Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Энэ удаагийн сонгууль мэдээллийн өлсгөлөн, хоосон орон зайд өрнөж байна

МУБИС-ийн Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Саяхан Герман, Монголын судлаачид хамтран “Монгол Улс сонгуулийн жилд” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Уг хурлын үеэр ямар асуудал хөндөгдсөн бэ?

-Энэ хуралд сонгуулийн үйл явцын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, багш нар оролцсон. Миний хувьд “Монголын улс төрийн намуудын сонгуулийн кампанийн коммуникаци” сэдвээр илтгэл тавилаа. Монголын улс төрийн намууд сонгуульд хэрхэн оролцож байна, сонгуулийн кампанид ямар арга технологи хэрэглэж байна вэ гэдгийг хэлэлцүүлсэн. Ерөнхийдөө дэлхийн сонгуулийн чиг хандлага уламжлалт, орчин үеийн модерн гэсэн гурван чиглэлтэй байгаа. Манай улсын хувьд сонгуулийн сурталчилгаагаа уламжлалт кампанийн шинжтэйгээр явуулдаг нь судалгаанаас харагдаж байна. Зарим тойргийн хувьд уламжлалт соёл, шашин, ах дүү, хамаатан садны хэлхээ холбоо, нутгархах хандлага хүчтэй байдаг. Хотын болон бусад хэд, хэдэн тойрогт өрнөдийн технологи хэрэглэж байгаа. Гэхдээ ерөнхийд нь аваад үзвэл уламжлалт аргаар сонгуулийн сурталчилгааг хийж байна. Орон нутгийн тойргийн жишээн дээр нутгархах хандлага хүчтэй илэрдэг.

-Ийм хандлага мажоритар системээр сонгууль явагдах үед их ажиглагддаг биз дээ?

-Энэ жилийн хувьд жижгэрүүлсэн 76 тойрогтой учраас олны танил, эсвэл нутгийн хүү сонгогдох магадлал өндөртэй. Тийм нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны гол мессэж нь унасан газар, угаасан ус юм уу нутгийн хүү гэх үгс байдаг. Ийм мессэж 1992 оноос хойших бүх л сонгуулийн үеэр ажиглагдаж байгаа. Энэ жилийн тухайд улам бүр хүчтэй явагдаж байна. Мөн хамаатан садны хэлхээ холбоо Монголын сонгуулийн кампанид асар хүчтэй нөлөөлдөг. Төрд алба хашиж байсан эцэг эх, ах дүү хамаатан садныхаа нэрээр дараагийн үе нь гарч ирэх хандлага түгээмэл. Монголын соёл хамаатан садны, овгийн харилцаанд тулгуурласан уламжлалтай учраас улс төрийн сонгуульд ч гэсэн ураг төрөл, хамаатан садны хэлхээг ихээр ашиглаж байна. Ингээд үзэхээр Монголын улс төрд улс төрийн өв залгамжлал гэх нэр томьёо гарч ирж байгаа. Энэ жилийн сонгуулийн тухайд зарим тойрог дээр хамаатан садны маш олон хүн хоорондоо өрсөлдөж байгаа жишээ олон байна. Мөн намууд сөрөг сурталчилгааны үедээ үндсэрхэг үзлийг маш их ашигладаг болсон байна.

-Тухайлбал ямар жишээ байна вэ?

-Өрсөлдөгчөө хятадаас санхүүждэг, Хятадын эрлийз гэхчилэнгээр хэлдэг. Ийм сурталчилгаа анх 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч байсан юм. П.Очирбат Ерөнхийлөгчийг тухайн үедээ хятад гаралтай гэх сөрөг мессэж гаргаж байлаа. Тэрнээс хойш энэ арга улс төрийн сонгуульд ихээр ашиглагдах болсон байна. Нэг ёсондоо монголчуудын үндсэрхэг үзэлд тулгуурлан тоглолт хийж буй сурталчилгааны тактик. Түүнчлэн шашин болон шашны шинжтэй итгэл үнэмшлийг түгээмэл хэрэглэж байсан. Харин энэ жилийн сонгуулийн тухай хуулиар шашны ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Энэ бол нэг талын дэвшилт. Иймэрхүү уламжлалт хэлбэрийн сурталчилгаанууд их явагдаж байгаа. Үүнтэй зэрэгцээд зарим нам, нэр дэвшигчид орчин үеийн арга барилаар ажиллаж байна. 2016 оны гуравдугаар сард Улс төрийн коммуникацийн хүрээлэн “Сонгогчид ямар хүнийг сонгуулиар сонгох вэ” гэх сэдвээр судалгаа хийсэн байдаг. Үр дүнгээс нь харвал иргэдийн амьдрал ахуйг сайн мэддэг хүн олон хүний санал авна гэдгээр тэргүүлсэн байгаа юм. Гэхдээ энэ судалгаа хот, хөдөөд харилцан адилгүй. Зарим аймгийн хувьд нутгийн хүнийг нэн тэргүүнд сонгоно гэсэн бол хотод ийм үзүүлэлт доогуур бичигдэж байна. Гэхдээ эхний 1-5 шалгуурт нутгийн хүн гэх фактор жагссан. Тухайлбал, зарим аймгийн сонгогчид “Манайхаас сонгогдсон УИХ-ын гишүүн нутаг орондоо тодорхой ажил хийгээгүй. Гэхдээ манай нутгийн хүн учраас дэмжинэ. Явуулын, эсхүл гадны хүнийг дэмжихгүй. Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр” гэх жишээтэй. Харин нийслэлийн тойргууд дээр тийм хандлага харилцан адилгүй.

-Энэ жилийн тухайд сонгогчдын ирц ямархуу байх бол?

-Сонгогчдын ерөнхий динамикийг өнгөрсөн зургаан удаагийн чиг хандлагаас харахад иргэдийн сонгуулийн оролцоо улам бүр буурч байгаа. Сонгуулиас сонгуулийн хооронд ирц 5-6 хувиар буурч байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65.7 хувьтай байсан.

Энэ жилийн тухайд нийт сонгогчдын 60-61 хувь нь саналаа өгөх байх. Энэ тоо их харамсалтай санагдаж байгаа юм. Яагаад гэхээр нийт сонгогчдын 40 хувь нь сонгуульд саналаа өгөхгүй байх нь. Иргэдийн дунд “Та яагаад сонгуульд саналаа өгсөнгүй вэ” гэх судалгаа явуулахад “Аль ч нам гарсан ялгаагүй төрийн мөнгийг идэж ууж, авлига авч таарна” гэдэг. Эсвэл улс төрд итгэл алдарсан, огт сонирхохгүй тохиолдол гарч байна. Залуу сонгогчдын тухайд бичиг баримтын зөрчилтэй, эсвэл ажилтай байсан учраас амжаагүй гэдэг. Энэ мэтээр сонгогчдын ирц улам бүр багасаад байвал Монголын ирээдүйд сөрөг нөлөөтэй. Хэдий чинээ цөөхөн хүн саналаа өгнө, тэр хэрээр цөөхөн сонгогчдын саналаар төр засаг бүрдэнэ. Сонгогчдын оролцоо бага байхын хэрээр жижиг тойрогт олны танил, тухайн аймаг орон нутагтаа танигдсан хүн л гарч ирдэг. Өнгөрсөн сонгуулийн үеэр л гэхэд хамгийн бага сонгогчдын саналаар гарч ирсэн гишүүн Б.Наранхүү байлаа шүү дээ. Тэрээр 7000 хүний саналаар ялалт байгуулсан. Уг нь ардчиллын гол механизм нь олонхын саналаар, олуулаа хэлэлцэж байж төр засгаа сонгох учиртай. Тиймээс СЕХ-ноос эн тэргүүнд анхаарах зүйл бол сонгогчдын ирцийн асуудал. Хоёрдугаарт, сонгогчдын боловсролыг дэмжих асуудлаар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна.

-Сонгогчдын ирцийг идэвхжүүлэхийн тулд ямар арга хэрэглэж болох вэ?

-Дэлхийн жишгээс харахад сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд хоёр янзын арга хэрэглээд байна. Нэгдүгээрт, урамшуулал буюу сонгуульд оролцсоны төлөө хөхиүлэн дэмждэг арга. Тухайлбал, татварын хөнгөлөлт эдлүүлэх ч юм уу төрөөс авах үйлчилгээний үед хөнгөлөлт үзүүлдэг. Хоёрдугаарт, санал өгөөгүй бол торгууль хүлээлгэдэг. Ийм жишээ Австрали зэрэг улсад бий. Тухайн улсад иргэд нь сонгуульд санал өгөх үүрэгтэй байдаг. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгоно гэх заалтыг сонгуулийнхаа хуульд тусгасан жишээ олон. Манай улсын тухайд шууд торгоно гэхээс илүүтэй янз бүрийн хөнгөлөлт үзүүлж болж байна. Тухайлбал, банкнаас зээл авахад сонгуульд саналаа өгсөн эсэх нэг гол шалгуур болох ёстой. Мөн татварын хөнгөлөлт үзүүлж болно. Ялангуяа залуу сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх янз бүрийн урамшуулалт арга хэмжээ авмаар байгаа юм. Харамсалтай нь энэ жил СЕХ-ны үйл ажиллагаа хангалтгүй байна. Яагаад гэхээр 2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хууль маш төвөгтэй хууль болсон. Улс төрийн нам, нэр дэвшигч, бие даагчдад ойлгомжгүй байгаа. Тэр бүү хэл СЕХ нь хуулиа тайлбарлаж чадахгүй байна. Сонгуулийн сурталчилгааны 17 хоногт сонгуулийн сурталчилгаа маш хязгаарлагдмал нөхцөлд, хуулийн ихээхэн дарамт дор явагдаж байгаа юм. Миний тооцоолж буйгаар сонгуулийн тухай хуулийн 80 орчим заалт хариуцлага хүлээлгэх тухай байгаа. Маш олон тохиолдолд нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах, их хуралд сонгогдоод түр үнэмлэхээ авсан үед түүнийг нь цуцлах гэхчилэн олон заалт бий. Мөн сурталчилгааны маш энгийн мөртлөө жижиг акц дээр СЕХ гацаад байсан. Тухайлбал, нам ба нэр дэвшигчдийн ухуулагчид намын логог хэрэглэх үү, сурталчилгааны үед лед дэлгэц хэрэглэж болох уу гэхчилэн асуултад СЕХ тайлбар өгч чадахгүй байсан. Уг нь ардчиллын тогтсон жишгээр хуульд заагаагүй бүхэн зөвшөөрөгдөнө гэдэг байлаа. Гэтэл шинэ хуулиар хуульд заагаагүй бүхэн хууль бус үйлдэлд тооцогдоно гээд заачихсан. Тиймээс энэ жилийн сонгууль маш хязгаарлагдмал, хэцүү нөхцөлд явагдаж байна. Нам, нэр дэвшигчид бүү хэл судлаачид хүртэл хэлж ярих, мэдээлэл өгөх бүртээ ямар нэгэн хууль зөрчих вий гэх дарамттай байгаа. Олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр ийм дарамт хэдийнэ үүсээд явж байна.

-Одоогийн байдлаар тодорхой болсон тохиолдол байна уу?

-Зарим аймагт хэн нэгэн иргэн Засаг даргаа муулсан асуудлыг өөрийн фэйсбүүк хуудаснаа шэйрлэтэл намайг гүтгэлээ гээд шүүхэд өгчихсөн байж байна. Гэтэл тухайн иргэн хуулийн нарийн заалтыг мэдээгүй л явж байх жишээтэй. Иргэн мэдээлэлгүй байсны улмаас шүүхэд дуудагдаж байна. Энэ бүхэн сонгогчдын мэдээлэл авах эрхийг хаан боогдуулж байгаа юм. Уг нь сонгогчдын ирц байнга буурч байгаа тохиолдолд сонгогчдод олон талын мэдээллийг хүргэж байж санал өгөх боломжийг нээж өгөх ёстой. Гэтэл зурагт, сонины сурталчилгаа их хязгаарлагдмал байдлаар явагдаж байна. Дээр нь интернэт орчинд элдвийн зүйл шэйрлэх, коммент бичих боломжгүй болж байгаа. Мөн хуулиар зөвшөөрөл олгосон этгээд буюу штабын ухуулагчид сонгуулийн сурталчилгаа хийнэ гээд заачихсан. Тэгэхээр иргэд бие биетэйгээ сонгуулийн талаар, нэр дэвшигчдийн тухай асуудал ярьж болохгүй гээд хуульд заачихсан. Гэх мэтчилэн монголчуудын онцлогт таараагүй хуулийн заалтууд их бий.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нэр дэвшигчид олонд танигдах боломжийг хаачихсан байгаа?

-Сонгуулийн хуулиар бүх нэр дэвшигчийн хэвлэмэл материалд хэмжээ заагаад өгчихсөн. Мөнгөтэй нэр дэвшигч их хэмжээний сурталчилгаа хийгээд мөнгөний сонгууль болчихож магадгүй гэх болгоомжлол байсан. Гэсэн хэдий ч энэ нь иргэдийн мэдээлэл авах боломжийг хязгаарлаж байна. Ер нь сонгуулийн тухай шинэ хууль Япон, Солонгосын өндөр зохицуулалттай, хатуу хуулийг тэр чигээр нь хуулаад авчихсан мэт харагдаад байгаа юм. Солонгосын парламентын сонгуулийн сурталчилгаа 14 хоногт хязгаарлагдмал байдлаар явагддаг. Гэтэл өрнө дахинд сонгуулийн сурталчилгаа маш чөлөөтэй, нээлттэй орчинд явагдаж байна.

Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 1.5 жил гаруйн хугацаатай болдог. Ингэж байж иргэд, сонгогчдодоо танигдан сонголт хийх боломжийг өгдөг юм. Гэтэл манайх шиг ардчилсан нийгэмд шилжээд 26 жил болж буй улсад Япон, Солонгосын хатуу хууль тохирохгүй байна. Ер нь сонгууль болоход 10 гаруйхан хоног үлдчихсэн байхад нийт сонгогчдын 35-40 орчим хувь нь хэнд санал өгөхөө шийдээгүй байна. Уг нь өмнөх сонгуулиар өдийд сонгогчдын 80 гаруй хувь нь шийдвэрээ гаргасан байдаг. Яагаад шийдээгүй вэ гэхээр мэдээлэл аваагүй, намуудын мөрийн хөтөлбөртэй танилцаагүй байна. Мөн иргэд улстөрчдөд итгэх итгэлгүй болсон байна гэж дүгнэж байгаа. Ерөнхийдөө мэдээллийн өлсгөлөн, хоосон орон зайд сонгууль болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *