Categories
мэдээ спорт

Ц.Мөнхзаяа мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Тбилиси Гранпри” тэмцээн хоёр дахь өдрөө Гүржийн Тбилиси хотод үргэлжилж байна. Өчигдөр болсон хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн ОУХМ Ц.Мөнхзаяа мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо Азербайжаны бөхийг барилдааны цаг дуусахаас 16 секунд дутуу байхад цэвэр ялсан бол хоёрдугаарт тойрогт 63 кг-ийн жингийн дэлхийн чансааг тэргүүлж буй, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Ярден Жербиг юүко үнэлгээгээр ялжээ.Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд Шведийн бөх Херманссон Миаг 3:47 секундэд цэвэр ялж, улмаар хагас шигшээд Италийн бөхийг юүко үнэлгээгээр ялж финалдлаа. Ингээд алтан медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Абу Дабигийн “Их дуулга”, Токиогийн “Их дуулга”-ын аварга Трстенжак Тинад ялагдаж, мөнгөн медаль хүртээд байна.

Монголын жүдочид “Тбилиси Гранпри”-гаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Мөн энэ өдөр өрсөлдсөн бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан Н.Дагвасүрэнд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Латвийн бөхийг цэвэр, дараагийн тойрогт эзэн орны бөх, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Автандил Чрикишвилиг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн бөх Ушанги Маргианид базари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн юм. Ингээд манай бөх торгуулийн тойрогт Грекийн бөх Романыг юүко үнэлгээгээр, хүрэл медалийн төлөөх барилдаан Гүржийн бөхийг торгуулиар ялж, медалийн болзол хангав.

Тэмцээний эхний өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа нар алт, 60 кг-д өрсөлдсөн Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн. Ингээд хоёр өдрийн дараах байдлаар Монголын жүдочид “Тбилиси Гранпри”-гаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *