Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Ээжийгээ баярлуулахаас өөр том буян энэ хорвоод байхгүй

Төрийн ордонд 1000 ээжийн чуулга уулзалт болсон юм. Тус баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, ээжүүдэд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр “Ээжийгээ баярлуулахаас өөр том буян энэ хорвоод байхгүй. Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол зөвхөн тэд ярих ёстой биш Монголын асуудал. Эх, хүүхдийн асуудалд Монголын төр анхаарч газар бүрт ярих ёстой. Эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо хүргэж байдаг бүх байгууллагуудад баярлалаа

Монгол Улс энэ жил гурван сая дахь иргэнээ хүлээж авлаа. Монголчууд 27-28 жилийн хугацаанд хүн ам нэг саяар нэмэгдээд байгаа. Цаашид гурван сая гэдэг тоон дээр Монголын хүн ам өсөн нэмэгдэж байх болно. Монголын дөрөв, тав дахь сая иргэн ойрхон байгаа гэж бодож байгаа.
Олуулаа болохын тулд эх хүүхдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө жил бүр дэвшил гарган ажиллах ёстой. 1983 онд дундаж наслалт 63 байсан бол өдгөө 69 болж нэмэгдлээ. Аливаа тэмдэглэлт баярыг архи дарс, хэрүүл зодоон, маргаангүй тэмдэглэх санаачилга хэрэгжиж эхэлсэнд баяртай байгаа. Ээж, эхнэр, хүүхдээ баярлуулахын тулд хамгийн муу зуршлаасаа салах хэрэгтэй.
Гэр бүлийн хүчирхийлэлд хүн бүхэн анхаарч үр дагаварыг арилгах ёстой. Аймаг, сум, баг бүрт статистик тоог гаргаж үүнийг багасгахын тулд олон ажил хийнэ. Хүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж зорьж байгаа. Гэр бүлийн уур амьсгал тайван сайхан байж гэр бүлийн уур амьсгал сайхан болох ёстой. Ээжүүд, аавууд, бодлого гаргаж буй хүн бүр хүнлэг байх ёстой. Хүнээс өөрөөс нь хамгаалах нийгэм учраас сайн алхам бүрийг дэмжих ёстой.

Дөрвөн настай охин саяхан амиа алдсантай холбоотой иргэд зул барьж хүчирхийлэлгүй амьдрах, хүүхдээ хайрлах, бие бие рүүгээ гар далайхгүй байхыг уриаллаа. Иргэд өөрсдөө санаачлаад зул барьж нэгдснээрээ хүнлэг нийгмийн зөв алхам байлаа. Ээжийн дуу гарсан газар үргэлж эмх цэгц тогтож байдаг гэж би хэлэх дуртай. Амьдрал болсон хойно алаг эрээнтэй, болж бүтэхгүй янз бүр л байгаа. Ядарч зүдэрч яваа нэгэндээ туслаж харж үзэж өөдөн татаж дэмжлэг үзүүлэх нь хүний нийгмийн мөн чанар юм аа.

Нэг хүүхэд зодуулж, зүдэрч яваа, асрах газар байгааг хараад үнэхээр сэтгэл өвдөж байгаа бол гэртээ авчраад амьдралыг нь залгатал тэтгэж дэмжээрэй. Өөрөө төрүүлээгүй ч гэсэн бусдын газар зовж яваа бусдын хайр дутаж байгаа хүүхдийг хүн болгоод зөв замд оруулбал том буян. Хүнээр хүн хийнэ гэдэг хэцүү ажил. Сэтгэл зүрх өвдөж байгаа бол ийм алхамыг боломжтой айл өрх бүр хийгээрэй. Муу зүйлийг муу зүйлээр эмчилж чадахгүй. Хүчирхийллийн эсрэг сайн зүйл хийж сайхан сэтгэл гаргаж чадвал үр дүнд хүрнэ.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг даруйхан гаргаж авах хэрэгтэй. Гудамжинд яваа хэн нэгнийг алгадчихад гэмт хэрэг болдог. Гэртээ эхнэрээ зодчихсон байхад ахуйн зөрчил гээд орхидог буруу жишиг сэтгэлгээ байж болохгүй. Үүнийг адилхан гэмт хэрэгт тооцох ёстой. Гэр бүлийн хүчирхийллийг өөхшүүлэхгүй гэдгээ Монголын төр хатуу хэлэх ёстой. Ингэхийн тулд хойшлоод байгаа энэ хуулийг хаврын чуулганд би өөрөө өргөн барина. Юу хийхээ ээжээсээ асуу, юу хэлэхээ ааваасаа асуу гэж Монголчуудын минь хэлдэг сайхан үг бий. Эмэгтэйчүүдээсээ асууж асуудалд хандах нь бидний хийх ажил. Нэг өдөр бус өдөр бүр ээж, эмэгтэйчүүд, охидуудаа баярлуулж яваарай. Эмэгтэйчүүд, ээжүүд минь үргэлж баярлаж явах болтугай” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *