Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Чинтөгс: Өдөрт багадаа дөрөв, ихдээ 12 цаг шууд дамжуулалт хийдэг


Сошиалаар стрийм хийдэг Streamer “CTS” буюу Ц.Чинтөгстэй ярилцлаа.


-“Стрийм” гэж яг юуг хэлж байна вэ, энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Шууд дамжуулалтыг л стрийм гэж байгаа юм. Миний хувьд тоглоом тоглож түүнийгээ шууд дамжуулдаг. Үзэгчидтэйгээ шууд харилцаатайгаар сэтгэл хөдлөл, үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр.

-Хэзээнээс стрийм хийж эхэлсэн бэ?

-Яг гурван жил нэг сар болж байна. 2018 оны зул сарын баярын өдөр анхны стриймээ хийсэн. Анх тэмцээний шууд дамжуулалт хийж тайлбарладаг байсан. Хэдэн сарын дараагаас өөрөө тоглож, стрийм хийж эхэлсэн.

-Яагаад стрийм хийх болов?

-Гаднын стриймийг зургаа, долоон жил үзэж байна. Эхэндээ гаднынхан л хийдэг, гоё юм гэж боддог байсан. Тэмцээний тайлбарлагч хийгээд би өөрөө хийж болох юм байна гэсэн сэдэл авсан. Багаасаа компьютер тоглоомонд дуртай хүүхэд байсан л даа. Миний хувьд энэ бол шинэ зүйл биш, үздэг байсан зүйлээ л хийж эхэлсэн. Тоглоомоо хийдэг хүн болно гэж боддог байсан ч яг үнэндээ тоглодог л хүн байсан юм билээ. Сүүлд олж мэдсэн (инээв).

-Ямар тоглоомууд тоглодог вэ?

-Би утсан дээр огт тоглоом тоглодоггүй. Байж болох бүх компьютерийн тоглоомуудыг тоглосон. Би барууны тоглоом, мэдээллийг үзэх дуртай. Тийм болохоор үздэг юмаа л тоглодог. Манай улсын айл бүр компьютертой байх боломжгүй учраас утасны тоглоом их байдаг. Хэрвээ “PubG Mobile” тоглоомоор стрийм хийсэн бол илүү амжилттай явах байсан байх. Гэхдээ сонирхдоггүй ээ.

-Таны бодлоор Монголын хамгийн сайн “Streamer” хэн бэ?

-Би.

-Стрийм хийж эхэлснээс хойш таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарав?

-Би уг нь хичээлдээ сайн, дүүрэг, олон улсын медальтай, Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурч байсан. Польш улсад сурч байгаад сэтгэлээр унаад буцаад ирсэн юм. Тухайн үед сайн охинтойгоо үерхэх, гадаадад сурах гэсэн хоёр том мөрөөдөлтэй байсан. Хоёуланг нь биелүүлээд, алдсан. Сэтгэлийн хямралд орж Монголдоо ирэхэд дуу цөөнтэй, өдөрт 100 үг л хэлдэг байсан байх. Ээждээ Монголд үргэлжлүүлж сурч байгаа гэж худлаа яриад стрийм хийж эхэлсэн. Үүнийг хийснээр хүмүүст тоглоомоо тайлбарлаж, ярьж байхдаа би яг л сэтгэл зүйчтэй уулзаж байгаа юм шиг мэдрэмж авдаг болсон. Яваандаа өөрийгөө илэрхийлж, үзэгчид маань надад дуртай болж би ч тайвширч эхэлсэн. Урьд нь өөртөө дургүй байсан. Сэтгэл дотор бугласан зүйлсээ бага багаар гаргаад, амьдрах, илүү сайжрах хүсэлтэй болсон.

-Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ?

-Огт дэмждэггүй, тоглоомоо боль хичээлээ хий гэдэг байсан. Эхний удаа тэтгэлэгт хоёрдугаар шатандаа унасан юм. Тэр үед ээж “Чи долоо хоногийн тоглоом тоглодог нэг өдрөө хичээлээ хийсэн бол тэнцэх байсан” гэж хэлдэг байсан. Тухайн үед би долоо хоногийн зургаан өдөр 12-13 цаг хичээлээ хийж, нэг өдөр нь амардаг байлаа. Ээжийн хувьд байж болох хамгийн муу, муухай зүйл бол тоглоом байсан. Ээж жил орчмын өмнөөс энэ бол миний ажил гэдгийг хүлээн зөвшөөрсөн, ээжээсээ илүү орлоготой болж тусдаа гарсан.

-Нууц биш бол сарын орлого хэд вэ?

-Ойролцоогоор гурван сая гаруй төгрөг.

-Таны стриймийг өдөрт дунджаар хэдэн хүн үздэг вэ?

– Зарим үед 1000-1500 хүн, дунджаар 500-600 хүн үздэг.

-Ажилдаа өдөрт хэдэн цагийг зарцуулдаг вэ?

-Стрийм хийж эхэлж байхдаа орлогогүй, сургуульгүй гэрийн ажлаа хийж дүүгээ хооллож, сургуульд нь хүргээд бусад бүх цагийг стриймдээ зарцуулдаг байсан. Хоёр жил гаруй маш их хичээсний үр дүнд одооноос арай багасч байна. Одоогоор өдөрт 8-10 цагийг л зарцуулж байгаа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач…

-Юу ч болж байсан өмнөх ажлаа л хамгийн сайнаараа хийе гэж боддог. Стриймер болох хүсэлтэй хүүхдүүдэд зориулж ямар нэг ажил хийнэ. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй л байна. Эхлээд өөрийгөө илүү сайжруулахыг хичээж байна.

-“100-ийн хайр”-д тоглож байсан гэсэн. Реклам, кинонд тоглох санал ирж байна уу?

-“100-ийн хайр”-д богино хэсэгт орсон. Рекламанд тоглох санал ирдэг. Нэг удаа кинонд тоглох санал ирсэн, би айдаг гэх юм уу. Постер зургаа ч хийж чадахгүй кино олон байна, тийм киноны хэсэг болохыг хүсдэггүй. Гэхдээ жүжигчин нь жүжигчнээ хийж, стриймер нь стриймерээ хийсэн нь дээр гэж боддог.

-2020 онд сондгой тоотой саруудад стриймээрээ хандив цуглуулж байсан. Одоо үргэлжилж байгаа юу?

-Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард “Шамбала 2056” төсөлд 142 модны таван жилийн усалгаа, арчилгаанд таван сая төгрөг хандивласан. Одоогоор хандивын ажлаа 10 сая болгоод түр зогсоосон байгаа. Үргэлжлүүлбэл илүү томоор, өргөн цар хүрээтэй хийх байх. Компьютер тоглоом гэхээр харанхуй нүхэнд pc-нд донтчихсон хүмүүс гэдэг ойлголт түгээмэл байдаг. Хүмүүсийн буруу ойлголтыг өөрчлөхийн тулд хандив цуглуулахыг санаачилсан. Стрийм хийснээр хүн орлоготой болж, сайн үйлсэд нэгнийгээ уриалж чаддаг гэдгийг харуулах гэж эхэлсэн. 2020, 2021 онд “Ид шидийн орон”-д төрсөн өдрөөрөө 24 цагийн турш стрийм хийж 640 мянган төгрөг хандивлаж байсан. Мөн “Азтай савар амьтанд хайртай залуус”-ын нэгдэл, “Эрдэм” сайн дурын байгууллага, Цусны төв зэрэг газарт зургаан удаагийн нийт 2.5 сая орчим төгрөг хандивласан. Хамгийн гол нь их мөнгө хандивлахдаа биш, хандивын аян, тусалж болохоор газрууд байдаг гэдэг мэдээллийг хүмүүст өгөх нь чухал шүү дээ.

-Таны ютүб суваг 140 мянган захиалагч, фэйсбүүк хуудас 247 мянган дагагчтай. Ихэнх стриймерүүдийн ютуб суваг орхигддог нь ажиглагдсан. Өдөрт хэдэн цагийг сувгуудаа хөгжүүлэхэд зарцуулдаг вэ?

-Миний ажил зөвхөн стрийм хийх биш. Өдөрт багадаа дөрөв, ихдээ 12 цаг шууд дамжуулна. Дуусаад 3-4 цаг бичлэгээ монтажлаад ютубдээ байршуулдаг.

Үргэлжлүүлээд үзэгчдийн илгээсэн зургийг сошиал хуудаснаа оруулна гээд стрийм хийж дууссанаас хойш 3-5 цаг зарцуулдаг. Ямар нэг нууц жор байхгүй, зүгээр л өнөөдрийг хүртэл бүх ажлаа өөрөө тогтмол хийсний үр дүн. Одооноос л хүн цалинжуулах хэмжээнд хүрч байна. Зарим ажлыг хүнд даатгахгүй бол их ядарч байна.

-Стриймер болох хүсэлтэй залууст юу гэж зөвлөх вэ?

-Чи чадна л гэж бодож байвал чадна. Эхний хэдэн жил их ажиллана, гэхдээ гоё л доо. Стриймерүүдийг ажиглахад зүгээр тоглох л дуртай юм шиг санагддаг. Бичлэгээ монтажлах, стриймээ сайжруулахын тулд судалгаа хийх хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *