Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Дэлгэрням: Дэнзэн биеийн байдал нь маш хүнд байхдаа өлсгөлөн зарлачихлаа

-Г.Дэнзэнг онц ноцтой гэмт этгээдүүдтэй нэг камерт 80 хоног байлгахдаа АТГ-аас хоёрхон удаа байцаалт авсан-

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асанГ.Дэнзэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. ТэрбээрШШГЕГ-ын харьяа Урьдчилан саатуулах 461 дүгээр хорих төвд хоригдоод 80 хонож байгаа юм. Г.Дэнзэн хорих ангидаа өнгөрсөн баасан гаригаас нойтон өлсгөлөн зарлаад байгаа. Энэ талаар түүнийөмгөөлөгч Ц.Дэлгэрнямтайярилцлаа.

Г.Дэнзэн өлсгөлөн зарласан гэсэн. Ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэн өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу 2015 оны наймдугаар сарын 7-ноос нойтон өлсгөлөн зарласан. Өөрөө “Хуурай өлсгөлөн зарлана, би өөрийнхөө болон бусад эрх нь зөрчигдөж хоригдож байгаа хүмүүсийн төлөө өлсөнө. Шударга үнэний төлөө миний амь нас үрэгдэх надад хайран биш. Гол нь ардчилсан улсад үнэн, шударга ялах ёстой учраас өлсгөлөн зарлахаар шийдлээ” гэсэн. Бид яаж ч учирлаад өлсгөлөн зарлахыг нь болиулж чадаагүй. Эрүүл хүн юуг ч бүтээж, амжуулж, ялж чадна гэж олон удаа хэлж ятгаж байгаад арай гэж нойтон өлсгөлөн болгуулсан. Хэзээ шингэн юм уухаа болихыг бид хэлж мэдэхгүй. Биеийнх нь байдал маш хүнд, тус хорих төвийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээгээ зогсоогооч, шударга үнэнийг олооч гэсэн шаардлага тавьж байгаа.

Г.Дэнзэнг саатуулах хугацааг ямар үндэслэлээр сунгасан бэ. Хэд дэх хоногтоо хоригдож байна вэ?

-2015 оны долдугаар сарын 15-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүхээс цагдан хорьж, мөрдөх хугацааг сунгах тухай захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1, 69.3 дугаар зүйл заалтад заасныг үндэслэн манай үйлчлүүлэгч Дэнзэнг хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр дээрх захирамжийг гаргасан гэж байгаа. Гэхдээ ингэж сунгаснаар ямар үр дагаварт хүрч байна вэ гэхээр нэгдүгээрт, манай үйлчлүүлэгч сэтгэл зүйн маш хүнд байдалд байгаа, хоёрдугаарт биеийн байдал нь хүнд, нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэх хэмжээнд хүрсэн байгаа.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй зэрэг эрхүүд нь зөрчигдөж байгаа юм. Цаашлаад үйлчлүүлэгч маань 0-3 насны хүүхэдтэй. Хүүхдийнх нь эрх давхар зөрчигдөж байгаа. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн долдугаар зүйлийн 7.1-д заасан “Эцэг, эхийгээ боломжийн хэрээр мэдэх”, “Эцэг, эхийнхээ хайр халамжийг хүртэх, мэдрэх”, хүүхдийн хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байна гэх мэт эрхүүд ноцтойгоор зөрчигдөж байна. Мөн Дэнзэнгийн аав өндөр настай. Хүүгээ хоригдсоноос хойш нойргүй болчихсон, хоол идэхгүй, хүнтэй юм ярихаа больсон байдалтай, биеийн байдал нь хүнд байгаа. Учир нь гал голомтыг нь залгах ганц хүү нь Дэнзэн.

Гуравдугаарт, Г.Дэнзэн өмнө нь элэгний халдварт гепатит өвчнөөр гурван удаа өвчилж, эмчилгээтэй байсан. Үүний улмаас элэгний хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, хоолны болоод эрүүл ахуйн байнгын дэглэм сахидаг байсан. Гэтэл урт хугацаагаар цагдан хоригдсоны улмаас хоолны дэглэм алдагдаж, орчин нөхцөл нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үүний дээр өөр олон өвчлөл нэмэгдсэн нь тогтоогдоод, нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлага тулгараад байгаа. Тодруулбал, хоолойны үрэвсэл, ходоодны шарх, хеликобактеритай болсон нь тогтоогдсон. Сүүлийн өдрүүдэд үйлчлүүлэгчийнхээ биеийн жинг үзэж амжсангүй. Хамгийн сүүлд буюу зургадугаар сарын 22-нд жинлүүлж үзэхэд 461 дүгээр хорих ангид саатуулагдахад орсноосоо есөн килограмм жин алдсан байсан. Биеийнх нь байдал ийм хэмжээнд хүрээд байхад гадуур байцааж яагаад болдоггүй юм бэ. Манай үйлчлүүлэгч хэргийн бодит байдлыг тогтооход ямар нэг саад учруулаагүй, ямар ч идэвхтэй үйлдэл гаргаагүй. Жишээ нь, хэн нэгэнд захиа дамжуулж, үгсэн хуйвалдаагүй. Харин ч АТГ-ын мөрдөн байцаагчдад маш хүндэтгэлтэй хандаж, асуултад нь үнэн бодит мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн байдлаар гурав дахь сардаа хоригдож байна. Хэргийн үнэн бодит мэдээллийг олох боломжит хугацаа хангалттай өнгөрсөн.

Мөрдөн байцаалт ямархуу явагдаж байна вэ. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа байцаалт авсан бэ?

-АТГ-аас Дэнзэнг хориод 78 хоногийн хугацаа өнгөрсөн ч хоёрхон удаа байцаалт авсан. Нэг удаад нь сэжигтний байдлыг танилцуулж, нөгөөх нь яллагдагчийн үүднээс мэдүүлэг авсан. Намайг Дэнзэнгийн өмгөөлөгч болсноос хойш хоёр удаа л мэдүүлэг авсан гэсэн үг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа учраас бидэнд хуулийн дагуу хавтаст хэргийг танилцуулаагүй байна.

Эрүү үүсгэсэн зүйл ангийг тодорхой хэлж өгөөч?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 153-т зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, сэжигтэн болон яллагдагчаар татсан байгаа.

Дэнзэн эмнэлэгт хэвтсэн гэсэн. Эмчлүүлж байхдаа өлсгөлөн зарласан юм уу?

-Биеийнх нь байдал өдөр ирэх тусам муудаж байгаа. Цахим сайтуудаар бичсэн байсан учраас би хэлж байгаа юм шүү. Үйлчлүүлэгч маань 461 дүгээр хорих ангийн А-гийн гурвын 28 гэдэг дугаарын камерт гурван хүний хамт хоригдож байгаа. Нэг нь халдварт гепатит өвчнөөр өвдөж, эмнэлэгт эмчлүүлээд эргэж ирсэн байсан. Нөгөөх нь хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүн байсан. Тэр хүн нь үйлдсэн хэргийнхээ талаар нэлээд дэлгэрэнгүй хэд хэдэн удаа ярьсан байдаг. Үүнээс болоод манай үйлчлүүлэгчийн сэтгэл санаа нэлээд гутралд орсон нь ажиглагдсан. Хэцүү нөхцөл байдалд байгаа. Сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөлд байхаас гадна эрүүл мэндийн хувьд маш хүнд байгаа. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд гэм буруугүйд тооцно гэдэг. Гэтэл ийм хэмжээнд хүртэл нь хорьж байна. Үйлчлүүлэгчийг маань заавал үхлүүт болгож байж асуудлыг шийдэх, гаргах шаардлага байхгүй. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмтэн юм шиг хандаж, элдэв мэдээлэл гаргаж байгаад гомдолтой байгаа.

Албан тушаалын хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг хүн амины ноцтой хэрэг үйлдсэн хүнтэй хамт хорихыг хориглосон зүйл заалт байдаг юм уу?

-Энэ бол 461 дүгээр хорих ангийн дотоод журмын асуудал. Давтан үйлдэлтэй хүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнтэй хамт хорьдоггүй. Мөн онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг сэжиглэгдэж байгаа хүнтэй хорих нь зохимжгүй. Энэ талаар хуулийнхан ч ярьдаг. Уг нь Б төрлийн камерт төрийн албан тушаал хашиж байхдаа сэжиглэгдэж буй хүмүүсийг хорих ёстой. А төрлийнх нь 91.2 буюу хүндрүүлэх бүлэгтэй хүний амь насанд хүрсэн хүмүүстэй хамт хорьж байгаа нь буруу юм. Учир нь хамт хоригдож байгаа хүмүүс нь цаазаар авахуулах хэмжээний ял сонсч болохоор гэмт хэрэг үйлдсэн хүмүүс.

Дэнзэнг сонинд ярилцлага өгсний маргааш АТГаас гэрээс нь очиж баривчилсан байдаг. Ингэхдээ эхнэрийнх нь хамаатны гэрт хүртэл нэгжлэг хийсэн гэдэг. Энэ үнэн үү?

-Дэнзэнгийн орон байранд үзлэг, нэгжлэг хийсэн байдаг. Мөн гэр бүлийнх нь хүний нэр дээр байдаг ч Дэнзэн болон гэр бүл нь амьдардаггүй, хамаатных нь орон сууцанд үзлэг нэгжлэг хийсэн байдаг. Тус орон сууцанд амьдардаг хамаатнуудынх нь орон байрны халдашгүй байдал, захидал харилцаа зэрэг олон эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. одоогоор энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авч чадаагүй байна. Мөн орон байрных нь түлхүүрийг өгөлгүй, Дэнзэнгийн эхнэр, хүүхэд гэртээ орж чадахгүй олон хоносон. АТГ-аас саяхан гэрийнхээ түлхүүрийг ав гэж надаар дамжуулуулсныг уламжилж хэлсэн. Энэ нь мөн л Үндсэн хуульд заасан тодорхой эрхүүдийг зөрчсөн явдал.

Таны хувьд үйлчлүүлэгчтэйгээ холбоотой байцаалт болон бусад ажиллагаанд хэрхэн оролцож байна вэ?

-Миний хувьд хууль сахиулж буй албан хаагчдад хүндэтгэлтэй хандаж байгаа. Мэдүүлэг, байцаалт өгөх өдөр нь цаг тухай бүрт нь очиж ажиллаж байна. Нэг хүний хэлсэн үгийг би зориуд иш татмаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хувь хүний эрх чөлөө бол манай ардчиллын тулгуур чулуу юм аа. Монголчууд эрх чөлөөнд хайртай. Учир нь бид түүнийг нөр их хөдөлмөрийн үр дүнд олж авсан юм. Аливаа чөлөөт орны төр засаг цөөн хэдэн хүний өмч биш” гэж Европын парламентын чуулганд хэлсэн. Гэтэл Дэнзэн гэж хувь хүний эрх чөлөөг хэн, ямар үндэслэлээр хязгаарлаад, хэн булаагаад байна вэ. Ямар нэг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдоогүй байхад энэ хүнийг яагаад цагдан хориод байгаа юм бэ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 63.2, 70 дугаар зүйлийн 70.1-д таслан сэргийлэх арга хэмжээ авахад юу юуг харгалзан үзэх вэ гээд заасан байдаг. Тодруулбал, тухайн хүний гэр бүл, ажил албан тушаал, эрүүл мэндийн байдал гээд бүх зүйлийг харгалзан үзэх ёстой. Гэтэл манай үйлчлүүлэгчид энэ зүйл заалтуудыг харахгүй байна вэ. Эндээс би хуулийнхан цагдан хорих арга хэмжээг тухайн иргэнийг ямар нэг гэмт хэргийг “Би үйлдсэн” гэж хэлүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаад байгаа юм биш биз гэж эргэлзэхэд хүрч байгаа.

Дашрамд нь, би үйлчлүүлэгчийнхээ үгийг бас олон нийтэд дамжуулж хэлмээр байна. Тэрбээр “Шударга шүүх, ардчилсан төр хүний эрх эрх чөлөөний баталгаа болдог төдийгүй тухайн улс орны эдийн засгийн хөгжлийн нэг хөшүүрэг болдог. Шударга шүүх тухайн орныхоо эдийн засгийн 10 гаруй хувийг авч явдаг. Өөрөөр хэлбэл, шүүх болоод шүүгч шударга байвал энэ бүхэн бий болдог гэсэн үг. Тэгвэл манай улсын хувьд шударга шүүх, шүүгч хэр олон юм бол. Шүүхийн шинэчлэлийн тухай сүүлийн үед их ярьж байгаа. Хэлбэр, агуулгын аль талаас шинэчлэл явагдаж байна вэ гэх хүн олон байна. Өөрөөр хэлбэл, ялгааг нь олж харж, үнэлж чадахгүй байна. Уг нь хослох ёстой. Үүнийг эрхэм шүүгч, шүүхийн ажилтнууд анхааралдаа аваасай гэж хүсч байна. Мөн Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагын ажилтан, алба хаагчид АТГ-ын далайсан газар далд орж, далласан газар ил гардаг болчихсон юм биш биз дээ. Надад өөрийн эрхгүй ийм эргэлзээ төрөөд байна” гэдгийг дамжуулж өгөхийг хүссэн. Мөн цагдан хорих арга хэмжээг авч байгаа ажилтнууд уг арга хэмжээг зүгээр л үйлдвэрлэж байна. Хэн хүснэ тэр бүрт захирамж үйлдэж өгдөг байдал газар авсан юм биш биз гэж байсан. Одоохондоо энэ бүгдийг өөрөө хэлэх боломжгүй байгаа учраас та дамжуулж өгөөрэй гэсэн юм.

Өлсгөлөн зарлаад ч ямар нэг шийдвэр, хариу ирэхгүй бол яах вэ?

-Би дээр хэлсэн. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэсэн Үндсэн хуулийн зарчим байдаг гэж. Тиймээс Дэнзэнг гадуур байцаах бүрэн боломжтой. Энэ талаар шат шатны байгууллагад хандаж байна. Гол нь энэ хүн гэм буруутай үйлдэл, үг хэл гаргаагүй. Цагдан хорих захирамж гаргасан эрх бүхий хүмүүс Дэнзэнг гадуур байцаах бүрэн боломжтойг мэдэж байгаа. Хэрвээ гадны улс руу явчихна гэж сэрэмжилж байгаа бол хилээр гарах хориог нь тавьчихаж болно. Эсвэл эд хөрөнгө барьцаалан таслан сэргийлэх арга хэмжээг зогсоох боломжтой. Манай үйлчлүүлэгч нөхцөл байдал ийм болчихсон байхад оргон зайлж, хүндрэл учруулах хүн биш. Өндөр ухамсартай хүн учраас үнэн зөвийг олохын тулд өлсгөлөн зарлачихаад байж байна.

Монголчууд цөөхүүлээ шүү дээ. Гэтэл хүний нэр хүндэд хэтэрхий бүдүүлгээр хандах байдал маш их байна. Гэм буруутай нь нотлогдож, шүүхээр тогтоогдоогүй байхад “Энэ хүн ийм юм идсэн. Тэгсэн, ингэсэн” гээд л зарлаж, хэвлэлээр бичүүлээд байгаа нь маш харамсалтай. Гэм буруугүй нь тогтоогдоод ч энэ сэв амархан арилахгүй. Одоо хүртэл нарлахаар гаргахад нь хоригдож байгаа хүмүүс “Дэнзэн тэгсэн ингэсэн” гэж элдэв үгээр хэлж, дайрч байгаа тухай үйлчлүүлэгч маань надад ярьж байсан. Цагдан сэргийлэх төвийг гэмт хэрэг хүлээлгэх арга хэрэгсэл битгий болгооч. залхаан цээрлүүлж, өвчтэй болгож, гэр бүл, ах дүү хамаатныг нь давхар битгий яллаач ээ гэж хүсмээр байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *