Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Дөлгөөнтэнгис:Монгол сатын тавган антен ашиглаж гар утасны сүлжээгүй газраас ч фейсбүүк хэрэглэж болно DNN.mn

“MONGOLSAT”-ын зүгээс шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Тэдний зүгээс Монгол орны хаанаас ч гурвалсан үйлчилгээ хүлээж авах боломжийг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа аж. Тодруулбал хиймэл дагуулаар дамжуулж өргөн нэвтрүүлгийн олон суваг үзэх, суурин утсаар ярих, интернэт хэрэглэх боломжийг нээж өгчээ. Өөрөөр хэлбэл эх оны хойд хязгаар Монгол Шарын давааны өвөрт хаваржиж буй малчин өрх Монгол сатынтавганантеныг ашиглаж хотын төвийн өрхтэй ижил хэмжээнд мэдээлэл хүлээн авч болох нь. Утсаар ярихын тулд сүлжээтэй суурин барааддаг хоцрогдсон тогтолцоог халахаар дээрх үйлчилгээг нэвтрүүлжээ. Шинээр нэвтрүүлээд буй үйлчилгээний талаар “Монгол сатнетворкс” ХХК-ийн дэд захирал Ц.Дөлгөөнтэнгистэй ярилцлаа.


-Монгол сатын зүгээс хэрэглэгчдэдээ шинээр гурвалсан үйлчилгээг санал болгож байгаа юм байна. Хаанаас ч интернэтэд холбогдох боломжийг нээж өгч байна гэв үү?

-Бидний зүгээс “Нүүдэл” үйлчилгээг гуравдугаар сарын 15-ны өдөр нэвтрүүлсэн. Одоогоор хэрэглэгчдэд мэдээлэл хүргээд явж байна. Үүнийг товчхон хэлэхэд интернэт, телефон утас, телевизийн үйлчилгээ хиймэл дагуулаар дамжиж хэрэглэгчдэд хүрнэ гэсэн үг. Үүний гол давуу тал нь Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдоод, телевизийн олон суваг хүлээж авах боломж бүрдэж байгаа юм. Гар утасны сүлжээ хүрээгүй байршлаас л интернэт хэрэглэж, утсаар хаашаа ч холбогдох боломж бүрдэж байна. Жишээ татаад хэлэхэд хилийн хязгаар нутагт ч тэр, Алтайн өвөр говьд ч хаваржиж буй малчин өрх гэрийн гаднах жижигхэн тавган антенаараа дамжуулаад л телевиз, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг авах боломжтой болсон. Сансрын хиймэл дагуулаар дамжиж байгаа учраас гар утасны сүлжээ хүрээгүй газраас л гурвалсан үйлчилгээг хүлээж авна гэсэн үг.

-Нийслэлээс алслагдсан малчин өрх энэ үйлчилгээг хаанаас яаж авч болох вэ. Танай салбар 21 аймагт бий юу?

-Эхний ээлжинд Улаанбаатарт байрлах төв оффисоороо дамжуулж хэрэглэгчдэд хүргэж ажиллаж байна. Сонирхсон хэн бүхэн Монгол сатын төв оффис дээр ирж гэрээ байгуулаад тоног төхөөрөмжөө суурилуулах заавраа аваад явж болно. Гурвалсан үйлчилгээг гэртээ суурилуулахад Монгол сатын кабелийн антен тохируулахтай яг ижилхэн. Үүнийг гэртээ суурилуулахад мэргэжлийн инженер байх шаардлагагүй. Угсрах зөвлөгөөгөө авч очоод л гэрийнхээ гадаа суурилуулна. Энэ үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлээд удаагүй байгаа ч хэрэглэгчид зогсоо зайгүй сураглаж байна.

-Гурвалсан үйлчилгээг хүлээж авах төхөөрөмж нь ямар үнэтэй вэ?

-Технологи нь хиймэл дагуулаар дамжиж байгаа учраас шилэн кабель, гар утсаар дамжуулж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг бодвол өртгийн хувьд бага зэрэг өндөр тусч байна л даа. Бидний зүгээс гаднаас түрээсэлж хүлээж авч байна. Энэ бүхний өртөг, зардлыг шингээгээд хамгийн боломжийн үнийг л хэрэглэгчдэдээ санал болгож байгаа юм. Гол давуу тал нь энэ үйлчилгээг Монгол орны хаана ч ашиглах боломжтой. Хэрэгцээтэй үед датагаа аваад л интернэт ашиглана. Гурвалсан үйлчилгээний иж бүрдэл төхөөрөмж маань 3 сая 391 мянга төгрөгийн үнэтэй.

Энэ нь айл өрхийн хэрэглээнд зориулсан. Үүнийг нэг удаа худалдаж аваад л хэрэглээд явна гэсэн үг. Одоогоор манайхаас хот айл, өнөр айл гэсэн хоёр багцыг хэрэглэгчдэд санал болгож байгаа. Нэг нь сарын 180 мянган төгрөгийн үнэтэй. Нөгөөх нь сард 80 мянган төгрөг төлөөд гурвалсан үйлчилгээ авах боломжтой. Дээрх багцыг дата, гар утасны нэгж, телевизийн сувгийн үйлчилгээ дагалдана. Үнээсээ шалтгаалаад өөр хоорондоо ялгаатай. Нүүдэл үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор манайхаас бүтэн жилийн хугацаанд сар бүр 3GB дата хэрэглэх, өргөн нэвтрүүлгийн 23 суваг үзэх, 3000 нэгж бэлэглэж байгаа. Энэ дата дуусвал гар утаснаасаа хэрэглээнд тохирсон датагаа худалдаад авах боломжтой.

-Дата нь ямар үнэтэй вэ?

-Датаны тухайд хоногоосоо хамаараад үнэ нь өөр өөр. Жишээ нь гурав хоног хэрэглэх 1GB дата л гэхэд 10000 төгрөг. 25 хоног хэрэглэх 10 GB дата 80000 төгрөг. Гар утсандаа Монгол сатын аппликейшн татаад хэрэглээндээ тохирсон дата худалдаад авчихна. Гэхдээ багцад дагалдах дата дууссан тохиолдолд л нэмэлт дата авна гэж ойлгох хэрэгтэй.

-Гурвалсан үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэн өрх сард ойролцоогоор хэдэн төгрөг төлж үйлчилгээ авах вэ?

-Өөрийнхөө хэрэглээнд тохируулна гэвэл манайхаас санал болгож буй 80000 төгрөгийн багцыг сонгож болно. Үүнд 10GB дата, 5000 нэгж, 997 дугаар сувгийг үзэх эрх дагалдана. Тухайн хэрэглэгч хэрэглээгээ үүнд тохируулаад явахад илүү зардал гарахгүй гэж ойлгож болно.

-Малчин иргэдийн тухайд спорт тэр дундаа үндэсний бөхийн төрлийг шимтэж үздэг. Одоогоор үндэсний бөхийг зөвхөн Premier sports сувгаар нэвтрүүлж байна. Малчид маань амралтын өдрийн бөхийн барилдааныг Монгол сатаар дамжуулж хүлээж авах ямар боломж байна вэ?

-Манайх одоогоор Premier sports сувгийг монгол саттай холбохоор харилцаанд ороод явж байна. Удахгүй Монгол сатаар дамжуулах Premier sports суваг гарах байх аа. Ингэснээр хөлбөмбөгийн аваргуудын лиг, английн премьер лиг, NBA-ийн тоглолтуудыг цаг алдалгүй шууд хүлээж авах боломж бүрдэнэ. Мэдээж үндэсний бөхийн барилдаануудыг хүлээж авч үзэх боломжтой болно.

-Гурвалсан үйлчилгээг хүлээж авахад router хэрэг болно. Эрчим хүчгүй нөхцөлд энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Нарны зайндаа холбоно. 12-оос 220 вольт болгох хувиргуурыг хөдөөгийн айл бүр хэрэглэгддэг болсон шүү дээ. Нарны зайндаа холбоод л хөргөгчөө залгаад, зурагтаа хардаг болсон. Үүндээ router холбоод л гурвалсан үйлчилгээгээ хүлээж авч болно. Ингэснээр интернэтэд холбогдохын тулд заавал сүлжээтэй газар хайж сумын төв бараадах биш, хязгаар нутагт байгаа хэн бүхэн дэлхий нийттэй хөл нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр утгаараа цахим үндэстэн болоход том алхам ойртлоо гэж манай зүгээс харж байгаа юм. Тэр замыг нь бид тодорхой хэмжээнд засаж өглөө.

Дээр дооргүй цахим үндэстэн гэж ярьж байгаа ч малчид маань харилцаа, холбооны дэд бүтцээс хаягдаж, үлдчихээд байлаа шүү дээ. Бидний үндсэн зорилго тэр улсад л хүрэх байсан. Мэдээллээс хоцрохгүй хамт хөгжих боломжийг нь бүрдүүллээ. Малынхаа бэлчээрээс л хаана ч байгаа ах, дүүстэйгээ холбогдож болох нь. Харилцаа холбооны дэд бүтцээс хаягдсан залуус маань хот сууриныг барааддаг жишиг тогтоод байлаа. Монгол сатыг хэрэглэснээр энэ үзэгдэл цэгцэрнэ гэж харж байна даа.

-Монгол сатын даац ямар вэ. Нийт малчдын хэдэн хувийг хангах боломж та бүхэнд байна вэ?

-Тооцоо судалгаагаа хийгээд гаргасан л даа. Цаашид ч илүү өргөтгөөд явах бүрэн боломжтой. Сүүлд нь хэлэхэд хэрэглэгч 3 сая 391 мянга төлж төхөөрөмж аваад эхний 12 сарын хугацаанд ямар нэгэн багц авахгүйгээр хэрэглээд явах боломжтой. 13 дахь сараасаа 80000 болон 180000 төгрөгийн багцаас сонголт хийнэ. Тодотгоод хэлэхэд урамшуулалд 3GB дата, 3000 нэгж дагалдаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *