Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж:Шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая Өршөөлийн хуулийн талаар үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй.

Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид – УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй.

Дээрхи үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *