Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн захидлаа гурав дахь удаагаа хүргүүлжээ. Энэ мэдээг Ц.Мөнхбаярын хүү Эрдэнэ, Г.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нар хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдлээ. Тэд “Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн өргөдлийг хоёр удаа илгээсэн. Тэрбээр өнгөрсөн онд өөрийн гараар бичсэн өргөдлөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хүргүүлсэн. Гэтэл үүнийг Ерөнхийлөгч мэдээгүй гэж хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Ерөнхийлөгчид хандсан хоёр захидлыг тэр хүн мэдээгүй байна гэхээр үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар хайнга хандсан гэж үзэж байна. Энэ бүгдийг эргэн харж, Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарт уучлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Энэ бол олон мянган иргэний хүсэл. Тэднийг суллахыг иргэд маш ихээр хүсэж байна” гэж онцоллоо.