Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мягмарсүрэн: Бүх л гэрэл зурганд минь сэтгэл, хөдөлмөр шингэсэн байдаг

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудын гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч, уран бүтээлчдийн дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт уралдаан зохион байгуулсан билээ. Уралдааны тэргүүн байрын шагналыг “Өдрийн сонин”-ы гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн “Үд дунд” бүтээлээрээ хүртсэн юм.

Ингээд түүний сэтгэгдлийг хүргэе.

Өөрийн тань авсан “Үд дунд” хэмээх нэртэй гэрэл зураг шилдэг бүтээлээр тодорлоо, баяр хүргэе.

-Энэ гэрэл зургийн уралдаан тавдугаар сард зарлагдсан байсан. Гэрэл зурагчин найз нөхөд маань Нийслэлээс уралдаан зарласан байна, зургаа өгсөн үү гээд байсан юм. Тэгээд хамгийн сүүлд нь шахуу, дуусах хугацаатай нь уралдан очиж зургаа өгсөн. Тэгж хэлсэн найз нартаа одоо их талархаж байна.

Та урьд нь ямар тэмцээн уралдаанд оролцож байв?

-Өмнө нь “Press photo” болон “Монголчууд миний нүдээр” зэрэг гэрэл зургийн уралдаанд оролцож тусгай байрын шагнал авч байсан. Ер нь олон тэмцээн уралдаанд оролцож байсан шүү. Харин Нийслэлийн уралдаанд анх удаа оролцоод түрүү байрыг нь хүртсэндээ их баяртай байна. Энэ уралдаанд “Үд дунд” гэдэг нэг зургаа сойсон. Энэ зургийг өнгөрсөн намар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийнхээ хамт зугаалж байгаад санаандгүй дарсан зураг юм.

Өдөр тутмын сонины гэрэл зурагчны ажил бусдаасаа юугаараа онцлог байдаг вэ?

-Өдөр тутмын сонины гэрэл зурагчин сэтгүүлчидтэйгээ зэрэгцэн ажиллаж, тухайн үйл явдлыг гэрэл зурагт үлдээх байдаг. Бид өглөө сонины редакциасаа томилсны дагуу хамгийн онцлох үйл явдлуудад очиж сурвалжлага хийнэ. Төрийн ордонд чуулганы зураг авч байтал гэнэт дуудагдан өөр газар очиж сурвалжлага, ярилцлага, үйл явдлын зураг авах гээд л ажил маань өглөөнөөс орой хүртэл үргэлжилж байдаг. Тэгэхээр өдөр тутмын сонины гэрэл зурагчны онцлог нь өдөр бүр гэрлээр түүхийг бичиж үлдээх юм даа.

-Та “Өдрийн сонин”-д найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд сэтгэлд тань үлдсэн хамгийн хайртай зургаа нэрлэвэл…?

-Бүх л зурганд маань сэтгэл, хөдөлмөр шингэсэн байдаг даа. Гэхдээ 2012 оны аравдугаар сарын 15-нд Хон Хэрэйдийн гэх Б.Энхбатыг ШШГЕГ-ын хорих 415-р ангид байхад нь авсан зургаа онцолмоор байна. Мөн “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” гэдэг зургандаа хайртай. Гэрэл зураг гэдэг эргээд харахад яг тэр үеийнхээ байр байдлыг тэр чигээр нь хадгалаад үлдчихсэн байдаг болохоор үнэ цэнэтэй санагддаг юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *