Categories
мэдээ нийгэм

Ц.Бямбасүрэн: Энэ сарын 10-11-нд мод тарих талаар иргэдэд сургалт хийнэ

Энэ сарын 13,14-нд бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож буй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнгээс энэ талаар тодрууллаа.


-“Мод тарих үндэсний өдөр” сарын аян өрнөж байна. Энэ хүрээнд салбар яамны зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?

– Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарих сарын аяныг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Ерөнхийлөгчийн зарлигт “Бүх нийтээр мод тарих өдөртэй байна” гэж зарласан. Энэ ч утгаараа манай яамны зүгээс жил бүрийн V, X сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг бүх нийтээр мод тарих өдөр болгож хэвшүүлж чадсан.

Энэ жил тавдугаар сарын 13, 14-нд “Мод тарих өдөр”-ийг зохион байгуулахаар юм. Энэ өдрийг угтаж сарын турш хэд хэдэн чухал арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулж байна. Тухайлбал “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” МҮЭСТО-нд болж байна. Бид тодорхой хугацаанд мод тарьж байгаа ч ургуулах, арчлах тал дээр хангалтгүй байгаа нь иргэдийн мод тарих мэдлэг, туршлага хомс байгаатай холбоотой гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс бүх нийтээр мод тарих өдрийг угтан аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар, бусад мэргэжлийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна. Бүх нийтээр мод тарих өдрүүдэд хэн хаана ямар мод тарьж болох вэ гэсэн чиглэлүүдэд ажил зохион байгуулна.

-Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд яамны зүгээс ямар шалгуур тавьж байгаа вэ. Чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлснээс болж тарьсан мод ургахгүй байх тохиолдол байдаг шүү дээ?

-Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд мэргэжлийн байгууллага хяналт тавина. Сайн дураараа мод тарих сонирхолтой иргэдийг стандартын тарьц суулгацаар хангах нь чухал. Стандартын шаардлага хангасан гэдэгт үндэсний систем нь хэр хөгжилтэй байна вэ, гарал үүслийн хувьд мод үржүүлгийнх байна уу гэх зэрэг нарийн зүйлс хамаардаг. Өмнө нь уулнаас мод ухаад ч юмуу, их хэмжээгээр хууль бусаар импортын тарьц суулгац оруулж ирэх тохиолдол гардаг байсан юм билээ. Энэ нь эргээд тарьсан мод нь амьдрах чадваргүй, тухайн орчиндоо зохицохгүй байх хүндрэл дагуулдаг. Иргэд маань ногоон л байвал тарьц сайн ургана гэж боддог. Гэтэл нахиа нь дэлгэрээд задарчихсан, тайван байдлаасаа гарчихсан үед тарьцыг суулгах нь ургахгүй байх нэг шалтгаан болдог. Тиймээс худалдаалж байгаа тарьц суулгацанд хяналт тавина.

Бид жил ирэх бүрт л туршлагажиж, мод тарих ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд бүхий л асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Тухайлбал, Монгол орны газар зүйн байршил, ургамал ургалтын хугацаа баруун урдаасаа зүүн хойшоо чиглэж явагддаг. Ургамал ургалтын хугацаа эрт эхэлдэг говийн аймгуудад мод тарих ажил эхэлсэн бол хүйтэн аймгуудад бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ жил ургамал ургалт эрт эхэлж байгаа учир тарьц суулгацууд удахгүй нахиа нь задраад суулгах боломжгүй болчихно. Тэгэхээр тарьц суулгацаа зориулалтын байранд хадгалж байгаа.

-Үзэсгэлэнгээс суулгац тарьцаа авах нь илүү баталгаатай юу?

-Улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа учраас баталгаатай. Энэ үеэр иргэдэд зөвлөгөө өгөх булан ажиллана. Аж ахуйн нэгж болон иргэн мод авахаасаа өмнө хаана, ямар мод тарих гэж байгаа болон хэрхэн арчлах талаар зөвлөгөө мэдээлэл авч болно.

Хаана мод тарих боломжтой вэ?

-Нийслэлийн хувьд нийтээрээ очоод мод тарья гэхээр төвлөрсөн байршил одоогоор байхгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 970 га-д хэрэгжинэ. Түүнийх нь 170 гаруй га газрынх нь зураг төсөл хийгдчихсэн байдаг. Хөрс, агаарын чанарын байдлын судалгааг хийсний үндсэн дээр зураг төслийг хийдэг. Төв гудамжаар төлөвлөлтгүй улиас тарьсан байна төлөвлөлтгүйгээр мод тарина гэдэг нь буруу. Сошиалаар иргэдэд энэ талын мэдлэг мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ.

Иргэдэд сургалт зохион байгуулж байгаа гэсэн үү?

-Манай яамны зүгээс мэргэжлийн хүмүүс мод тарих хүсэлтэй иргэдэд зориулж, хашаагаа хэрхэн төлөвлөх, тарьц суулгацаа хэрхэн сонгох, цаашид модоо яаж арчлах талаар сургалт зохион байгуулах ажлыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран нэлээд өргөн хүрээнд зохион байгуулж байна. Хамгийн эхний сургалтаа Чингэлтэй дүүргийн иргэдэд хийсэн. Иргэд маш идэвхитэй оролцож, мод тарих чиглэлийн мэдлэг, мэдээллийг нарийн цэгцтэй авлаа гэдгээ илэрхийлж байсан.

Дараагийн сургалтууд маань 10, 11-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 09-12, 13.30-16.30 цагийн хооронд болох гэж байгаа учир энэхүү сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийнхээ байгаль орчны мэргэжилтэнд хандах эсвэл Нийслэлийн байгаль орчны газарт хандсанаар суух боломжтой болох юм. Салбарын яамнаас мэргэжлийн хүмүүсээр энэ сургалт зохион явуулж байгаа юм.

-Хөдөө орон нутагт Мод тарих өдрийг хэрхэн зохион байгуулж байна вэ?

Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт мэргэжлийн чиглэл өгсөн. Ойн тухай хуулийн 31.1.2-т бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд мод тарих газрыг сум дүүрэг, баг хорооны Засаг дарга сонгож, цаашдын арчилгааг нь зохион байгуулахаар үүрэгжүүлсэн заалт бий. Энэ хүрээнд Засаг дарга нараа салбарын яамнаас арга зүйгээр дэмжиж ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аймаг нийслэл сум дүүргийнхээ хэмжээнд байгуулах гэж байгаа бичил цэцэрлэгтээ модыг ямар схемээр тарьж болох вэ гээд загвар зураг төслөө боловсруулаад хүргүүлж байгаа юм. Нэгэнт бий болгосон ногоон байгууламжийг хэрхэн арчлах ёстой вэ мэргэжлийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдэг дээр Засаг дарга нарт чиглэл өгсөн байгаа.

-Мод тарьсан ч арчилж, ургуулна гэдэг амаргүй?

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Мод тарихаас эхлээд байгаль дэлхийгээ хамгаалах ажлыг дан ганц албаныхан хийдэг юм шиг ойлголт бий болчихож. Бүх нийтээр мод тарих өдөр өөрийн биеэр мод тарих боломжгүй иргэн бүр нэг модыг арчилж хамгаалах зардлыг хандивлана гэсэн хуулийн заалт байдаг. Өөрийн биеэр мод тарих боломжгүй юм уу газаргүй иргэд олон байгаа. Тэр хүмүүсийн мөнгийг хуримтлуулсан мөнгөөр талбайг арчлах боломжтой гэж би хувьдаа үздэг. Хаана, хаанаа сэтгэл гаргаж, эх дэлхийгээ ногооруулах буянтай үйлсэд хувь нэмрээ оруулаасай.

-Сайн дураараа мод тарих гэж байгаа иргэдэд хандаж мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?

-Мод тарихдаа таван жилийн дараа ямар хэмжээтэй болсон байх вэ гэдгийг төсөөлж төлөвлөөд модоо тарих ёстой. Жишээлбэл, орон сууцанд амьдардаг айл цонхныхоо доор улиас мод тарьчихаад таван жилийн дараа хоёр гурван айлын цонхыг хааж ургах жишээтэй. Мөн цонхныхоо доор ялаа, шумуул, хортон шавьж цуглуулдаг үнэртэй жимсний мод тарьчихвал хэцүү. Нөгөө талаас хүүхдийн тоглодог тоглоомын талбайд өргөстэй мод таривал буруу. Иймээс нэгдүгээрт нь модоо зөв сонгох, төлөвлөх хэрэгтэй.

Эмнэлэг сургууль цэцэрлэгийн хашаа мод тарихад илүү тохиромжтой. Яагаад гэхээр эдгээр газруудад хяналт тавих боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *