Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Нэг хүн мэдэгдэл хийгээд ард түмний сэтгэл зүйгээр тоглодгоо болих хэрэгтэй

УИХ-ын гишүүд тойрч суугаад “Зөвхөн үнэнийг хэлнэ” гэсэн тангарагийг хэлүүлэх хэрэгтэй. Тэгээд тэр нээлттэй сонсголыг орон даяар дамжуул. Нэг хүн мэдэгдэл хийгээд ард түмний сэтгэл зүйгээр тоглодог энэ юмаа болих хэрэгтэй. Над руу хүмүүс бичиж байгаа. Та үүн дээр байр сууриа илэрхийлээч. Ц.Нямдоржийн мэдэгдлийг үзээд манай аавын даралт нь ихсээд уначихлаа. Ингэж ард түмний сэтгэл зүйгээр тоглох хэрэг байна. Энэ мэдээллийг ингэж өгөх хэрэгтэй. Өмнөх Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хуйвалдсан, нуусан гээд байгаа бол тэр хуралдааны тэмдэглэлийг ил болгох хэрэгтэй. Засгийн газар их удаан байна. Байгуулагдаад маргааш нь л шийдэх ёстой байсан. Засгийн газрын хаалттай хуралдаанаар шийдээд хэвлэл мэдээлэлд ил болго. Эрдэнэтийн 49 хувьтай асуудлыг шийдэхийн тулд чулуу бүхнийг эргүүлж хар. Ийм эрх мэдэл Ц.Нямдоржид байгаа. 65 гишүүнийг төлөөлсөн УИХ-ын дэд дарга хүн шүү дээ. Сая би 5 хууль дээр хориг тавихад эд нар зүгээр дараад л буцаачихаж байгаа биз дээ. Надаас илүү эрх мэдэл Ц.Нямдоржид байгаа шүү. Та нар суудлыг нь хүртэл хараарай. Жаран таван суудлын хамгийн эхэнд нь ар тал нь өндөр сандал дээр сууж байгаа. Тэр бол зүгээр өндөр суудал дээр суулгах гэсэн юм биш. Энэ хүн бол энэ 65 хүнийг төлөөлж монголын дөрөв дэхь том албан тушаал дээр очсон хүн шүү гэдгийг харуулж байгаа юм. Бас нэг төрт ёсны тийм нэг зүйл байна. Хариуцлагатай байх ёстой. Эд нарт бүх эрх мэдэл нь байгаа. Би УИХ, Засгийн газраас Эрдэнэтийн асуудал оруулж ирвэл хориг тавихгүй. Ямар нэг шаардлага тавихгүй. Хууль бус янз бүрийн асуудал гарвал би байр сууриа илэрхийлнэ. Ер нь Эрдэнэтийн хамгийн том хяналтыг Эрдэнэтэд ажиллаж байгаа 6000 хүн хэрэгжүүлдэг юм шүү дээ. Тэрний өмнөөс Эрдэнэт үйлдвэрийг хэрүүлийн бузар болгож хэрэггүй. Тэгж байгаад Эрдэнэт үйлдвэрээ бүр тасдаж унагавал яах юм бэ. ЗХУ-ын үед Эрдэнэтийг ашиглалтанд анх оруулж байхад 30 жилийн настай гэж байсан. Одоо хоёр жилийн дараа 40 хүрэх гэж байна. Энэ үйлдвэр маань өвгөрч байна. Зэсийн баяжмалын хэмжээ нь буурч байна. Үнэхээр Эрдэнэтэд олон жил ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд хамаг хэцүүг нь үүрч яваа. Ийм өвгөрч байгаа үйлдвэрийг хойд хөрш стратегийн сонирхол гээд хадгалаад байх сонирхол байхгүй ч байж болно. Бусад шинэ төслүүд дээр хамтарч ажиллая гэж бодож байгаа байх. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр дээр төрийн дэмжлэг ч хэрэгтэй хувийн дэмжлэг ч хэрэгтэй. Тэр янз бүрийн татвар энэ тэр гээд асуудал байдаг. Би тэрийг сайн мэднэ. Манай бүх үеийн Засгийн газар мөнгө нь дутаад ирэхээр “Алив Эрдэнэтээс авъя, ирэх жил өгөх татвараа урьдчилаад өгчих, мөнгө хэрэгтэй байна, та нар үйлдвэрээ тавиад банкнаас зээл аваад өгчих” гэж ирсэн. Би хувийн 49 хувь орж ирж байгааг ямар ч хяналтаас илүү хяналт орж ирлээ л гэж бодож байгаа. Хувийн 49 хувь орж ирвэл тэр шахааны машиныг явуулах уу. Дахиад хэн нэг албан тушаалтны гарт өгмөөр байна уу. Ард түмэн бол бутархай мөнгийг тоолдог. Би ард түмний хяналтанд өгмөөр байна. Олон улсын стандартад нийцсэн засаглалтай болгох хэрэгтэй. Санхүү, худалдан авалт, нягтлан бодох бүгд шилэн болох ёстой. Яах гэж ингэж хоёр гурван сар хүлээсэн юм бэ. Ингэж ард түмний брэнд үйлдвэрээр тоглож болохгүй.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *