“Altai gold” компанийн ерөнхий захирал Цэндээгийн Мягмардоржтой уулзаж ярилцлаа. Монголын шинэ үеийн сэтгэдэг, сэтгэснээ хөдөлмөртөө шингээж ирээдүйг цогцлуулдаг шоргоолж шиг ажилсаг энэ хүн нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулахын зэрэгцээ урлаг соёл, спортыннхонд ч ээлтэй ханддаг нэгэн билээ.
-Таныг сурагч байхаасаа техник сэтгэлгээ сайтай, хөдөлмөрч нэгэн байсан гэж сонссон. Зах зээлд шилжих үед хар зурагтыг өнгөт болгож байсан гэдэг бил үү?
-Би бага байхын л техникийн хоббитой хүүхэд байлаа. Дөрөв, тавдугаар ангид байхаасаа техник яаж явдаг юм, ямар зарчмаар ажилладаг юм гэж сонирхон, дотоод шаталтат хөдөлгүүр, хурдны шатлал энэ тэрийг судална. Би Өвөрхангай аймгийн Уянга сумын хөдөөний хүүхэд болохоор техник технологийн талаар мэдээлэл авах боломж нөхцөл бараг байхгүй. Тиймээс өөрөө л “Иймэрхүү л юмнууд байдаг болов уу” гэж их боддог байсан. Сүүлд “Жолооны сурах бичиг-3” гэсэн ном олж аваад тэрэн дээрээс цахилгааны эх үүсвэр ямар зарчмаар ажилладаг юм бэ гэдгийг физикийн хичээлээр заалгасантайгаа уялдуулан мэдэж авсан. Түүнээс хойш их олон техник сонирхож эхэлсэн дээ. Тухайн үед хэчнээн төрлийн хөдөлгүүр байна вэ гэдгийг мэдсэн. Цахилгаан, дотоод шаталтын, атомын, салхин хөдөлгүүр гэж ерөнхийдөө дөрөв хуваагддаг юм байна гэдгийг мэдээд авлаа.
-Тэгээд яав?
-Харьцангуй илүү сонирхсон нь гэвэл цахилгааны талын зарчмууд байлаа. Машины хол, ойрын гэрэл гаргадаг цахилгаанаас эхлээд сүүлдээ электрон техникийн щит, микро схем, транзистор энэ тэрийг судлаад ойр зуурын юм багагүй угсарчихдаг болсон. Ерээд оны эхээр сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр жаахан ажил хийж хөдөө орон нутагт нарны дэлгэц, салхин сэнс тавьж эхэлсэн. Нэгэнт 200 вольт тэр бүрий байхгүй, тогтмол гүйдэл 12 вольт юм чинь 220 V байлгадаг болгохын тулд тухайн үед байсан “Junlifu”, “Tiana” маркийн телевизүүдийг 12 вольтоор ажиллуулах боломж юу байна гэж гүйдэл систем тогтмолжуулагчийг нь өөрчилж, видео гаргадаг VCD-ийг 12 вольтоор ажилладаг болгон өөрчилж Баянхонгор, Өвөрхангайгаар нэлээд их зарсаан. Тэрүүхэндээ багагүй амжилт олсон. Тэгэнгүүтээ өнгөт зурагт дээр 12 вольтоор гаргах ямар боломж байна гэж судаллаа. Өнгөт дээр нэлээд асуудал байсан. 66 вольтоор ажилладаг дэлгэцийн гэрэл нь болохгүй байсан учраас анх удаагаа 12-ыг өсгөдөг жижиг 60 ваттын юниветерийг өөрөө угсарсан. Энэ юниветерийг тавьснаас хойш электрон техник, компьютер технологийн чиглэлд багагүй амжилт олсон. Сүүлдээ өрсөлдөгч ихтэй болсон болохоор бизнесийн чиглэлээ өөрчилсөн. Эвдэрсэн өнгөт зурагтаа засуулах гэж Улаанбаатар хотоос хүртэл манайд хүмүүс их ирнэ. Хотод бараг л засдаггүй байж. Цагаан сарын үеэр бол өдөр ч, шөнө ч завгүй бөөн дугаарласан хүнтэй л байдаг байлаа. Хэдэн нөхөртэй сэлбэг хэрэгслийн хувьд харилцаатай ажилладаг байсан.
-Та чинь бараг дунд сургууль дүүргээгүй хүн байж яаж тийм нарийн ширийн мэдлэгтэй болов?
-Орос хэлээр хэвлэгдсэн цахилгаан техник, электрон чиглэлийн номуудыг бие дааж нэлээд үзсэн. Сүүлдээ бичгийн англи хэл сураад англи хэлээр гарсан зүйлийг нэлээд сонирхсон. Юм хийж байхад зайлшгүй хэрэгтэй учраас тайлбар толь их ашиглана. Одоо бол би цаасан дээр бичээтэй техникийн талын материалыг бол овоо гадарлана шүү.
-Таны цахим хандалтыг анзаарч байхад гадаад улс оронд их явах юм аа?
-Сүүлийн үед би Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний талаарх буюу халаалтын бага зардалтай халаалтын системүүдийг оруулж ирэх талаар сонирхоод яваад байгаа юм. Дубайд хэд хэдэн удаа олон улсын Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэнд оролцсон. Хятадын Шанхай, Фужи, Дайлань гэж хэд хэдэн хотоор явж үзсэн. БНСУ-д гарсан үзэсгэлэнг үзлээ. Энэ бүхнээс харж байхад гадаад улс оронд технологи аймаар өндөр хөгжсөн байна. Бид зарим зүйлийг бараг мэдэхгүй шахуу байгаад байдаг. Манайд зээл, тусламж, хандиваар өгч байгаа юм үндсэн үнээсээ бараг хоёроос гурав дахин үнэтэй байдаг юм байна. Бид шууд үйлдвэрлэгчтэй харилцвал үнийнх нь гуравны нэгээр нь худалдан авах боломжтой юм билээ. Сэргээгдэх эрчим хүч, нарны дэлгэц энэ тэрийн хүчин чадал сайжирсан ч үнэ нь жилээс жилд харьцангуй буурч байгаа. Төрөөс ирж байгаа үйлчилгээ их үнэтэй байна. Миний харснаар аймгуудад Солонгосын тусламжаар барих дулааны станцуудыг 42 сая ам.доллараар босгоно гээд байгаа. Энэ станцууд бол зөвхөн дулаан гаргахаас тог үйлдвэрлэхгүй. Миний ойлголтоор яг үүнтэй адилхан хүчин чадалтай, 30 мега тог гаргах чадалтай дулаан түгээх станц 42 сая ам.долларын өртөгтэй байна.
-Дулааны станцуудаас тог гаргадгаараа илүү хүчин чадалтай байх нь байна шүү дээ?
-Илүү тог гаргана. Манайхны авах гээд байгаа станцуудаас тог гарахгүй. Миний харсан нөгөө станц дулаан гаргана, уур гаргана. Уур нэгэнт гарч байгаа тохиолдолд маш олон тооны технологийн юм хийж болно. Жишээ нь, ундааны савыг уураар шахдаг. Энэнд ашиглаж болно. Бас уураар модноос өгсүүлээд бетоныг хүртэл хатаах үйлдвэрлэл явуулж болно. Дулааны станц усыг их бодож 80 градус халаагаад түгээдэг бол дулааны сэргээгдэх эрчим хүч гаргаж байгаа тийм станцууд уураар маш олон технологийг ашиглаж хатаах, сайжруулах боломж их.
-Та одоо Монголдоо нэртэй 16 компанийг удирдаж байгаа хүн. Бизнесийн гараагаа юугаар эхэлж байв?
-Би нэг хэсэг зураач байлаа. Гэрийн мод, тавилга сийлнэ. Сийлбэр хийнэ. Манай Өвөрхангайн Уянга сум чинь угалзтай, гэрийн эрээн модоороо алдартай. Би зураач хүн учраас арай өөр төрлийн юм хийх гэж нэлээд оролдсон. Хүмүүс лаанаасаа дөнгөж ангижраад сэргээгдэх эрчим хүч сонирхож эхлэх үед би энэ салбар руу түрүүлж орсон болохоор хөөрхөн амжилт олсон. Тухайн олсон амжилтаараа уул уурхайн салбарт ороод арваад жил болсон. Энэ салбараа өөрчлөхийн тулд би сэргээгдэх эрчим хүч, шинэ технологийг зориод тэмцээд байгаа юм.
-Уул уурхай эрхэлдэг гэхээр манайхан “Газар шороо сэндийчлээ” гээд их бухимддаг даа?
-Би ард түмний санаа бодлыг өөрчлөх юм уу, тийм ийм гэж дүгнэлт өгөх нь буруу байх. Миний бодлоор хүмүүс мэдээлэл мэдлэггүй, технологи шинэчлэлийг анзаарахгүй, бусад улс орноор явж юм үзэж нүд тайлаагүй учраас мухар сүсгээр хандаад байх шиг байгаа юм. Одоо зарим улс орон шинжлэх ухааныг ашиглаад цаг агаарыг удирдаад байгаа. ОХУ, Казахстан зэрэг улс хавар газар тариалангийн ид ажлын үеэр Монголд аль болохоор бороо оруулахгүйгээр байлдааны янз бүрийн бөмбөлөг үүсгэгч, бусад төрлийн онгоцуудаар үүл хуралдуулж байгаад өөрийнхөө нутагт бороо оруулчихаад, нар буцаад намар болоод ургац хураах үед манайх руу үүл явуулчихаж байгаа юм. Ингэхээр өвөл Монголд цас их унаж хүйтрэх жишээний. Үүнийг уул уурхайтай холбох шаардлагагүй шүү дээ. Төр засгаас иргэдэд уул уурхайн талаар эерэг зөв мэдээлэл өгөх хэрэгтэй болов уу. Одоо Монголд алтны шороон орд үндсэндээ дуусаж байна. Тиймээс өөр салбарт хөрвөх чадвартай байхын тулд арван хэдэн охин компани байгуулсан. Эдгээр компаниуд маань янз бүрийн л үйл ажиллагаа эрхэлж байна. “Дөргөн” нарны цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалт хийгдэж, одоо ажил эхлэхэд бэлэн болсон. “Тарагт энержи солор” гэж компани Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нарны цахилгаан станцын төсөл хийгдээд явж байна. Нарны дулааны станцаас гадна трубин эргүүлж тог гаргадаг, дулаан, уураа өгдөг станц барихын тулд судалгааны ажил явагдаж байна. Бичиг баримт нь Засгийн газар, Эрчим хүчний яаманд явж байгаа. Бусад зах зээлийг судалдаг, үнэлгээ хийдэг компаниуд бас байна. Нефтийн чиглэлд юм хийх гээд Индонезийн талтай яриад, Японтой түлшийг нанотехнологиор эмусилэхээр “Хаан петролиум” гэж түлшний компани байгуулаад явж байна. Монголд япончууд энэ технологийг оруулахгүй учир Индонезийн захиалгыг Монгол руугаа татах гээд ярьж байна.
-Ямар учиртай технологи билээ?
-Дизелийн түлшийг давсны төрөлгүй устай тавин хувиар холиод, нано технологиор эмүсьлээд шатаадаг. Энэ технологийг Японд одоо зөвхөн хотын нийтийн тээвэрт хэрэглэж байна. Ер нь устөрөгчийн шатах хэлбэр болж байгаа учраас техникийн хүчин чадал нь 12 хувиар сайжрах юм билээ. Ямар ч утаа гарахгүй. Энэ технологийг Өмнөд Солонгос одоо нэвтрүүлж байгаа. АНУ нэлээд захиалга авсан байна. Африкийн зарим нэг орон Америкийн тоног төхөөрөмжийг аваачин эмусилж худалдаалаад тодорхой ашиг олж байгаа. Миний хувьд Монголд энэ технологийг худалдаалахгүй учир Индонезийн захиалгыг авах бодолтой ажиллаж байна. Амжилттай болох байх. Надад хэд хэдэн бичлэг нь ирсэн. Ойрын үед Япон явах гээд байж байна. Технологи үнэхээр өндөр хөгжсөн юм байна, маш гайхалтай болж гэдгийг Шанхайгаас Бээжин рүү нисэж явсан энэтхэг хүн ярилаа.
-Юун тухай хөөрөлдөв?
-Тэр энэтхэг “Хятадад би долоон жилийн өмнө ирж байсан. Тэрнээс хойш үнэхээр гайхамшигтай хөгжиж. Эд нар нэг л юмыг мэдэхгүй байна. Хэрвээ тэрийг л мэдчихвэл эд энэ дэлхийгээс тасарчих юм байна” гэж байна. “Та нар чинь пуужин, онгоц хийдэг биз дээ. Энэтхэг электрон технологийн салбарт маш өндөр боловсрол эзэмшсэн улсууд биз дээ” гэсэн чинь монголчууд бидний хэлдгээр “Үхсэн хойноо” гэх маягтай үг хэлээд “Бидний нэг л давуу тал бүгдээрээ англи хэл мэддэг юм. Бусдаараа Хятадын дайны сэтгэж, юм хийж, ажиллаж чадахгүй байна. Тэгэхээр Энэтхэг яаж Хятадтай эгнэх юм бэ. Бид Хятадаас асар хол хоцорсон байна шүү” гэж байна лээ. Би хойд, урд хоёр хөрштэйгөө Монгол Улсаа харьцуулж үзээд яг одоо байгаагаараа явахгүй юм шиг санагдаад байдаг юм. Яагаад гэвэл бид хүний үгэнд орохгүй, эвлэн нэгдэхгүй байна. Ийм тохиолдолд дотооддоо нэг л хэм хэмжээг сахиулах шаардлагатай юм шиг санагддаг. Би цахимдаа энэ талаар ёгтолж “Хэрэгцээгүй зардлаа багасгая. Дүрэмт хувцастай болъё. Нэг стандарт, жижиг юманд амьдаръя. Хэрэггүй мэдээллийн сувгуудаа больё. Ерөөсөө мэдээллийн гуравхан хэрэгсэлтэй болъё” гэсэн л дээ. Бид олон юман дотроос сайныг нь биш дандаа мууг түүж хараад байгаа учраас ийм санаа дэвшүүлсэн юм л даа. Сэтгэхүйгээ өөрчилж байж л юм хийхгүй бол одоогийнх шиг буруу талаа бариад олигтой үр дүнд хүрэхгүй. Манайд төр засгийнхаа хүрээнд ч бодох юм их бий. Үйлдвэрлэгч орон биш мөртлөө шинэ технологи оруулах гэхээр маш өндөр гаалийн татвар нэхнэ. Гадаадынхан үүнийг маш их гайхдаг. Хүн бүхэн ямар нэг ажлыг хийх хүсэл эрмэлзэлтэй байвал түүнийг дэмжих хэрэгтэй болохоос заавал ч үгүй тогтсон стандарт, эрхийн бичиг яриад байвал улс хөгжихгүй. Монгол яагаад хөгжихгүй байна гэхээр хүн нэг юм хийх гэхээр л тэрийг мэргэжлийн хүн хийх хэрэгтэй гэдэг. Тусгай зөвшөөрөл энэ тэр хөөцөлдөж авилга өгч явсаар хүний итгэл үнэмшил унтарчихдаг.
-Та нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө нэлээд зарцуулсан биз?
-Би нэг юмаар их бахархдаг. Хүн өөрийнхөө бүтээсэн зүйлээр бусдад багахан ч гэсэн тус дэм болж байвал сайхан. Тэрнээс өнгөтэй өөдтэй хувцас өмссөнөөрөө, үнэтэй машин унаснаараа авдаггүй сэтгэлийн таашаал бол энэ. Ер нь би энгийн байхыг хүсдэг. Тодорхой хэмжээний ашиг орлого олсон би ч байна уу, хэн байна вэ тэрийгээ нийгэмдээ сайн дурын хуваарилалт хийх л учиртай. Энийг олон хүн мэддэг болохоор би юугаа ярихав. Сүүлийн үед эрдэмтдийг дэмжиж байгаа. ШУТИС-ийн Энэбиш доктороор ахлуулсан хэсэг эрдэмтэдтэй хамтарч ажиллан, гадаадын улс оронд явуулан юм үзүүлж байна. Химийн хүрээлэнгийн доктор Эрдэнэчимэг тэргүүтэй багш, оюутнуудтай хамтарч ажиллаж байна. Маш их юм мэддэг, юм үзэж нүд тайлсан туршлагатай хүмүүстэйгээ төр засаг хамтарч ажиллахгүй байгаад би маш их харамсдаг. Би яагаад мэдээлэл цуглуулаад байна гэхээр мэргэжлийн ийм хүмүүстэй хамтраад байгаа учраас юм. Тэрнээс би бусадтай адил их дээд сургууль төгссөн биш, дөнгөн данган л наймдугаар анги төгссөн хүн. Бараг л долдугаар ангиасаа сургуулиас гарчихсан юм шүү дээ.
-Та эрүүл мэндийн чиглэлд халамж үзүүлэхээс гадна оюун санаа, урлаг соёлын хүмүүст урам хайрлаж бүтээлийг нь хэвлүүлж олны хүртээл болгосон тохиол олон бий дээ?
-Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд” сонсдог номыг анх сонсоод туйлын хэрэгтэй юм байна гэж ивээн тэтгэж хэвлүүлсэн. Төрийг авч явах гол зүйл чинь алдаа, оноотой түүх маань юм. Намайг сурагч байх үед гажуудсан түүх зааж байсан. Тиймээс энэ ном яах аргагүй хэрэгтэй чухал юм гэдэг үүднээс олон түмэнд хүргэсэндээ баяртай байгаа. Би бага залуудаа шүлэг бичиж байлаа. Яруу найрагчид юмыг их үнэн хэлж бичдэг. Чойном гэхэд л нийгэмд ямар том уриа дуудлага, гэрэл гэгээ болж байлаа даа. Ухуулга яриа, сургалт, хичээлээс илүү яруу найраг хүний сэтгэлд их хүрдэг. Тиймээс өөрийн чинь “Шоргоолжны мөр”, “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд”-ээс эхлээд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Болорцэрэн, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ш.Урьхан нарын цомог номуудыг хэвлэж өгсөн дөө.
-Шүлэг бичдэг байсан гэлээ. Хэд хэдэн дуутай байх аа?
-Би шүлэг бичдэг хүн биш ээ. (инээв) Ганц нэг дуу хийсэн. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг “Холдохын аргагүй нутаг” дууг минь дуулсан. Дуучин Э.Чинбаяр, Гүрбадам, Найдандорж нарын залуус “Эх орон”, “Үргэлж хамт байх сан”, “Алтан нутаг”, “Монгол нутгийн хавар” гэсэн дуунуудыг дууллаа. Аялгууг нь хөгжмийн зохиолч Цэвээнравдан, Цэн.Эрдэнэбат, Пүрэвсүрэн нар зохиосон. Дөрөв, таван дуутай болчихлоо. Яваандаа нэг цомог гаргах санаатай.
-Таны гэргий хаанахын хүн байна?
-Гэргий маань Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн уугуул Жаргал гэж бүсгүй ар тал, ар гэрийг минь авч явна. Хоёр охин, нэг хүүтэй ам бүл тавуулаа. Хүүхдүүд сурах юмаа сурч л байна. Хань маань цаг завгүй энэ амьдралд их түшиг болж байгууллагын маань өдөр тутмын амьдралыг хүртэл зохицуулж явна даа.