Categories
мэдээ улс-төр

Ц.Гарамжав, Х.Нямбаатар нар Швейцарийн ЭС-тай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн,
УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, УИХ дахь
Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Х.Нямбаатар нар өнөөдөр
/2016.11.04/ Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён
Жан-Жак де Дардел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их
Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав
ноён Элчин сайд Жан-Жак де Дарделтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд
өнгөрөгч наймдугаар сард УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын найрамдлын
бүлэг 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсаныг танилцуулав.

Тэрбээр үргэлжлүүлэн
“Манай улс ШХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улс төр, эдийн засаг, соёл,
боловсрол, хүнс, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүхий л салбарт бэхжүүлэх,
өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдаг. Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны
агентлагаас хэрэгжүүлдэг олон төсөл Монголын нийгэм, эдийн засаг төдийгүй ард
иргэдийн амьдралд мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлдэгт сэтгэл хангалуун байдаг. Цаашид
эдгээр төслүүд үргэлжлэн хэрэгжихээр болсонд баяртай байна” хэмээн хэлсэн
үгэндээ онцолсон юм.

Швейцарийн Холбооны
Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жан-Жак де Дардел Улсын Их Хурлын
гишүүдийг найрсаг дотноор хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд УИХ дахь
Монгол-Швейцарийн парламентын найрамдлын бүлэг байгуулагдсан нь хоёр орны
харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл хэмээн үзэж буйгаа
тэмдэглэв.

Монгол Улсын сүүлийн 20
гаруй жилийн турш хөгжүүлж ирсэн ардчилал, засаглалын тогтолцоо амжилттай
байгааг ноён Элчин сайд онцлоод Швейцарийн Холбооны Улсын зүгээс засаглал тэр
дундаа орон нутгийн удирдлага, хариуцлагын тогтолцоог сайжруулахад хамтран
ажиллахад бэлэн байгааг уламжлав. Мөн хоёр орны харилцааг өргөжүүлэхэд цогц,
олон талт хамтын ажиллагааны зарчмыг баримтлах нь зүйтэй. Байгаль орчинд
ээлтэй, тогтвортой хөгжлийн өндөр технологийг салбар бүрд нэвтрүүлэх нь эдийн
засаг, бизнесийн хувьд ч, улс орны хөгжлийн бодлого, хүн амын эрүүл мэндэд ч ач
холбогдолтой болохыг ноён Элчин сайд Жан-Жак де Дардел цохон тэмдэглэсэн юм.

Уулзалтын үеэр талууд
соёл, шинжлэх ухааны салбараар дамжуулан хоёр орны хамтын ажиллагааг
эрчимжүүлж, уран бүтээлч, эрдэмтэн судлаачдын солилцооны хөтөлбөрт хамруулах,
улс орноо таниулан сурталчлах, Швейцарийн Холбооны Улсад суралцах Монгол оюутны
тоог нэмэгдүүлэх, Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагаас
хэрэгжүүлсэн “Нэг цэгийн үйлчилгээ”-ний хөтөлбөрийг үргэжлүүлэх зэрэг асуудлаар
ярилцаж, санал солилцлоовв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *