Categories
мэдээ нийгэм

Ц.Галбаатар: Айлууд өдрийн цагаар гэрэл асааж амьдарч байна

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а байрны оршин суугчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд 247 өрх амьдардаг 12а байрны хажууд буюу есөн метрийн зайд таван давхар барилга баригдаж буйтай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлэв. Тус барилга нь хоёр байрны иргэдийн нар үзэх эрхийг хаагаад зогсохгүй 11-р хорооллын нийтийн бохирын шугам дээр зөвшөөрөлгүй барьж байгаатай холбоотой аж.

Энэ талаар 12а байрны оршин суугч Ц.Галбаатар хэлэхдээ “Энэ барилга баригдсанаар хоёр байрны 240 гаруй оршин суугч нар, салхи үзэж чадахааргүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Ингэхдээ хууль зөрчиж барилга барьж байна. 2012 онд анх эсгий гэр, жорлон бүхий хашаа байж байгаад сэндвичэн байшин болсон. Одоо таван давхар барилга болон сүндэрлэж байна. Энэ барилгын ажлыг Э.Бат-Үүл 2015 онд хотын засаг дарга байхдаа оршин суугчдын гомдлоор зогсоож байсан. Гэвч тухайн барилгын эзэд шүүхээр явсны эцэст барилга барих зөвшөөрлөө сэргээлгэсэн. Үүний дараа хоёр байрны оршин суугчдын гомдлын дагуу 2017 онд Нийслэлийн засаг дарга С.Батболд мөн л тэдний захирамжийг хүчингүй болгосон. Гэвч барилгын эзэн н.Батбаатар дахин шүүхээр сэргээлгэсэн. Одоогийн байдлаар 32 айл өдрийн цагаар гэрэл асааж амьдарч байна. Иймд Нийслэлийн засаг дарга С.Батболд холбогдох албаныхан үүрэг даалгавар өгч энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай байна. Чадахгүй гэвэл өөрөө огцрох хэрэгтэй. Үүнд хамгийн ноцтой нэг асуудал бий. Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтөр захиргааны хэргийн анхан шатны шүүхээс оршин суугчдад хэлэлгүйгээр материалаа буцааж авсан байдаг. Давж заалдана гэж хэлсэн ч утсаа хаагаад алга болчихсон. Энэ хүн ямар учраас засаг даргынхаа гаргасан захирамжийг буцаан татаж авав гэдэг нь эргэлзээтэй байна. Бид энэ хүнийг АТГ-т өгч шалгуулна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *