Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Одоогийн Их хурлын гишүүд, дээр нь аймгуудын Засаг дарга нар л дахин сонгогдох магадлалтай

МУБИСийн Нийгмийн ухааны тэнхимийн дэд профессор, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

Шинээр баталсан сонгуулийн тухай нэгдсэн хуулийг нэлээн сайн болсон гэж байгаа. Судлаач хүний хувьд уг хуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн гэсэн гурван сонгуулийн хуулийг нэгтгэсэн нь зөв алхам болсон. Сонгууль гэдэг бол нам, нэр дэвшигчдийн нэгдмэл цогц үйл ажиллагаа. Зохицуулах бүх асуудал нь ижил төстэй, сонгуульд нэр дэвшигчдийн үйл ажиллагааг сурталчлах, намуудын данс, санхүүжилт зэрэг асуудал нэг учраас нэгдсэн хуультай болсон нь зөв алхам байсан. Гэхдээ хуулийг бүхэлд нь харахаар сонгуулийн сурталчилгааны тал дээр нэлээн хязгаарлагдмал болсон байгаа. Одоо байгаа УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтан байгаа тохиолдолд хууль маань тэгш бус үйлчлэх агуулга бий. Сонгуулийн хуулийн төсөл хэлэлцэх үед судлаачид төдийгүй парламентад суудалгүй жижиг намуудын төлөөлөл ч тэр санал, шүүмжлэлээ нэлээн хэлсэн. Сонгуулийн сурталчилгааны хугацаа боломжийн тавигдах ёстой гэж. Тэр хэмжээгээр их хуралд суудалгүй жижиг намууд болон шинээр нэр дэвшигчдэд боломж олгох ёстой байсан. Ер нь манай Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа 2008 оныг дуустал 45 хоногийн турш үргэлжилдэг байлаа. Сурталчилгааны хугацаа урт байхын хэрээр маш их сурталчилгаа явагдаж сонгогч олныг залхаах хандлага ажиглагдаж байсан. Гэхдээ шинээр нэр дэвшиж байгаа болон өргөн уудам газар нутагтай тойрогт сонгуулийн сурталчилгааны хугацаа урт байх ёстой. Дээрээс нь сүүлийн жилүүдэд сонгогчдын ирц буурч байгаа. Сонгуулиас сонгуулийн хооронд ирц буурч байгааг судалгаанаас харж болно. 2012 оны ирцийг 2008 оныхтой харьцуулахаар 7-8 хувиар буурсан байдаг. Харин энэ жилийн тухайд улсын хэмжээнд сонгогчдын ирц 60 орчим хувьтай байх болов уу гэсэн таамаг бий. Ялангуяа нийслэлийнхэн сонгуульд идэвхтэй хамрагддаггүй. Нэр дэвшигчдийн уулзалт, сурталчилгааны арга хэмжээнд төдийлөн оролцдоггүй болохоор шинээр нэр дэвшиж байгаа хүмүүст танигдах боломж хязгаарлагдмал байдаг. Учир нь сонгуулийн жил эхлэх үед бүх төрлийн сурталчилгааны арга хэмжээг хориглодог. Тэр байтугай нэр дэвшигчийн оролцсон нэвтрүүлэг гэж байх ёсгүй гээд заачихсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр далд хэлбэрийн сурталчилгаа хэдийнэ эхэлчихлээ. Шуудхан хэлэхэд хууль бус сурталчилгаа түгээмэл байгаа. Ингэхээс ч өөр арга алга. Хуулийн дагуу сонгуулиас 18 хоногийн өмнө сурталчилгаа хийвэл одоогийн Их хурлын гишүүд, дээр нь аймгуудын Засаг дарга нар л дахин сонгогдох магадлалтай. Учир нь төрийн алба хашиж буй хүмүүс ажлынхаа тайлан маягаар сурталчилгаа хийх боломжтой. Гэтэл Их хурлын гадна байгаа шинэ нэр дэвшигч, шинэ намуудын хувьд энэ боломж хаалттай. Тиймээс 2008, 2012 онд явагдаж байсан далд хэлбэрийн сурталчилгаа байсаар байгаа. Дээрх зүйлийг сонгуулийн тухай нэгдсэн хуулиар цэгцэлж чадаагүй. Тиймээс хуулийн заалт хэдий чинээ хязгаарлалттай, хатуу байхын хэрээр хууль бус сурталчилгааг нэмэгдүүлж байгаа учраас энэ удаагийн сурталчилгааны хязгаарлалтыг их буруу заалт болсон гэж үзэж байгаа.

Сонгогчдын идэвх буурч байгаа нь сурталчилгааны хоног бага байгаатай холбоотой юм уу?

-Сонгогчдын идэвх унаж байгаа нь тэднийг татах арга хэмжээ бага байгаатай холбоотой. Нэг ёсондоо сурталчилгаа бага байна гэсэн үг. Уг нь сонгогчид аль болох өргөн хүрээтэй мэдээлэл авч байх ёстой. Гэтэл энэ удаагийн сонгуулийн тухай хуулиар сонгогчдын мэдээлэл авах эрхийг маш их хязгаарласан. Тэр байтугай сурталчилгааны зарим нэг заалт дээр нэр дэвшигчийн штабын ухуулагчаас бусад хүн сонгуулийн тухай яриа хөөрөө хийхийг хориглочихсон байгаа. Уг хуулийн 70.3 дээр “Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслах, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэсэн заалттай. Хуулийн заалтыг энэ утгаар нь үзвэл таньдаг хүн, найз нөхөд, гэр бүлдээ сонгуулийн талаар ярихыг тас хориглочихсон байна. Монголын соёл иргэншлийн онцлог бол хүмүүс хоорондын аман яриа шүү дээ. Ялангуяа хөдөөгийн тойргуудад хотоос ирсэн хүний үгийг сонсоно гэх хандлага ажиглагддаг. Гэтэл ямар нэгэн байдлаар сонгуулийн тухай юу ч ярьж болохооргүй болж байна. Шинэ хуулиар хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан маш олон заалт бий. Нарийвчлан тоолоод үзэхээр сонгуулийн сурталчилгааг хязгаарласан, хэрэв зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэсэн 60 гаруй үйлдлийг заагаад өгчихсөн байгаа. Эдгээр заалтуудын нэлээд хэсэг нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн улс төрийн эрхэд халдсан заалт байна.

Тухайлбал ямар заалт байгаа вэ?

-“Бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах үйлдэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүхийн шийдвэргүйгээр зургаан сар хүртэлх хугацаагаар зөвшөөрлийг нь хаана” гэсэн байгаа. Мөн 70.1.6, 70.7-г зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гаргасан өдрөөс эхлэн зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ гэсэн байгаа. Цахим хуудас мөн ижил. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг зургаан сар хүртэлх хугацаагаар хаана гэдэг бол Монгол Улсын шилжилтийн 25 жилийн түүхэнд байгаагүй хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ухралт болсон заалт юм. Судлаачдын хувьд иймэрхүү жишгээр үйл ажиллагааг нь хаах арга хэмжээ цаашид хэвшил болоод үйлчилчих вий гэдэг айдастай байгаа. Өөр бусад хуулиуд ийм жишгээр явах вий гэсэн сэрэмж үүссэн. Хэрэв ингэсэн тохиолдолд Монголын хэвлэлийн эрх чөлөө боогдоно. Төр засгийн болон аль нэг улс төрийн намын эсрэг дуугарах хэвлэл байхгүй болно гэсэн үг. “Танай сайт хүнийг ингэж гүтгэсэн учраас танай байгууллагын үйл ажиллагааг зургаан сараар хаалаа” гэсэн шийдвэр гаргадаг болчихож магадгүй. Холбогдох байгууллагууд үзэмжээр ч уг асуудалд хандаж болох магадлалтай. Яаж гүтгэсэн, хуурамч мэдээлэл тараасан гэдгийг хэн нотлох вэ. Шүүхийн процесс орж ирэхгүй учраас лиценз олгодог байгууллага болон Шударга өрсөлдөөний газрын тухайн үеийн дарга, эрх барьж буй намын эрх ашиг шууд нөлөөлж магадгүй. Хэрэв энэ асуудлыг оруулах байсан бол шүүхийн дүгнэлтийг оруулах ёстой байсан. Ямар ч шүүхийн дүгнэлтгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хаах болчихоод байгаа юм. Орос, Беларус, Казахстан зэрэг улс хэвлэлийн эрх чөлөөгөө боогдуулж эхэлснийхээ дараа дарангуйлагч дэглэм тогтоодог. Яваандаа ийм зүйл рүү орчих вий гэх айдас байна.

Барууны улсад сонгуулийн сурталчилгаа хэрхэн явагддаг юм бэ?

-Барууны жишгийг харахаар сонгуулийн сурталчилгаа зарим улс оронд ямар ч хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг. АНУ-ын сонгуулийн практикийг харахаар нам ба нэр дэвшигч хугацааны хязгаарлалтгүйгээр бүтэн жилийн турш ч юм уу болдог. Германд телевизийн сурталчилгаан дээр тодорхой хэмжээний хязгаарлалт тавьдаг. Тэндхийн олон нийтийн телевизээр сонгуулийн сурталчилгаа үнэ төлбөргүй явагддаг. Сурталчилгааны цагийг намуудад тэгш хуваагаад өгчихдөг. Арилжааны телевизүүдийн хувьд төлбөртэй хэрнээ аль ч намд мөн л ижил тэгш үйлчилдэг. Бусад сонин, сэтгүүл, сайтын сурталчилгаа чөлөөтэй явагддаг. Харин азиуд сонгуулийн сурталчилгааг нэлээн хатуу чанга хязгаарлалт дор явуулдаг онцлогтой. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны өнгө аясад ази маягийн хатуу заалт орчихож гэж харж байгаа.

Сонгуулийн тухай хуулиар санхүүжилтийн асуудлыг ил тод болгосон гээд байгаа. Үнэхээр ил тод байж чадах болов уу?

-Сонгуулийн санхүүжилт, зарцуулалт, мөнгөн дүнг ил тод байлгана, нэг дансаар шилжүүлнэ гэх заалт бий. Хэрэв үнэхээр хэрэгжүүлж чадвал боломжийн заалт. Гэхдээ Монголын сонгуулийн түүхэнд намууд болон нэр дэвшигчид зарцуулалтын тооцоогоо хэзээ ч үнэн зөвөөр тайлагнаж байсан тохиолдол байхгүй. Зарцуулалт, санхүүжилтийн мөрөөр аудитын шалгалт оруулаад ямар нэгэн байдлаар хууль бус байгаа тохиолдолд нэр дэвшигчийг эргүүлэн татна гэх заалт байхгүй. Тиймээс тунхаглалын шинжтэй заалтууд олон байна гэж харж байгаа.

Өмнөх хуульд байгаагүй шинэ заалтууд хэр олон байгаа вэ?

-Сонгуулийн үеийн зурагт самбарууд болон гудамжны самбарыг нэр дэвшигчид үнэ төлбөргүй ашиглахаар заасан байгаа. Мөн сонгуулийн санал хураалт болох өдрөөс 24 цагийн өмнө бүх сурталчилгааны хуудас, самбарыг буулгадаг байсан бол энэ удаагийн сонгуулиар үлдээхийг зөвшөөрсөн.

Сонгуулийн өдөр сурталчилгааны хуудас гудамжаар дүүрэн байх нь сонгогчдод ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Сонгуулийн өдөр бүх сурталчилгааг буулгах ёстой гэх зохицуулалт байхгүй. Сурталчилгааны самбар, зурагт хуудас байж байхад нэг их буруудахгүй. Учир нь манай улсын сонгогчдын 30 орчим хувь нь сонгуулийн өдөр юм уу сүүлийн долоо хоногт хэнд санал өгөхөө шийддэг. Бүр санал өгөх кабинд орж байж хэнд санал өгөхөө шийддэг хүмүүс ч бий. Тэдэнд зориулсан мэдээлэл байнга харагдаж байх ёстой. Мөн шинэ хуульд интернэтийн сурталчилгааг нэлээн хязгаарласан. Хэрэв тухайн нэр дэвшигч, эсвэл иргэн хүн хэн нэгэн улстөрчийг гүтгэсэн, эсвэл бодит бус мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Хэрэв өөрийн цахим хуудсаар дамжуулан хэн нэгнийг гүтгэвэл “Хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хаана, иргэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн дүнгээр торгоно” гэсэн байгаа. Нэг нөхөр сонгуулийн тухай мэдээлэл тавьсныг та шэйрлэж олон нийтэд түгээхдээ тухайн сурталчилгааны эх сурвалжийг дурдахгүй бол торгуулна. Тэгэхээр фэйсбүүк хэрэглэгчид болон жиргээчид маань маш болгоомжтой хандахгүй бол торгуулийн арга хэмжээ авахуулж магадгүй. Сонгуулийн тухай хуулийн 83 дугаар зүйл бүхэлдээ интернэтийн сурталчилгааг зохицуулах гэж байгаа боловч үндсэндээ интернэтээр сурталчилгаа явуулахыг хориглосон заалт байгаа.

Шинэ хуулиар улс төрийн намууд нэгдэхээс аргагүй байдалд хүрч байгаа гэж ярьж байна. Нэг ёсондоо жижиг намуудыг парламентын гадна талд үлдээх хууль болсон гэж байгаа. Энэ тухайд?

-2012 оноос эхлэн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж байгаа. Энэ тохиолдолд намуудад улсын хэмжээнд авсан нийт саналын дүн дээр үндэслэж суудал хуваарилагдана. 2012 онд таван хувийн босго гэж байлаа. Тухайн үеийн сонгуулиар ИЗНН 5.51 хувийн санал авснаар хоёр суудалтай болсон. Харин энэ удаагийн сонгуулиар таван хувийн босго дээр нэмээд тухайн намын нэр дэвшигчид мажоритар тойрог дээрээ хамгийн багадаа нэг суудал авсан байх ёстой гэж давхар босго тогтоосон. Энэ бол нэг талаасаа өндөр босго мэт боловч нөгөө талаасаа жижиг намуудад бас нэгэн боломж гэж харж байгаа.

Ямар боломж вэ?

-2012 оны сонгуульд ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл хоёр намынхнаа жагсаалтаар их хуралд суудалтай болсон. Тэгвэл одоогийн сонгуульд намын гол лидерүүд тойрогт өрсөлдөж суудал авч чадвал дараагийн хүмүүсээ жагсаалтаар Их хуралд оруулж ирэх боломжтой.

Хэрвээ таван хувийн санал авсан мөртлөө тойргоос сонгогдож чадахгүй бол яах вэ?

-Тойрог дээр суудал авч чадахгүй байгаа тохиолдолд таван хувийн санал нь автоматаар бусад намд хуваагдах ёстой. Энэ заалт хуучин байгаагүй.

Эмэгтэйчүүдийн квотын тоог 30 болгосон ч гэлээ жагсаалтад эмэгтэйчүүдийг нэлээн хойгуур бичдэг. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Уг нь эмэгтэйчүүдийн квотын тоог 30 болгосон нь өмнөх сонгуульд байгаагүй дэвшил. Гэхдээ намын жагсаалтад эмэгтэйчүүдээ хойгуур эрэмбэлээд байдаг. Жишээлбэл, 30 квот байгаа тохиолдолд гурван хүн тутмын нэг нь эмэгтэй байхаар эрэмбэлэх ёстой. Гэтэл манайд эрэмбэлэх зохицуулалтыг нарийн тусгаагүй болохоор эмэгтэйчүүдийн 30 квот хоосон зүйл болж байгаа юм. 2012 оны намуудын жагсаалтын жишгээс харахаар эмэгтэйчүүд наймаас хойш эрэмбэлэгдэж байгаа. МАН-ын жагсаалтад 10 эмэгтэй багтсан мөртлөө эхний аравт ганцхан Д.Сарангэрэл багтсан. АН-д есөн эмэгтэй жагсаалтад багтсанаас долоод Р.Бурмаа, есдүгээрт М.Батчимэг нар эрэмбэлэгдсэн. Хэрвээ эмэгтэйчүүд есөөс хойш бичигдэж байгаа бол их хуралд орж ирэхгүй байх магадлал өндөр.

Бие даагч нарын хувьд ямар нэгэн хязгаарлалт, эсвэл давуу тал харагдаж байгаа юу?

-Бие даан нэр дэвшихийг учиргүй хязгаарласан заалт байхгүй. 2012 оны жишгээр л явна. Тухайн тойргийн сонгогчдын гарын үсгийг авсан, ямар нэгэн хууль шүүхийн болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хууль бус үйлдэлгүй бол бие даан нэр дэвшинэ. Бас нэг асуудал байгаа нь сонгуулийн тойрогтой холбоотой. Улсын их хурал иргэдийг төлөөлөх үү, газар нутгийг төлөөлөх үү. Энэ утгаараа нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх ёстой байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *