх зөв зохистой арга хэмжээ авах талаар прокурорын байгууллага цагдаа, шүүхийн байгууллагатай хамтран авч байгаа арга хэмжээ олон байна. Наад зах нь ялын бодлогыг тогтвортой хатуу барих зэрэг байр суурийг тогтмол олон талтай байдлаар хэрэгжүүлж байгаа. Энэ хэрэг бол иргэд олон нийт, цагдаагийн байгууллага гээд бүгд хамтран тэмцэх асуудал юм.

-Оффшорын данстай холбоотой хэдэн хүний хэрэг шалгагдаж байгаа вэ?

-23 иргэн буюу төрийн албан хаагчидтай холбоотой оффшор бүсэд хөрөнгө мөнгө байршуулсан уу гэдэг асуудлыг шалгаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *